Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа:Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний ”гаршсан” ажил гэдгийг сайн мэдэж байна

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа:Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний ”гаршсан” ажил гэдгийг сайн мэдэж байна-Уучлаарай, танаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зүйлүүдийг тодруулмаар байна. Тухайлбал, 200 хүнийг халж сольсон тэд Ерөнхий сайдад захидал бичсэн. 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байна гэх мэтээр бичсэн байсан. Үүнд тайлбар өгөөч.

 Хэвлэлээр бичээд байгаа шиг 200 хүнийг халж сольсон юм бол байхгүй. Дээр нь 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гараад түүнийг биелүүлэхгүй байгаа асуудал ч байхгүй. Энэ бол гүтгэлгийн шинжтэй л мэдээлэл.

 Би бүр тодорхой баримттай ярья. 2016 оноос одоог хүртэлх хугацаанд нийт 56 хүнийг ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргаан гарсан байна. Үүнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэрэг, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй буюу шүүхийн шатанд байгаа 38 хэрэг байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэргийн 3 нь УБТЗ-ын талд, 2 нь эрүүгийн хэргийн улмаас хэрэгсэхгүй болсон, 13 нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн байна. Үүнээс шүүхийн шийдвэр биелээгүй буюу ажилд эргүүлэн аваагүй 6 хэрэг л байна. Дээрх 13 ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргааны дотор миний өмнөх дарга нарын шийдвэрээр болон Ерөнхий хорооны шийдвэрээр халагдсан хүмүүс ч байна.

 Мөн түүнчлэн дээр дурдсан 56 маргаан дотор салбар нэгжийн дарга нарын тушаалаар ажлаас халагдсан 19 хүний хөдөлмөрийн маргаан ч бас багтаж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд тодорхой албан тушаалуудаас дээш албан  тушаалтнуудыг томилох, өөрчлөх эрх замын даргад байдаг. Түүнээс дооших албан тушаалуудыг байгууллагын дарга нар нь хариуцдаг. Ер нь бол 15000 хүнтэй байгууллагад боловсон хүчний хөдөлгөөн байнга явагддаг. Өөр ажилд шилжих, ажлын хариуцлага алдаж халагдах, тэтгэвэртээ гарах, шинээр ажилд авах зэрэг байнгын хөдөлгөөн бий. Ажлыг нь өөрчлөх, шилжүүлэх, дэвшүүлэх гээд өдөртөө 5-10 хүний тушаал гаргадаг.

 Ажлаас халагдсан хүмүүс шүүхэд хандах нь тухайн хүний эрх. Гэхдээ үнэхээр ажлын ноцтой хариуцлага алдаж ажлаас халагдсан асуудлыг би зөв гэж хэлэхгүй. Тэр тусмаа төмөр зам бол минут секундээр хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой маш хариуцлагатай ажил. Мэдээллийн нэг сайтад Мөнхбат гэдэг хүн ярилцлага өгч “Намайг хууль бусаар халлаа” гэсэн байсан. Тэр хүний тухайд хариуцсан аж ахуйгаа маш замбараагүй авч явж, хэд хэдэн удаа сануулга авсан. Түүгээр ч зогсохгүй хариуцаж байсан байгуулагад нь хөдөлмөр хамгааллын маш том осол гарч хүний амь нас эрсэдсэн. Албаных нь дарга тэр хүнийг ажлаас чөлөөлөх санал гаргасан учраас хариуцлага тооцож ажлаас халсан. Тэгтэл одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэн, ажлаас чөлөөлөх шийдвэр гарахын өмнөх өдөр өөртөө байсан бланкыг ашиглан сургалтад явсан бичиг хийж шүүхэд өгсөн байсан. Шүүх энэ хүний талд шийдсэн. Бүхэл бүтэн байгууллагыг хохироож ажлын хариуцлага алдсан байхад ингэж шийдэж болохгүй биз дээ.

Ер нь ор үндэслэлгүй ажлаас халсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ажлаас халагдсан хүмүүсийн шалтгаан, шийдвэрүүдийг бүгдийг үзэх юм бол бүгд шалтгаантай.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудлыг АТГ хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад хэвлэлээр намайг янз бүрээр цоллоод байх нь зүй ёсны хэрэг биш байх. Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний “гаршсан” ажил гэдгийг ч би сайн мэдэж байна.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийхдээ УБТЗ-д ял эдэлж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажиллаж байгаа талаар  ярьсан. Бас “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

