Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр ахиад л буландуулчихаж

Цагтаа МАН-ын саналыг хувааж сонгуульд тугийг нь бөхийлгөж явсан, АН-тай хамт засаглаж МАН-ыг хашааны гадна “хатааж” гээд зуурхан мандсан МАХН өнгөрөгч 2016 оны сонгуулиар ганцхан суудал авч, өдгөө дотоодын дажинтай байна. МАХН-ын дажин гэхээсээ илүүтэй муу Н.Энхбаяр маань ахиад л буланд шахуулчихаад амь тэмцэж буй сураг дуулдах юм. Цагийн эртэд нэртэй зүстэй аавын хүүг бүгдийг нь өмнөө сөхрүүлж, цаана яривал С.Баяр, Ц.Элбэгдоржтой арсалдаж, наана яривал М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг үл тоож явсан Н.Энхбаяр маань О.Баасанхүү нарт буландуулж С.Ганбаатараар хань бараа хийж байгаа нь “Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжид бариулна” гэдэг үгийг өөрийн эрхгүй санагдуулна.  МАХН-ыг парламентад төлөөлж буй ганц дайчин О.Баасанхүүгийн ярианаас анзаарахад Н.Энхбаяраас минь сүүлчийн ганц боломж МАХН-ыг нь булааж авахаар зориг шулуудсан бололтой. Тэр нам хэний мэдэлд байх нь хамаа алга, гагцхүү Н.Энхбаярын цор ганцхан тайвширал болдог МАХН-ыг булааж авах гээд байгаад өөрийн эрхгүй санаа зовж сууна. “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг энэ байх. Үүлэнд суудалтай Н.Энхбаяр газардсан даруйд гудамжнаас улстөр эхлүүлээгүй бол О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ нар өдийд хаана яваа бол гэж бодогдлоо. З.Баянсэлэнгэ лавтай хорооны Засаг даргын жаанд залрангаа үсрээд дүүргийн хуралд хэрхэн өрсөлдөх тухай бодож суух байсныг үгүйсгэхгүй.  

Мартагдсан дууль болчихсон Н.Удвал, Л.Цог, Ц.Оюунбаатар нар эргэн улстөрийн хаалгаар ахиад нэг цухуйх ч үгүй байв. Саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриаг анзаарч, Э.Эрдэнэжамъянгийн байр суурийг сонирхож суухад муу Н.Энхбаярыг маань нийлж байгаад “гөвших” шинжтэй. Уг нь бол зарчмын хувьд зөв байх. 2016 оны сонгуульд Н.Энхбаярын удирдаж орсон МАХН арваад суудалтай байсан бол өдгөө ганцхан суудалтай байгаагаас харвал тэр улстөрийн хариуцлагаа хүлээж намынхаа даргын суудлыг өгөх нь орчин цагийн ёс зүй, улстөрийн соёл, дотоод дүрэм зэрэгт яв цав нийцнэ. Үүний дараа шил дараалан болсон Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Чухам намынх нь дүрэмд ийн заасан эсэхийг ямар мэдэх биш. Хариуцлага, ёс зүй гэж байдгийг л мэдэх юм байна.

Гэтэл цаадхи нь суудлаа өгөхгүй гүрийгээд байхаар залуусын шар хөдлөлгүй яахав дээ. Үхэн хатан тэмцэж байж олж авсан нам болохоор хэн нэгэнд өгнө гэхээр хайран байгаа л даа. Тэгээд ч Н.Энхбаяр МАХН-ыг нам шиг нам, хэдэн зуун мянгаар тоологдох гишүүнтэй, Монгол Улсын бүхий л салбарыг базсан нөхөдтэй байхад өөрийнхөө гэр бүл шиг захирч байсан хүн шүү дээ. Н.Энхбаяр бүү хэл өөрийнх нь эхнэр О.Цолмон ч ийм байсан. Тэр ч бүү хэл ажлаа бүтээх, албан тушаал горилохоор дугаарлагсдад Н.Энхбаяр дэндүү холдож, О.Цолмонгийн үүдэнд дугаарладаг байсан нь өчигдрийн түүх шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Н.Энхбаярын аав Б.Намбар гуайг аав, ээж Р.Бүдханд гуайг ээж гээд гүйж байсан нэрт зүтгэлтнийг би сайн санаж дотроо мушийж сууна. Дэндүү гэмээр хүчирхэг мандсан үе түүнд байдаг ч тэр хэзээ хаана буух вэ гэдгээ огт бодоогүй нь харамсалтай.

