Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр “Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятадыг хариуцсан Бээжин дэх товчооны дарга Тим Дэ Мэйэр, нийгмийн түншлэгч байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
С.Чинзориг сайд тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ цалин хөлс болон хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой олон зүйлийг шинэчлэх шаардлага бийг онцлоод хэрхэн яаж шинэчлэх вэ гэдгийг оновчтой зөв тодорхойлоход энэ уулзалт хэлэлцүүлэг олон чухал шийдэл, гарцуудыг нээсэн ихээхэн үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа илэрхийлсэн. Тэрбээр “Төрийн албан хаагчид шат ахих зарчмаар ажил албан тушаалд дэвшдэг, үүнийг нь дагаад цалин хөлсний гол нөхцөл нь ажилласан жил болдог. Түүнээс шалтгаалаад төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь 25 буюу хэтэрхий урт. Тэгсэн хэрнээ гол нөхцөл нь ажилласан жил байдаг нь хэтэрхий өрөөсгөл. Тиймээс цалин хөлсний энэхүү тогтолцоог өөрчилж шинэчлэх цаг нь болсон. Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоо зөвхөн ажилласан жилээсээ биш, ажлын ачаалал, үр дүн, хариуцлага, ажлын байрны нөхцөл гэсэн хүчин зүйлүүдээс хамаардаг байх зохицуулалт хэрэгтэй байна. Хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн тогтолцоо үндсэндээ 1990 оноос бүрдсэн. Социализмын буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бид тарифт цалингийн системтэй байсан. Одоо тарифт цалингийн тогтолцоо байхгүй. Ний нуугүй хэлэхэд төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай асуудлаас өөрөөр хувийн хэвшилд ажиллагсдын цалинг зохицуулж байгаа харилцаа, хууль эрх зүйн үндэс байхгүй. Нөгөө талаас хувийн хэвшилд ажиллагсдад манай салбарын холбоод мэргэжлийн зэрэг олгодог. Гэхдээ үндсэндээ үүнийг үл ойшоодог гэж болно. Тиймээс цалин хөлсний энэ тогтолцоог боловсронгуй болгохгүйгээр хувийн хэвшилд ажиллагсдад үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг дэв олгодог, тэр нь цалин хөлсөнд нөлөөлдөг байхаар өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага байна” хэмээн төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагын талаар ярьсан юм. Сайд мөн тун удахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьж ирэх хаврын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад хуулийн төсөлд болон салбарын шинэчлэлд тустай олон асуудлыг “Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх нь” гэсэн хэлэлцүүлгээс хүлээж байна гэсэн юм.
Цалин хөлсний тогтолцоог шинэчлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааг таван үе шаттайгаар хэрэгжүүлсэн ба нүүрс олборлолт болон эрүүл мэндийн салбарын ажлын байранд үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн салбарын ажлын байрны ангилал, зэрэглэлийн төслийг боловсруулаад байгаа юм.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр ажлын байрны үнэлгээний үр дүнг нийгмийн түншлэгч байгууллагуудад танилцуулж, ажлын байрны ангилал, зэрэглэлийн талаар ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх механизмын талаар санал бодлоо илэрхийллээ.
Энэ ажлын үр дүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх зорилтын хэрэгжилтийг хангахаас гадна цалин хөлсийг шударга, ил тод, бодитой тогтоох, адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох зарчмыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.