Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ил захидал

 

 

Монголчууд та бидний хувьд түүхэн эргэлтийн, нэн хариуцлагатай цаг үед Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин оролцохдоо цаг үеийнхээ  дуудлагыг мэдэрч, сонгогч олныхоо амин захиасыг тээж, тэдгээрийг гүйцэлдүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно. 2016 оны УИХ-ын сонгуулиар элдэв сайхан амлалт, буруу бусармаг луйвар хийж парламентад үнэмлэхүй олонх болж авсан МАН төр Засгийн эрх атгасан даруйдаа ард түмэнд өгсөн амлалтаасаа ичгүүргүй буцаж, гадаадынхны шахалт, бодлогоор төрийн ажлыг явуулах болсныг та бид өнгөрсөн нэг жилийн туршид харлаа, ойлголоо, мэдлээ. Эрх баригчид өмнөх Засгийн газруудыг өр зээл тавьсан гэж буруутгах хэрнээ өөрсдөө Чингис бондоос 3 дахин их хэмжээтэй гадаад  зээл авч, өмнөхөөс  их өрөнд улс орноо оруулахаар шамдаж байна. Тэд олигархи бүлэглэлд ээлтэй,нийт ард түмэнд тээртэй хуулиудыг өдөр  алгасалгүй хүч түрэн баталж, ард түмнээ  үй түмэн татвар, шимтгэл суутгалаар дарамтлах хэрнээ өртэй, зээлтэй байгаа гишүүдээ зээлээ төл гэж шахаж чадахгүй байгааг бид харж байна. Шинээр нэг ч татвар бий болгохгүй, нэмэхгүй гэсэн амлалтаа ард түмний нуруун дээр 7 төрлийн татвар нэмж  биелүүлж байна. Халамж, тэтгэврийг бууруулахгүй, өсгөнө гэсэн амлалтаа таг мартан бүгдийг хасч, танаж байгааг бид  хангалттай харж байна. Эрх баригчдын авах зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцааг 95 хувьд хүргэхээр шийдлээ гэсэн хачирхалтай мэдэгдлийг Гадаад хэргийн сайд нь хийгээд сууж байх юм.
 
Монгол Улсын Засгийн газар зээлийн зарцуулалтад тавхан хувийн мэдэлтэй оролцоно гэдэг юу гэсэн үг вэ? Эдийн засгийн тусгаар тогтнол, төрийн бие даасан бодлого алдагдсаны ноцтой илрэл энэ биш гэж үү. Туурга тусгаарулс юм бол хөрштэйгээ найрсаг, гэхдээ эрх тэгш, харилцан ашигтай харилцаа, арилжаа худалдаа, солилцоо явуулах ёстой. Тусгаар улсад өөрийн эрх ашиг, ард түмний ашиг сонирхол гэж нандин зүйл ямагт байдаг. Энийг ямар ч тохиолдолд алдаж, буулт хийж болохгүй.Зээл авсан бол төлөх нь тодорхой юм чинь юунд зарцуулах, хэнээр хийлгэх, хэрхэн ашиглахаа тусгаар улс өөрөө мэдэж байх ёстой. Би үүний төлөө эргэлт буцалтгүй зогсоно. Гадаадаас авах зээлийг гадныхан 95 хувь мэднэ гэдэг нь тэдний бараа, үйлчилгээ, ажиллах хүч түрэн орж ирнэ, асар өндөр үнэлгээг тулган хүлээлгэнэ гэсэн үг гэдгийг хөгжиж байгаа орнууд сайн мэддэг болсон. Сонсголонгийн гүүрийг шинэчлэх зээлийг олгох санал тавихдаа хятадууд өөрсдөө хийнэ, өөрсдийн техник материалаар хангана гээд жишгээс 3 дахин их үнэтэй төсөл ирүүлсэн учраас Ардчилсан нам засаг барьж байхдаа аваагүй юм. Чингис бондын зээлээр орж ирсэн мөнгийг монголчууд 100 хувь мэдэж, Монголын үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд олгосон.
 
Гэтэл МАН өрөөр айлгаж сонгогдсон хэрнээ өөрсдөө өчнөөн их зээл аваад дээр нь хамаг эрх мэдлээ гадаадынханд өгөх гэж байгааг эрүүл ухаанаар ойлгоход бэрх байна. УИХ-д хэт олноор түрий барьж, олонхын дарангуйлал тогтоон хууль, тогтоомжийг хяналтгүй хүч түрэн гаргаж, зарим талаар хуулийг ч үл тоомсорлон дураар авирлах нь гаарч буй энэ цаг үед ард түмний хяналт юу юунаас ч илүү чухал. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ- ын даргын бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд шийдвэрийг гурвуул нэгдэж байж гаргадаг учиртай. Төрийн энэ чухал бүтэц дээр нэг намынхан дангаар ноёрхвол УИХ, Засгийн газрын хууль бус, монголчуудад ээлгүй санаачилга, хууль, үйл ажиллагаа улам бүр хяналтгүй, саад тотгоргүй явагдаж, үр дагавар нь засахуйяа бэрх болох магадлал гаарах болно. Ийм хариуцлагатай цаг мөчид ард түмнийхээ нүд нь, чих нь байж бурууд хатуу, зөвд зөөлөн байхын тулд би чармайн ажиллана аа. Би Монголын эрх ашиг, монголчуудын хөгжил дэвшлийн төлөө Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Тийм учраас Монголыг хохироох, өнгөц харахад туслаад байгаа юм шиг хэрнээ цаагуураа шоглоод байх шиг гадны бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй.
 
Монголоос түүхий эдээс гадна бэлэн бүтээгдэхүүн авах, монголчуудыг ажилтай байлгахад тус болох төсөл хэрэгжүүлэх, харилцан ашигтай харилцаа, арилжааг би бүрэн хүлээн зөвшөөрнө. Монголд ашигтай л бол хэнтэй ч хамтран ажиллахаас татгалзахгүй. Жижиг улс гээд бөхөлзөхгүй, том улс гээд сүрдэхгүй эрх тэгш харилцааг л эрхэмлэн ажиллах болно. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр бардам, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо итгэдэг. Та бид хүчээ нийлүүлэн нягтрахад хамтдаа ялна. Монгол ялна. Хариуцлага,сахилга батбол ялалтын зам мөр мөн. Би эрх чөлөө шударга ёсыг сахин хамгаалж, иргэдээ дэмжиж, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлж, экологийн тэнцвэрийг хангаж, эх нутгаа хамгаалж, эв нэгдэл үндэсний эрх ашгаа дээдэлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байх болно.
 
 
МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ЗАЯА ТҮХ БОЛТУГАЙ.
 
  Таныг Хүндэтгэсэн: Халтмаагийн Баттулга
Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс тавигдлаа
Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс тавигдлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.