Нэгэн банкны нэр бүхий хувьцаа эзэмшигч зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй мэдээлэл бидэнд ирлээ.
Орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл хүсч банкны хувьцаа эзэмшигчтэй уулзжээ. Хувьцаа эзэмшигч ноёнтон “…Зээл олгож болно. Харин нэг болзол байна” гэсэн байгаа юм. Захирал болзлыг хүлээн зөвшөөрчээ.
Ингээд барилгын компанийн захирал тохирсон ёсоороо зээл хүссэн өргөдлөө өгсөн байна. Хувьцаа эзэмшигчтэй уулзсанаас хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа зээл нь бүтжээ. Зээлийн хорооноос компанид нь 1 260 000 000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгийн зээл олгохоор болсон байгаа юм.
Харин зээлийн мөнгө компанийн дансанд шилжсэний дараа хувьцаа эзэмшигч нөгөөх компанийн захирлаас 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг өөрийнхөө хамаарал бүхий компани руу, 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг банкныхаа нэгэн ажилтны хувийн данс руу шилжүүлэхийг шаарджээ. Компанийн захирал ч хүссэнээр нь болгосон байна.
Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэдэг. Гэхдээ банкны хөрөнгө бол хадгаламж эзэмшигчдийнх билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин