Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Ирэх онд тэтгэвэр нэмнэ

Д.Тогтохсүрэн: Ирэх онд тэтгэвэр нэмнэМонгол Улсын 2018 оны төсвийг батлах хуулийн хугацаа маргааш дуусна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дуусах гэж байна. Та УИХ-аас томилсон Төсвийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд ирэх оны төсвийн төслийг хэр болсон гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд өргөн барьсан ч Шинэ Засгийн газар татан авсан. Ингэхдээ зарим өөрчлөлтийг хийж дахин УИХ-д өргөн барьсан юм. Тэгэхээр ирэх оны төсвийг их давчуу хугацаанд хэлэлцэж, батлах гэж байна. Гэхдээ Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв хамаагүй сайжирч орж ирсэн.

-Жишээ нь?

-Төсвийн алдагдлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт. Төсвийн алдагдал их байх нь муу зүйл. Хасах баланстай л явна гэсэн үг. Үүнийгээ л багасгах ёстой. Тэгж ч чадсан.

-2018 оны Төсвийн орлогыг хэр бодитой гэж харж байна вэ?

-Орлогыг тун дажгүй төсөөлсөн гэж бодож байгаа. Энэ оны тодотголд хийсэн орлогоос ирэх оны төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр илүү байна. Энэ бол их боломжийн дүн. Татварын төрөл, хувь, хэмжээ нэмэгдээгүй байхад ийм хэмжээний орлого нэмнэ гэдэг бол тун боломжийн. Ирэх онд тэтгэвэр нэмэхээр 134 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирж байна. Мөн малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг бас хэрэгжүүлнэ. Гурван ээлжээр хичээллэдэг 59 сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх төлөвлөгөө багтсан. Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгана. Ингээд харахаар 2018 оны төсөв тун боломжийн харагдаж байна.

-Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажлыг түлхүү хувиарласан гээд байгаа. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл байна. Тийм ёсзүйгүй хариуцлагагүй үйлдэл байж болохгүй биз дээ. Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажил хувиарлаад яваад байвал хүн бүр л ажлын хэсэгт орох гэж уралдана. Тийм зүйл огт байхгүй. Би өөрийнхөө тойрогт нэг ч сургууль, цэцэрлэг барих ажил тавиагүй.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэр нэлээн шүүмжлэл дагуулсан ч батлагдсан. Энэ тал дээр ямар бодолтой байсан бэ?

-Төрийн албан хаагчдад олгох ажлын үр дүнгийнх нь урамшуулал байна. Энэ онд 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Тиймээс нэмэх арга нь л ажлынх нь үр дүнг урамшуулах хэлбэр болчихоод байгаа юм.

Б.Чимэг

Ү.Хүрэлбаатар: Миний бүтээл бүхэн миний л зан араншин
Ү.Хүрэлбаатар: Миний бүтээл бүхэн миний л зан араншин
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.