Улстөрийн ууган хүчин, МАН-ын эгэлд жирийн олон гишүүдийн үг хүслийг хүргэхээс өөр арга алга. Өршөөнө биз.
Онолчдын санал хуваана хэмээн цэцэрхэж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар санаанд оромгүй хувиар цойлж бараг л Ерөнхийлөгч болчихоо шахав. Ард түмний дундаас тасарсан онол судалгаа гэж юу байдгийг бид сая харлаа. МАН-ын Стратеги академи нэр дэвшигч М.Энхболдыгоо санал асуулгаар тэргүүлүүлэхдээ С.Ганбаатарыг бараг л дурдахгүй байсан гэхэд болно. Өндөр авсан М.Энхболд МАН-ын залуу халаа гэх сэтэртэй жаалууддаа итгэж, худалчийн туйл болсон Стратеги академийнхаа судлаачид гэх нөхдийн үгэнд урамшаад улам ч өндөр авчихсан. Даргыгаа бараг л баян ходоод хийх эрэмбэтэй байхад нь түрүүлнэ гэж зарлаад байдаг судалгааны байгууллага байх уу.
Ихэнх судалгаагаар МАН-аас нэр дэвшигч тийм ч сайнгүй байхад зөвхөн Стратеги академи л тэнгэрт залчихаад буулгахгүй байсны хар гай нь ийнхүү нэр дэвшигчээ шороотой хутгасан. Түүнээс бус эртнээс судалж нягтлаад, замыг нь засаад явсан бол санал хуваана гэж тооцож байсан МАХН-ны нэр дэвшигчийн ард үлдэж тэвдэхгүй л байв. Стратеги академи бол судлаачдаас бүрдсэн хамгийн сайн байгууллага байх ёстой. Түүнээс биш тэнд ая тал зассан, ажил хийдэггүй судлаач нэртэнгүүд хэрэггүй. Тэнд чинь тэнгэр харсан зөнч нар суудаггүй юм, ажил хийдэг байр суурьтай судлаачид байх ёстой. Тухайн намын хувь заяаг дааж явах ёстой хамгийн том байгууллага байх үүргийг хүлээдэг биз дээ.
Энэ нь чухам юу хэлж байна вэ гэвэл МАН-д ямар ч судалгаа алга, залгамж халаа бол бүр ч алга. Ажил хийдэг, судалдаг, ухдаг, учрыг нь олдог залуус байхгүй. Тэд ард түмэнд очиж зөвхөн хоосон онолдож, дарга нараа харахаар түүнийг магтан цүнхийг нь зөөсөн хэдэн нөхөд л бий болж дээ.
Байдал ийм байхад энэ намын ирээдүйн хувь заяа улам л бүрхэгшинэ. Уг нь ялалтын дараах үйл ажиллагаа улам нягтаршиж, илүү ухаалаг, илүү судалгаатай явж байж тэр ялалтаа баталгаажуулах учиртай. Ялагдал бол ялахын үндэс гээд өрсөлдөгч АН чинь харин овоо ухамсартай явж байна. Түүнээс АН бол ухамсарын доод түвшинд оччихсон л бүлэглэл шүү дээ. Түүнийгээ ч ухаарсан бололтой. Том улстөрийн хүчин дэргэдээ судалгааны байгууллага газартай байх нь тун чухал бөгөөд тэр нь нэр төдий байх зүйл биш аж. Ийм байдалтай, ийм судалгааны багтай 2020 оны сонгуульд орвол амжилт үзүүлэхгүй шүү. Үүнийг би хэлээд байгаа хэрэг бус МАН-ын олон гишүүдийн үг хүслийг дамжуулж байгаа хэрэг.
С.Баяр