Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2000 төгрөгийн газнаас болж 20 ч хүрээгүй хүүхдүүд хорвоог орхисоор байх уу

Манай улсад сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээний хийн газыг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Энэ нь цахилгааныг хэмнэх зориулттай ч нөгөө талаараа бидний ирээдүйд заналхийлж, аюулын харанга дэлдсээр байна. Гэтэл бид мэдсэн ч мэдээгүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг царайлсаар олон жилийг үдлээ.

Сүүлийн үед бид бараг л өдөр болгон шахуу хийн газ үнэртэж хүүхэд мансуурлаа гэх аймшигтай мэдээ сонсох болсон. Газ үнэрлэж мансуурч зүрх нь зогсож амиа алдах тохиолдол тоогоо алдсан. Гэвч, өнөөдрийг хүртэл энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. 

Газ үнэртэж амиа алдсан харамсалтай хэргийн жишээнээс дурьдахад, энэ сарын 10-11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадна 16 настай О нь газ үнэртэж үүдэнд нас барсан. Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр энэ сарын 7-нд тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансууран амиа алдсан. Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Хан-Уул дүүргийн зургадугаар хороо, Нүхтийн аманд 16 настай эрэгтэй Б гэгч найзуудтайгаа газ үнэрлэж байгаад амиа алдсан. Мөнм өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 15 настай хоёр хүүхэд газ үнэрлэж, нэг нь газар дээрээ амиа алдсан гэх мэт 2000 төгрөгийн үнэтэй газнаас болж 20 ч хүрээгүй хүүхдүүд амиа алдсан тохиолдол дэндүү олон байгаа нь харамсалтай.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр СБД-1 хороонд суух Х /эр.15н/,  ХУД-15 хороонд суух Я /эр.16н/, ХУД-11 хороонд суух Ө /эр.16н/, ХУД-11 хороонд суух  У /эр.14н/ нар нь ахуй хэрэглээний газ үнэртэж байсныг СБДЦХ-1 илрүүлэн шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар газны хоосон лааз хоёрыг  хураан авсан байна. 

Газ үнэртэж мансуурсан, амиа алдсан энэ мэт хэргүүдийн цуваа үл тасарна. Уг нь насанд хүрээгүй хүүхдэд газ зарахыг хориглосон ч хотын захын жижиг дэлгүүрүүд нууцаар худалдсаар өдийг хүрсэн. Эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа энэ аюулын харангыг зогсоох арга хэмжээг холбогдох байгууллагууд нь онцгой анхаарах шаардлагатай байна.

Гаазанд хордсон хүүхдүүдийн сэтгэцэд хэрхэн өөрчлөлт ордог талаар албаны хүнээс тодруулахад, "Ухаан санаа самуурсан, орон гаран, орон зайн баримжаа алдагдсан. Нүдэнд нь хий юм харагдаж чихэнд нь хий юм сонсогдсон байдалтай байдаг. Үүдээр ороод ирэхэд л газ хамар цоргиж хүүхдийг ярих тоолонд үнэртэнэ. Мөн байн байн гар хөл нүүр амаа маажина. Ер нь тогтворгүй, айдас түгшүүртэй болчихоод ирдэг" гэв.

Харин хүүхдүүд яагаад газ үнэртдэг талаар тодруулахад, "тухайн хүүхдийн хүмүүжил, айдас, түгшүүр, стресс, гутрал, гуниг дарамт, бэлгийн хүчирхийлэл гээд бусад олон зүйл нөлөөлж сэтгэлзүйн дарамтанд орсноос болж тэр айдсыг даван туулахын тулд аливаа зүйлд донтдог. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа, хяналт сул байгаатай холбоотой" гэсэн юм. 

Тиймээс эцэг эхчүүд минь эрдэнэ мэт хайрлаж өсгөдөг бяцхан үрээ хаана юу хийж хэнтэй нөхөрлөж явааг сонирхож, хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлээч. Таны хүүхэд хэзээ ч газ үнэртэж, буруу зүйл хийхээргүй хүмүүжилтэй хүүхэд байж болох ч үеийн найзууд нь үнэрлэж байвал, даган дуурайж сонирхох, улмаар донтох, амиа алдах эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй юм шүү.

Т.Гэрэл

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.