Банк хэдийгээр ашиг олохын төлөө ажиллаж байгаа ч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг гэдэг юмыг умартаж болохгүй гэдгийг ШӨХТГ-аас анхааруулдаг. Хэвлэлийнхэн мөн бичиж нийтлэдэг. Гэвч монополь банкуудын даварсан үйлдэл дарагдалгүй өдийг хүрсэн юм. Улс орон, эдийн засаг амаргүй байгаа энэ үед банкуудын өндөр шимтгэл мөнгө хүүлэгчийн арга барилаас ялгаагүй л ойлгогдож байгаа. Банкны салбарын үйл ажиллагаа бол цэвэр итгэлцэл дээр суурилдаг гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа биз ээ. Тэрчлэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгаас урьтаж өөрсдөө олох таван цаасныхаа араас хатсан, нэхэл хатуутай үйлчилгээнээс иргэд аяндаа л зайгаа барьдаг. Тухайлбал, Голомт банк мөнгө шилжүүлгээс маш өндөр шимтгэл авдаг тул үйлчлүүлэгчид эсэргүүцсэн сэтгэгдлийг ихээр илэрхийлэх болжээ. Голомт банк 5 сая төгрөг дотор бол 08-16 цагийн хооронд 2000 төгрөг, 16 цагаас хойш бол 5000 төгрөгний шимтгэлтэй бол 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд 08-16 цагаас өмнө 5000 төгрөгний шимтгэл авч, харин 16 цагаас хойш бол 50,000 төгрөгний шимтгэл авдаг аж. Теллер нь уг шимтгэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “иргэн бүрийг интернэт банктай болгох ингэснээр бэлэн мөнгөний харилцаа хаагдсанаар далд эдийн засаг хумигдана” гэсэн ач холбогдолтой зүйл хэмээн том зүйл ярьсан нь нэр бүхий хэвлэлүүдээр гарч байсан удаатай.
Бусад банкуудын тухайд Голомт банкны шимтгэлээс арай уян хатан харагддаг. Худалдаа хөгжлийн банкны тухайд арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл 2000 төгрөг, Төрийн банкны данс руу гүйлгээ хийхэд 300 төгрөгийн шимтгэлтэй бол, тус банкинд арилжаалахгүй байгаа ховор төрлийн валютыг өөр банк руу шилжүүлбэл 15 мянган төгрөгийн шимтгэл авна гэж байна.Харин Хаан банкны тухайд бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 500 төгрөгийн шимтгэлтэй бол Хас банк бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 2 мянган төгрөгийн шимтгэлтэй, харин тус банкны харилцагч бол 300 төгрөгийн шимтгэлтэй. Ажлын цаг дууссаны дараа их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ банк хооронд хийхэд боодол мөнгө тутмаас 200 төгрөгийн шимтгэл авдаг байна.
Тэгэхээр банкуудын шимтгэлийн мэдээллээс харахад хамгийн өндөр хатуу тогтоосон нь Голомт банк аж.