Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан залууг ууган намд нөлөөгөө өдгөө болтол хадгалж чадаж буй Т.Бадамжунай Архангайд хөтлөн аваачиж Засаг даргын суудалд залж байсан түүхтэй. Тухайн үед “Т.Бадамжунай Архангайд нэр нь үл мэдэгдэх, хэргээр багахан, чухам юунд зориулагдсан нь мэдэгдэхгүй нэг бурхан залаад явлаа” гэсэн хошин яриа дэгдэж байсан нь архангайчууд шинээр залсан бурхандаа тийм ч сүсэгтэй байгаагүйг харуулна. 2012 оны сонгуульд Ж.Мөнхбатын хамт өвдөг шороодсон нь ч үүнийг батлан харуулах биз ээ. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар арга мухардсан сонгогчид “Хүний хуучин дээлийн шинэ” гэгчээр МАН-д итгэл үзүүлэхээс өөр арга олдсонгүй. Тэгэхээр Ё.Баатарбилэгийн хувьд сонголтгүй сонгуулийн үр дүнд гарч ирсэн гишүүдийн нэг ч байж болно, үгүй ч байж болохыг хойноос харъя.
Уг нь Ё.Баатарбилэгийн хувьд тухайн үедээ эрдмийн мөр хөөж магадгүй, сүрхий буурь суурьтай залуу хэмээн нам дотооддоо үнэлэгдэж байсан ч ийнхүү хувь заяаны харгуй дагаж төрсөн нутгийнхаа Засаг ноёноор тодорсон юм. Засаг дарга болоогүй бол улстөрийнхөө түүхэнд “хар гэр”-ийн тамга даруулахгүй байх байв. 2012 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа тун удалгүй, авлигын хэргээр баривчлагдан саатуулагдаж байсныг ч уншигч та санах байх. Тэр бүү хэл Ганц худагт цагдан хоригдож байгаад Сэлэнгэ аймгийн цагдан хорих төв, Зүүнхараа дамжуулан саатуулагдаж байсан түүхтэй хүн. Харин хэсэг хугацааны дараа ял зэмгүй суллагдсан, үүний цаана ямар учир байсныг таахын аргагүй. Ямартай ч түүнийг авлига авсан, төсвийн хөрөнгө идсэн уусан гэх үндэслэл гаргаж чадаагүй учраас Эрүүгийн хуулиар шийтгэж ял өгөөгүй юм даг.
Харин Т.Бадамжунай түүнийг Архангайн Засаг даргаар аваачиж томилуулахдаа “төсвийн хөрөнгөөс 50 саяар байр авч өгч, Ланд 200 машиныг төсвөөс 90 сая, ажлынх нь өрөөг 200 сая төгрөгөөр засварлаж өгсөн гээд баян айлын эрх хүүхэд шиг л эрхлүүлсэн” гэдгийг нутгийн эх сурвалжууд дэлгэсэн байдаг. Аваачиж залсан бурхнаа хээр хаяад явахгүй, ядахад нэг сүм дугана бараадуулах нь “муугийн ёс биш монголын ёс” биз дээ. Магадгүй энэ мэт ялихгүй асуудлаас болж хоригдон шалгагдаж байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч тэрбээр Т.Бадамжунайн улстөрд бэлдэж гаргаж ирсэн хүүхэлдэйнүүдийн нэг мөнөөсөө мөн. Улстөр судлаач Д.Ганхуяг түүнийг Зүүнхараад хоригдож ахуй цагт “МАН хайран залууг алаад хаячихлаа” хэмээн харамсан бичиж байснаас харвал Ё.Баатарбилэг нь нэртэй зүстэй судлаачдын анхааралд байсан байх нь. Монголын нэртэй социолагич судлаач нөхөр өөрөө баргийн хүнийг тоодоггүй хэрнээ түүнд харамсангуй байсан нь нэгийг өгүүлнэ. Ийнхүү бусдыг харамсуулж суусан залуу өдгөө Хууль тогтоох дээд байгууллагын танхимд сууж байгаа нь “Эр хүн тугал ч хариулна, туг ч барина” гэдгийг харуулсан хэрэг биз ээ.
