Мөнгө цацдаг, ямар ч үр дүнгүй тараадаг тэнэглэл У.Хүрэлсүхийн засгийн газарт ч үргэлжлэх нь ээ.
Цалингаа нэмүүлэхээр шаардсан багш нарын тэмцлийг саармагжуулж, бүх төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараахыг өчигдөр буюу аравдугаар сарын 24-ний өдрийн Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжжээ.
“ОУВС-тай цалин нэмэхгүй гэж тохирсон учраас төсвийн тодотголоор төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн нь “ОУВС-ийнхныг хуурна” гэж хэлж байгаагаас ялгаагүй. Нэг удаагийн мөнгө тараалтаар төрийн албан хаагчдыг ч давхар хуурах нь.
Тэрээр үүнийхээ шалтгааныг “Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш огт өсөөгүй тул нийгмийн асуудлыг нь шийдэх ёстой. Бид илүү зардлуудыг ихээхэн танасан. Жишээ нь аудитын шалгалт хийгээгүй Концессын гэрээнүүдийг хүчингүй болгосон” хэмээн хариулжээ.
Ерөнхий сайд аа, Та бэлэн мөнгө тараах энэхүү ухвар мөчид үйлдлийг зогсоож, үүнийхээ оронд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шаардлагатай салбарт нь хийхийг аминчлан хүсье.
Энэ үйлдэл нь ОУВС-г “тэнэг” хэмээн басамжилсан, багш эмч нарыг “наадхаа аваад дуугүй бол” хэмээн доромжилсон, монголын иргэдийн тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан олон сөрөг талтай шийдвэр билээ.
Сангийн яам дангаараа ийм шийдвэр гаргахгүй байх магадлалтай. Тиймээс МАН-ын эрхэм нөхөд та бүхэн 55 тэрбумаар зайлшгүй хийх шаардлагатай олон зүйл байгааг анхаарч үзээрэй.
55 ТЭРБУМЫГ ҮРГҮЙ ТАРААХЫН ОРОНД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Жишээ нь,
- Нийтийн тээврийн үйлчилгээ, автобаазын шинэчлэлт сайжруулалтад зориулах боломжтой. Удахгүй тачигнасан хүйтэн эхлэхэд асч чадаагүй автобуснууд гарааждаа үлдэж, автобус хүлээсэн даарсан олон автобусны буудлуудыг дүүргэнэ. Жил бүр иргэдийг зовоодог үйлдлийг засахын тулд энэ жил юу хийсэн бэ?
- Өвлийн утаа эхлэхэд хүүхэд багачууд эмнэлэгүүдийн коридоруудыг дүүргэж, утаанаас үүдэлтэй өвчнөөр бяцхан үрс амиа алдах нь жилээс жилд нэмэгдэж байна. Тэднийг авран хамгаалахын тулд энэ өвөл юу хийхээр төлөвлөсөн бэ. Ачаалал нь хэтэрсэн сургуулийн ангиуд, эмнэлэгүүдэд агааржуулагч авч тавих боломж алга уу?
- Эмнэлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг сайжруулах, шинэчлэх шаардлагагүй гэж үү? Эмчлүүлэгч иргэдээс эм, тариа шаарддагийг болиулж болохгүй юу? Эмнэлэгүүдэд шаардлагатай эм тариаг нь бүрэн өгчихсөн гэж үү?
- Энэ жил цэцэрлэггүй үлдсэн 57373 хүүхэд байгаа. Жил бүр ийм тооны хүүхэд харах хүнгүй, боловсрох боломжгүй үлдэж байгаа нь хамаагүй юу? Энэ асуудлыг шийдэхгүй юу?
- Нийт 28 дунд сургуулийн 10 мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаагийн улмаас өвлийн харанхуйд гэмт хэргийн золиос болон гэр лүүгээ алхаж явна. Энэ та бүхэнд хамаагүй юу?
- Драгон төвөөс цааш амьдарч байгаа олон мянган иргэд өдөр шөнөгүй цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрт амьдарч байна. Тэр олон мянган иргэдийн үр хүүхдүүдийн эрүүл мэнд маш ихээр хохирч байгаа.
Эцэст нь, тун удахгүй шинээр бонд гаргахаар бэлтгэн ажиллаж байна. "Танай улс дампуурлын ирмэгт тулсан шалтгаан нь ердөө өр тавьснаас л болж байгаа юм. Өр бол хор" хэмээн ХБНГУ-н нэр хүнд бүхий эрдэмтэн профессор Ханз Вэрнэр Зиннтэй ярилцлага хийх үеэр тэрээр хэлж байсан юм. Өрийг өрөөр дарж, хэзээ ч үл гарах ангал руу биднийг унагаж байгаа мунхаг бодлогуудаа таслан зогсоож, эх орондоо шаардлагатай зөв алхам руу орох нэн шаардлагатай байгааг дурьдах нь илүүц биз.
Сэтгүүлч О.Ариунбилэг |