Энэ удаагийн парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн нэг бол Л.Мөнхбаатар. Тэрбээр 2016 оны сонгуулиар МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон. Хуульч мэргэжилтэй, 1999 оноос Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, 2008 он хүртэл газрын дарга хүртлээ дэвшсэн нэгэн. МАН мандаж явах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар дөрвөн жил ажиллаж байсан. Улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байхдаа “царцааны” асуудлыг жинхэнэ утгаар нь хийдэг байсан гэх шар мэдээ ч хэвлэлийн хуудаснаа бий. Түүнийг намынхаа нөхдийн царцааны нүүдлийг нь зохицуулдаг, ингэхдээ хэрхэн хууль зөрчихгүй байх талаарх гаргалгааг ч гаргачихсан байдаг гэх юм билээ. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн Л.Мөнхбаатар 2016 оны сонгуульд бэлтгэн дөрвөн жил Хөвсгөл аймагтаа амьдарч байгааднутгийн иргэдээ тойлсоор гарч ирсэн гэх.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн хэмээн Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.
МАН-ын 32-ын бүлэгт харьяалагддаг, засгаа огцруулахын эсрэг байсан. УИХ-д сонгогдоод хоёр жил болох гэж байгаа ч Л.Мөнхбаатар гишүүн “хэлгүй” гишүүдийн нэг хэвээр бий. Ямартай ч хоёрдугаар ангиа дүүргэж байгаа түүнд дахиад хоёр жилийн хугацаа бий. УИХ-ын “хэлгүй” гишүүдэд хаягласан “хэлд орж эхлэхгүй бол буцаад очиход тань тойргийнхон нь танихгүй болох вий дээ” гэх хошигнол ч олон нийтийн сүлжээгээр явж харагдана лээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
Хүмүүнлэгийн ухааны их сургууль, эдийн засгийн ухааны бакалавр
2012 оноос Монгол улсын их сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Ш.ЧИМЭГ