Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2017.12.25/-ны өдөр 11.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд орон нутагтаа үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тус аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг 2017 оны 12-р сарын 13-ны өдөр хуралдуулах аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн 16 төлөөлөгч МУЗЗНДНТУТХ-ийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулах тухай асуудлыг оруулахаар санал гаргасан боловч ИТХ-ын ээлжит хуралдаан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталж чадахгүй санал тэнцжээ. Учир нь аймгийн ИТХ 32 төлөөлөгчтэй, үүнээс 16 нь Ардын нам, 16 нь Ардын намынх аж.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлагдахгүй байсан тул аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат ИТХ-ын хуралдааны дэгд заасны дагуу хоёр намын бүлгийг хэлэлцэх асуудалтай холбоотойгоор “зөвшилцөлд хүрээд хуралдаанд орж ир” хэмээн хурлыг завсарлуулсан байна. Хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас хуралдахгүй удсан боловч ИТХ дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч 12 сарын 21-ний өдөр 48.5%-ийн ирцтэйгээр хуралдаж аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбатыг огцруулж шинээр ИТХ-ын даргыг сонгож ямар ч тамга, тэмдэггүй шийдвэрүүд гарган, Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчлөө.
Сүхбаатар аймгийн МАН-ын 16 төлөөлөгч өмнө нь буюу энэ оны 2 дугаар сарын 16-ны өдөр мөн 48.5%-ийн ирцтэйгээр хуралдаж гаргасан шийдвэрүүд болох Үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөр түүнчлэн 2017 оны Төсвийг хууль бусаар зарцуулсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байтал 48.5%-ийн ирцтэйгээр дахин хуралдсанаар хууль шүүхийн байгууллагыг илт үл хүндэтгэж байгаа юм.