Монгол цэргийн музей “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзэсгэлэнгийнхээ хэсгийг шинэчилжээ. Монгол цэргүүдийн энхийг дэмжих ажиллгаанд гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа, түүхэн сургамжийг харуулсан үзмэрүүдээ шинэчлэх төслийг боловсруулсан ба энэхүү төслийг АНУ-ын Элчин сайдын яамнаас дэмжиж, ажил хэрэг хэрэг болгосон байна. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг нь энэ ажээ. “Иракийн эрх чөлөө” дайны дараахь сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд олон үндэстний дивизийн “Чарли” цэргийн баазад үүрэг гүйцэтгэсэн байдлыг тусгасан макет, харуулын болон хүч нэмэгдүүлэх байрыг дүрслэн харуулж, үзэгчид дурсгалын зураг татуулах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой аж.

Монгол цэргийн музей үзмэрээ шинэчилжээ

Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон оролцоог харуулсан бодит үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэж, ажиллагааны онцлог бүрт тохирсон дэлгэрэнгүй тайлбар хийх бололцоог олгожээ. 

Тэрчлэн АНУ-ын түүх, газар зүйн байрлал, төр, захиргааны зохион байгуулалт, манай хоёр орны гадаад хамтын ажиллагааны талаарх мэдээллийн санг шинээр бүрдүүлсэн нь түүхэн ач холбогдолтой болсон юм. Түүний зэрэгцээ орчин үеийн техник технологийн дэвшил, давуу талыг ашиглан энхийг дэмжих ажиллагаатай холбогдох баримтууд, хууль тогтоомжууд, энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцсон цэргийн баг, НҮБ-ын цэргийн ажиглагч, штабын ажилтнууд нэг бүрийн талаарх иж бүрэн мэдээллийн санг шинээр бүрдүүлж, дэлгэрэнгүй, цогц мэдээлэл авах боломжтой болсон байна.

Монгол цэргийн музей үзмэрээ шинэчилжээ