Энэ мэт дүгнэлтээс харж байхад Ё.Баатарбилэг нь улстөрийн бус эрдэм номын мөр хөөх учиртай байсан ч байж болно. Оюутан ахуй цагийнх нь нөхдийн ярьж байгаагаас үзвэл хичээл номдоо тун шамдангуй нэгэн байсан аж. Буурь суурьтай гэх Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагт түүний дэргэд ажилласан нь бас үсэрхийлсэн байж таарна. Хүний сайн хүнд наалдаад сүйд болохгүй ч нөлөөлөл гэж асар том зүйл бий. Эзэмшсэн мэргэжил, эрдэм номын хувьд ч цаашид ул суурьтай судалж болохоор хөрс суурь юм билээ. МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн бол 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистрын зэрэг хамгаалж Түүх, археологийн магистр болсон хүн. Архангайн Засаг дарга, орон шорон дамжиж, улстөрд ирээгүй бол тэрбээр өдийд түүхийн ухааны доктор зогсож байх нь дамжиггүй. Одоо болсон болоогүй их улстөрд орчихсон учраас эрдэм номын мөр бол цаашаа биз дээ. Яаж би энэ суудалдаа урт удаан тэсэх, яаж тойргийнхоо сонгогчдод таалагдах, хэний фракцийг дагах тухай өдрийн бодол шөнийн зүүд л болж яваа. Өөр ч аргагүй ертөнцад суугаа хүн. Нөгөө талаас тэрбээр их улстөрд хөтөлж оруулсан Т.Бадамжунайн хувилбараар явах дүр түүнд буй. Т.Бадамжунайд сайн нэр гэж үгүй. “Авлигын загалмайлсан эцэг” л гэнэ, “төрөөс төрсөн тэрбумтнуудыг эх барьсан хүн” л гэнэ. Архангай аймгаас төрөн гарч буй МАН-ын угшилтай залуусыг өөрийнхөө энэ үйл ажиллагаанд татан оролцуулдаг л гэнэ. Гэхдээ тэрбээр энэ тухайд нэг ч удаа ял зэм хүртэж, эрүү тулгуулж байгаагүйгээс харвал хашир толгой юу, үнэхээр гэм зэмгүй нэгэн байх. Энэ бүх имиж, улстөрийн нөхцөл байдал нь Ё.Баатарбилэгт өвлөгдөн үлдсэн байх магадлалтай л юм.
Одоогоор түүний улстөрийн карьерт нөлөөлөөд байх сөрөг зүйл гэж үгүй. Тэгэхээр айсуй 2020 онд МАН-аас сонгогдох магадлалтай хуруу дарам залуусын нэг бол тэр байж болох талтай. Яагаад гэвэл тэр МАН-ын бусад залуусаас өөр имижтэй, аливаа зүйлд арай л буурь суурьтай хандахаас гадна төрийн албаны шат шатны дадлага туршлага бий. Гэхдээ Архангай бол байнга цэнхэр туг мандуулж ирсэн тойрог төдийгүй сонгогчдын санал санамсаргүйгээр савлаж байдаг зүй тогтолтой. Цагтаа С.Төмөр-Очир, Р.Гончигдорж нарыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь өвдөглүүлчихдэг тойрог шүү дээ. Улстөрийн түүхэнд хоёрын хоёр УИХ-ын дарга унагаасан явдал үүнээс өөр үгүй билээ. Тэгсэн хэрнээ “Фортуна” Н.Батбаярыг удаа дараа сонгодог гээд их л сонин хачин явдал өрнөж байдаг тойрог доо.
С.Баяр
Шуурхай.мн