АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн хамт олны Австрали Улсын засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” нь олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдгээр шалгарлаа.
Энэхүү шагналыг АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Г.Золсайханд Энэтхэг улсын Хидербад хотноо 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр гардууллаа.
АМГТГ-йн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ, мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд МонГеоКат системийг хөгжүүлж байгаа билээ. Геологийн мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх нь хайгуулын явцад гарах эрсдлийг бууруулж, хөрөнгө оруулалтыг татах гол нөхцөл болдог.
Энэ систем нь АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн техниологийн төвд хадгалагдаж байгаа мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой 2 бүрэлдэхүүн хэсэгтэй, нэгдсэн систем юм.
1.ВебГМС систем нь орон зайн дүн шинжилгээ хийдэг ArcGIS программд суурилсан, цахим сүлжээний орчинд орон зайн хайлт хийх боломжтой газарзүйн мэдээллийн систем юм. Энэ системийн орчинд орон зайн хайлт хийж, төрөл бүрийн суурь зураг,жижиг дунд масштабын геологийн зургууд, сансрын зураг, ашигт малтмалын ордуудын байршил, Google-ын суурь зургууд болон бусад мэдээлэлтэй танилцах боломжтой.
2.Метадата- каталоги систем нь орон зайн мэдээллийн каталоги хийхэд хэрэглэдэг GeoNetwork программ дээр суурилсан, геологийн мэдээллийн тухай хураангуйг хайх систем юм. Энэ системээс уг мэдээллийн зохиогч, эзэмшигч, хэмжээ, хэлбэр, хэлний сонголт бусад мэдээлэлтэй хэрхэн холбогддог, хайгуултай холбоотой мэдээлэл, байрзүйн холболттой эсэх, хандалтын зэрэглэл болон бусад мэдээллийг харах боломжтой юм.