Тэгэхээр асар их үнээр олж авсан МАХН-ыг яаран өгөхгүй гэж гүрийх нь түүний хувьд аргагүй л байх. О.Баасанхүүгийн ярианаас анзаарахад  МАХН-ын дүрэмд "Хоёр жилд нэг удаа намын Их чуулганыг хуралдуулна" гэж заасан байдаг ч 2011 онд намын дүрмээ баталж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш зургаан жил болж 2013 онд Бага хурлын  гишүүд намын Их хурлыг хуралдуулъя гэдэг  шаардлагыг хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл хуралдуулаагүй аж. Тиймээс О.Баасанхүү нарын гишүүд зүй ёсны шаардлагаар намынхаа Бага чуулганыг хуралдуулж энэ сарын 9, 10-нд Их хурлаа хуралдуулахаар товложээ. Гэтэл Н.Энхбаярын бүлгээс Г.Давааням гэгч тэдний товлож цаг болзсон Их хурал хууль бус хэмээн мэдэгдсэн. Харин О.Баасанхүүгийн хувьд энэ Их хурлыг хийхийн тулд чамгүй өр зээл тавьсан гэх ярианаас харвал тэр илт шулуудсан улайрсан бололтой.

Н.Энхбаяр ч хэдийний л ийм улстөр хийж дадсан хүн гэдгийг хэн ч надаар хэлүүлэхгүй мэднэ дээ, хүмүүс. Намын Их хурлыг хуралдуулах сонирхол Н.Энхбаярт байхгүй ч нөгөө талаас хэтэрхий их хүсэмжилж байгааг О.Баасанхүүгийн ярианаас анзаарч болно. Намынх нь тал хувь нь Н.Энхбаярыг эсэргүүцээд эхлэхээр тэрбээр С.Ганбаатараар дамжуулан ХҮН-ын нөхдийг намдаа элсүүлсэн нэр зүүж хамгаалалтаа ч зузаалж байгааг эх сурвалж хэлсэн. Өнөөдрийн байдлаар түүний талд Ц.Оюунбаатар, Г.Давааням, Н.Удвал, н.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар лавтай бүлэглэлээ дагуулаад байгаа бололтой. Л.Цогийн хувьд ч насны бөгсөнд Н.Энхбаяраас урваад яахав гэж бодож таарна. Үүний зэрэгцээ албан бус ч гэж хэлж болох С.Ганбаатарын бүлэглэл түүнийг дэмжинэ гэхээр Их хурлаас айгаад байх хэрэггүй мэт.

Ямартай ч буландуулж хандаггүй Н.Энхбаярыг ахиад л шахаанд оруулчихаар нь тэр ёс зүй, дүрэм журмыг үл тоон өмөөрөх сэтгэл өөрийн эрхгүй төрж сууна. Жаран насны босгон дээр зогсож байгаа энэ өвгөнд туйлын хүсэл гэж байж таарна. Тэр тусмаа улстөрд дэндүү том хонзон тээсэн эр хүнд хэний ч санаанд багтахгүй их хүсэл байгаа. Энэ их хүслийнх нь галыг өрдөж байдаг ганцхан зүйл нь МАХН юм шүү дээ гэж бодохоор О.Баасанхүү нарт наадхиа оролдоод яахав дээ гэж хэлмээр ч санагдах үе бий.

С.Баяр

 

 

Сайхан Монгол охид - 93 - (120 фото)
Сайхан Монгол охид - 93 - (120 фото)
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.