Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарал үүслийн гэрчилгээ баталгаа юу, бизнес үү

Гарал үүслийн гэрчилгээ баталгаа юу, бизнес үүҮнэндээ хариулж мэдэхгүй нь. Уг нь бол гарал үүслийн гэрчилгээний өөрийн “гарал” нь ХХАА-н Сайдын 2005 оны 35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ түүнийг хэрэглэх журам” гэдэг нэртэйгээр мэндэлсэн юм билээ. Жарны мөчлөгөөр тооцоод үзэхээр нэгэн үеийг буюу 12 жилийн нүүр үзэж байгаа даг аа, янз нь. Тэгэхээр овоо л “нутагшиж” байгаа зүйл бололтой.

 

“Олгосон өдрөөс хойш мал, амьтанд гурван сар хүртэл, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд дулааны улиралд долоо хоног, хүйтэн сэрүүний улиралд 14 хоногийн хугацаанд хүчинтэй” хэмээн дээрх журамд заасан энэхүү гэрчилгээг энгийн бид ойлгохдоо идэж байгаа хоол хүнсэнд минь баталгаа гаргаж өгч байгаа хэрэг гэж боддог. Бас ямар нэг “но” илэрвэл “буух эзэнтэй, буцах мөртэй” байх нь гэж итгэдэг. Шууд хэлэхэд, малаас хүнд халдварладаг гоц халдварт өвчин таван хошуу малын тухай огт ойлголтгүй, “таг” хотын нэгнээс гэнэт илэрвэл шууд л ходоодтой нь тулж ажиллан хаанаас авсан мах идсэн бэ, ямар сүү уусан бэ гээд л эзэн холбогдогчийг нь эрэн сурвалжилсаар нөгөө гарал үүслийн гэрчилгээний тусламжтайгаар аль аймгийн, хэний хотоос ирсэн малын мах, сүү болохыг нь дор нь тогтоочихно гэж найддагт юун нь буруу гэж. Тэгээд ч “Төв суурин газрын төвлөрсөн нядалгааны газарт мал амьтныг хүлээж авахдаа орон нутгаас олгосон эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээг хураан авч бүртгэл хөтөлж архивлана” гээд журамлачихсан болохоор итгэхээс яахав. Харин бодит байдал дээрээ ингэж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Мал нядалгааны цэгийг хотоос зайдуу гаргаж, Эмээлт, Налайхад төвлөрүүлснээр Монголын бүхий л аймгаас ирсэн мал бод ч тэр, бог ч ялгаагүй дээрх цэгүүдэд бэлтгэгдээд хотын төвийн захуудаар тараагддаг. Дүрэм журмаараа бол тэр бүхэн гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой. Бүр нутгийн дээс алхахдаа л орон нутгаасаа тийм баталгаат бичгээ авсан байх учиртай. Түүнээс биш, хотын захад ирсэн хойноо “бой”-ны хашаанд хашсаны дараа ч юм уу, дэргэдэх мал эмнэлгээс нь авч гурилдаж болохгүй байх. Хэдэн төгрөгийн бараа хараад “хэн хэндээ өлзийтэй” хэмээн өгсөн авсан болж жүжиглэх хэрэггүй. Мал нядалгааны цэгүүдэд иймэрхүү зүйл ердийн үзэгдэл. Энүүхэнд баруунтаа Сэлэнгийн Мандал, Зүүнхараад гоц халдварт шүлхий өвчин гарлаа гээд энэ өвлийн эхээр хорио тавиад сүйд болсон. Амины хэдхэн малтай, түүн дотроо саалийн ганц хоёр үнээтэй хөгшчүүл тэднийгээ гайт өвчнөөр тавиад туучихгүйн тулд хувиараа мал эмнэлгээс вакцин авч хийлгэх хэрэг гарсан. Дайны хажуугаар дажин гэгчээр өнөө вакцины үнэ огцом өссөн гэдгийг хэлээд авах нэгэн ч байна. Тэгээд бодохоор улсын хэмжээнд 40 гаруй суманд гарсан гоц халдварт өвчнийг дарахад, бас үлдсэн малаа авч үлдэхэд Төр, засгаас хичнээн хэмжээний зардал хийсгэсэн бол. Малын гоц халдварт өвчин гарлаа гэхээр л вакцины тухай сэдэв хөндөгддөг. Дахин дахин яригдаад байхыг бодоход тэнд бас нууц бизнес, мөнгө угаалт явагдаж л байж таарна. Аль эсвэл мөнгөнд нь тааруулаад чанаргүй вакцин авчирдаг юм болов уу, гаргасан мөнгөнөөс нь халааслачихаад хямдыг нь авчирч төрд шахдаг юм болов уу. Сонирхох л асуудал. Үүнтэй адил гарал үүслийн гэрчилгээ гэдэг бас нэгэн бизнес болж байна уу. Хэрвээ тийм бол монголчуудын өвлийн идшээ бэлтгэдэг энэ үе л ид орлоготой цаг нь байж таарна. Гарал үүслийн гэрчилгээний тухайд албаныхан хамгийн түрүүнд малын хулгайг зогсоох, өвчилсөн малын мах, үхсэн малын мах, сүү зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг байнга хэлдэг. Ер нь бол иргэд хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд энэхүү журам хамаарахгүй гэсэн заалт бас байгаа юм шүү. Хачирхалтай л хэрэг. Монголын иргэн бүр өөрийн гэсэн малгүй л байлтай. Тэгэхээр ганц нэгээрээ, өөрийнхөө хэтэвчинд захирагдан авсан мах, сүү асуудалтай байх нь хэнд ч хамаагүй гэж ойлгож болох уу. Аль эсвэл жижиглэнгээр авч яваа хүн хаялгагүй гэж бодсоных уу.  Бас л хариулж мэдэхгүй нь.

 

Н.Төгөлдөр

24tsag.mn

Хүүхэд хөлсөхөд хийх дом шившлэг \
Хүүхэд хөлсөхөд хийх дом шившлэг \"Ширгэлэх арга\"
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.