 -Өмнө нь УБТЗ-д ажиллаж байсан хэсэг хүмүүс ийм гомдол гаргасан юм билээ.  АТГ  намайг дуудаж надаас тайлбар авсан. Г.Баасан гуайн тэргүүлж байгаа АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь хууль хяналтын байгууллага биш байх. Гэтэл хууль хяналтын байгууллагын ямар ч  дүгнэлт шийдвэр гараагүй байхад сонин хэвлэлээр намайг олон тэрбум төгрөг завшсан гэж чичлээд байгаа нь  хууль зөрчиж  хүний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Тэр гурван хүний тухайд гэвэл АТГ-аас тэдгээр хүмүүсийг эрхэлж байсан албан тушаал дээр нь ажиллуулж болохгүй гэсэн шаардлага ирүүлсний дагуу ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл  Г.Баасан гуай намайг эзгүйд манай ажил дээр ирж шалгаад, тэр гурван хүн ажлаа хийж байна гэж ярьсан байна лээ. Тэд аль хэдийнэ ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар төмөр замаа буцаагаад шүүхэд өгчихөөд байгаа.

Энэ гурван хүний тухайд нэг зүйлийг хэлье. Баасан гуай энэ 3 хүнийг ерөөсөө УБТЗ-д ажил хөдөлмөр эрхэлж болохгүй мэтээр яриад байх шиг байна лээ. Манайд АТГ-аас асуух шаардлагагүй ажил албан тушаал гэж бас байнаа. Аливаа хүн Монгол Улсын шүүхийн системд ялаа эдлээд дууссан бол тэр өдрөөсөө эхлээд ялгүйд тооцогддог. Хүнийг насан турш нь яллаж болохгүй биз дээ. Тэр  гурван хүний нэр төрийг гутааж доромжилж байна. Ингэж бас болохгүй байх. Тэдний гэр бүл үр хүүхдэд нь энэ бүхнийг дуулахад хэцүү л байсан байх. Миний өмнөх даргын үед Даваапил гэх хүн, хүн гүтгэсэн хэргээр шүүхээс ял аваад, ялаа эдэлж дуусаагүй байхад Замын орлогч даргаар томилж ажиллуулж байсан. АТГ-ын зөвшөөрөлгүй. Тэгэхэд энэ  хүмүүс  буруу, зөв гэж шуугиулж, хэвлэлийн бага хурал хийж байгаагүй л санагдах юм.  Юм шударга байсан нь зүгээр гэж бодож байна. Би энэ талаар УБТЗ-ын даргын хувьд бус, жирийн иргэний хувьд санал бодлоо хэлж байгаа юм шүү.

-Зарим хэвлэлд 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.доллар зувчуулсан гэж мэдээлсэн байна лээ. Энэ  талаар таны үгийг сонсмоор байна.

-Уг машиныг худалдан авах тухай тендер 2016 онд хоёр ч удаа зарлагдсан юм. Гэвч хоёулаа буцаагдсан. Хоёр тендер хүчингүй болсон учраас хуулийн дагуу шууд худалдан авахаар болсон. 2016 онд ийм машин авахад төсөвлөгдсөн төсөв байсан. Тэр үед гурван газар үнийн санал гаргасан байсны хамгийн доод үнэ нь 1 сая 770 000 ам.доллар байсан юм. Тэгээд нийлүүлэгчтэй нь гэрээ хийгээд худалдаж авахаар болсон. Худалдаж авахаасаа өмнө манай мэргэжилтнүүд очиж шалгаад шинэ, сайн машин байна гэж дүгнэсэн. Уг машин нь Латви улсад байсан. Тэр машиныг үйлдвэрлэсэн үйлдвэр 2014 онд дампуурчихсан, Англид төвтэй компани зуучлан худалдсан байсан. Одоо тэр машин үр бүтээлтэй ажиллаад, энэ жилийн замын их засварын  ажлын голыг нугалаад явж байгаа. Намайг нэг сая ам.доллараар машин авч, дундаас нь 770 мянган доллар идлээ гэсэн зүйл ярьж байна. Энэ асуудлыг АТГ шалгаад ямарч дүгнэлт шийдвэр гаргаагүй байхад намайг ингэж гүтгэж байгаа нь сонин л байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтооно гэдэгт итгэж байна.

-Зам тээврийн сайд асан М.Зоригтоос машин авсан, дэд сайд Б.Цогтгэрэлийн автомашин, шатахууны зардлыг УБТЗ  хариуцдаг гэх зэрэг мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

