Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.
Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ. Мөн тэрээр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.
Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.
Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.