-Эдгээр нь АТГ-т бичсэн гомдолд дурдагдсан асуудлууд байгаа юм. Сайд асан М.Зоригтоос машин авсан нь үнэн. Нэг жил унасан шинэ шахуу машин. Манайд 130 саяар худалдана гэсэн  юм. Тийм загварын шинэ машин тухайн үед Моннист 198 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо бол бүр үнэтэй болсон байна лээ. УБТЗ-д автомашины хэрэгцээ тэр үед байсан. Уг машинуудыг зах зээлийн үнээс хямд авсан. Би хувьдаа ашигтай наймаа хийлээ гэж бодоод байгаа. Тэгээд ч Зоригтоос машин авахад тэр хүн сайд байгаагүй. Ер нь аливаа худалдан авалтыг Замын дарга гэдэг ганц хүний шийдвэрээр хийдэггүй юм. Олуулаа хэлэлцэж, Тендер, Үнийн комиссуудын шийдвэрийг албажуулж Замын дарга гарын үсэг зурдаг зарчмыг миний бие хатуу баримталж ажилладаг. Энэ бас сүүлд яригдсан тосны асуудалд ч хамаатай гэдгийг хэлмээр байна. Б.Цогтгэрэл дэд сайдын хувьд УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга. Хоёр улсын гэрээ, бусад холбогдох бичиг баримтын дагуу бид унаагаар хангаж, шатахууных нь зардлыг гаргаж байгаа.

-Киприйн оффшор бүсэд данстай тээвэр зуучлалын компанийн нууц эзэн нь таныг гэдэг шүү дээ. Үүнд хариулт авмаар байна.

Үүнд олон ч удаа тайлбар өгсөн дөө. Хэсэг бүлэг хүний хийж байгаа явуургүй ажлын нэг нь энэ. Та нар тэр компанийн бичиг баримтыг шалгаад үз л дээ. Надад ямар ч компани байхгүй гэдгийг дахин хэлье.

-Акциз төлөөгүйгээс улсыг хохироосон гэдэг асуудлын тухайд?

-Энэ ч бас АТГ-т очоод байгаа цаасан дээр л дурдагдсан асуудал. Акциз буюу түлшний онцгой албан татвар УБТЗ  төлөхгүй байгаагаас улс хохирч байна гэдэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах 1949 оны хэлэлцээрээр УБТЗ өөрийн барих ашиглахад зориулсан бүх бараа материалыг одоо буюу ирээдүйд гарах татвараас чөлөөлөгдөнө гээд үүрэг хүлээсэн. Тиймээс  татвар төлөх ёсгүй. Энэ миний ч шийдвэр биш. Энэ бол манай Ерөнхий хорооны шийдвэр.

-Л.Пүрэвбаатар даргын амьдарч байсан хаус нэлээд хэл ам дагуулдаг. Энэ хаус УБТЗ-ын өмч юм уу, эсвэл?

 -Л.Пүрэвбаатар “УБТЗ”-ын дарга байхдаа контрактын гэрээ байгуулсан байдаг юм билээ. Тэр дотор нь ажил амралтын дэглэмийг хангахуйц байраар хангана гэсэн заалт байгаа юм. Тэр байр нь 50 юмуу 100 саяын үнэтэй ч байж болно. Гэхдээ 1 тэрбум 500 саяын үнэтэй байна гэдэг арай дэндүү. Тэр гэрээ манай Төрийн өмчийн хороонд байдаггүй юм билээ. Уг нь байх ёстой. Тэр байраа өөрийн өмч болгох өргөдөл надад бичсэн. Би УБТЗ-ын өмчийг хэн нэгэнд өгөх эрх байхгүй. Тиймээс ерөнхий хорооноос асуусан. Ерөнхий хороо энэ байрыг зах зээлийн үнээр худалдаж олсон мөнгөө төмөр замын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөхгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаардсан боловч биелүүлээгүй. Тийм учраас хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг шилжүүлж авах  талаар шүүхэд өргөдөл өгсөн. Бодит байдал ийм л байна. Бид 1 тэрбум 500 саяын байрыг нэг хүнд өгснөөс нэг цэцэрлэг  барьсан нь дээр шүү дээ. Нэг хүн хоёр жил УБТЗ-ын даргаар ажиллаад  1 тэрбум 500 сая төгрөгийн байр аваад байвал юу болох вэ. Энэ бол арай шударга биш хэрэг  биз дээ.

-Таныг гүтгэж нэр төрийг чинь гутаан доромжлоод байгаа асуудлаар шүүхэд хандах уу?

-Шүүхэд хандана. Эхлээд тэр хүмүүсийн өгсөн гомдлын дагуу шалгаад худлаа юм байна гэсэн дүгнэлт нь гараад ирэг. Түүний  дараа би шүүхэд хандана. Эдгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд бол ганцхан миний төдийгүй нийт төмөр замчдын нэр төртэй холбоотой асуудал гэж би ойлгож эмзэглэж байгаа. УБТЗ тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон, болохгүй бүтэхгүй газар гэж л ойлгогдохоор зүйлийг тарааж байна. Энэ нь төмөр замчдын сэтгэл санааг үймүүлж, тэднийг талцуулж, удирдлагадаа итгэх итгэлийг сулруулж, хөдөлмөрийн сахилга хариуцлагыг сулруулж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай үйлдэл гэж ойлгож байна.

Н.БАЯР

ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ, УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ, УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.