Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээН.Баттөмөр: Эмч нар биднийг хагалгааны өрөөнд оруулахад эхнэрийн минь гар хэдийнэ хөрчихсөн байсан

Нийслэлийн II амаржих газарт эрүүл, саруул амаржихаар очсон бүсгүй учир битүүлгээр амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эмч нар бүсгүйг амьсгал хураах үед хэвлий дэх хүүхдийг нь кесерова хагалгаагаар төрүүлсэн ч эрүүл саруул хүн болно гэдэг нь эргэлзээтэй байгаа гэнэ. Учир нь охин хүчилтөрөгчийн архаг дутмагшилтайгаас гадна тархи нь ажиллагаагүй, хөхөх рефлексгүй төржээ. Одоо охин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.  

Энэ хэргийн талаар бид талийгаач Б.Э-ийн нөхөр Н.Баттөмөр болон ах Б.Энхбаяр, эгч Б.Энхжаргал нартай нь уулзаж, тухайн үед яг юу болсон талаар ярилцлаа.

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

-Үнэхээр харамсалтай явдал болжээ. Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Охиных нь биеийн байдал ямар байгаа вэ. ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн гэж сонслоо?

Н.Баттөмөр: -Охины минь биеийн байдал хүнд байна. Сая охин дээрээ орчихоод ирлээ. Сэхээний тасагт байгаа болохоор сахиур оруулдаггүй юм билээ. Хааяа орж гардаг. Хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэн тархи нь ажиллагаагүй төрсөн гэж эмч нар хэлсэн. Төрсөн цагаасаа хойш байнгын таталттай, хөхөх, уйлах рефлексгүй байна. Нийслэлийн II амаржих газрын эмч нар охиныг минь төрөх үед өнөөдрийг давах болов уу, их хүнд хүүхэд гэж байсан. Гэхдээ охин минь хүн болох гэж тэмцэж байна. Одоо ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмч нар цаашид мэдрэлийн талдаа их асуудалтай хүн болно шүү гэж анхааруулж байгаа.

-Тээлт хэвийн байсан уу. Охин нь хэдэн недельтэй төрсөн бэ?

-Энэ манай гурав дахь хүүхэд. Том охин маань 19 настай, дунд хүү маань 9 настай. Миний хань жирэмсэн байхдаа ямар нэгэн хүндрэл өгч байгаагүй, тээлт хэвийн байсан. Жирэмсний эхний болон хожуу үеийн хорлогод ч ордоггүй байсан. Хоёр том дээрээ ч ялгаагүй, хэвийн тээгээд л их сайхан төрдөг байсан. Тэр ч бүү хэл ямар ч урагдалгүй төрж байсан юм. Гэтэл гурав дахь хүүхдээ төрүүлэхээр очоод л учир битүүлгээр эндчихлээ /уйлав/. Бидэнд үнэхээр хэцүү байна. Дунд хүү маань ээж, дүү хоёроо ороод ирнэ гэж хүлээгээд л... Миний хувьд ч гэсэн ийм явдал болсонд одоо ч итгэж өгөхгүй байна.

-Талийгаач Нийслэлийн II амаржих газарт төрөхөөр очихдоо өвдөлт өгч байсан уу. Ер нь биеийн байдал нь ямар байсан бэ?

Б.Энхжаргал: -Би АНУ-д амьдардаг юм. Дүүгээ өнгөрсний маргааш нь Монголд ирсэн. Дүү минь надтай байнга фэйсбүүк чатаар холбоотой байдаг байсан. Дүүгийн минь хувьд төрөх эмнэлэгт хэвтэх хүртлээ ямар ч зовиур байгаагүй. Ингээд дөрөвдүгээр сарын 24-нд /даваа гаригт/ төрөх хугацаа нь болчихоор нь Сонгинохайрхан дүүргийн Амбулаторийн хяналтынхаа эмчид үзүүлэхэд дотуур үзлэг хийсэн гэсэн. Ингээд савны амсар нэг хуруу нээгдсэн байна. Гэхдээ 41 недель хараахан болоогүй байгаа учраас ирэх даваа гариг /тавдугаар сарын 1/ хүртэл харзнаж бай. Одоо хэвтэх бичиг хийгээд өгчихвөл чамайг буцаачих байх. Тэр хооронд өвдөх юм бол шууд түргэн дуудаад төрөх рүүгээ очоорой, өвдөхгүй бол даваа гаригт ирээд хэвтэх бичиг аваад яваарай гэж хэлсэн юм билээ. Даралт, зүрхний цохилт хэвийн, хүүхдийн хөдөлгөөн сайн байгаа гэхээр нь илүү тээлттэй болж байгаа учраас ямар нэгэн зовиур илэрбэл шууд төрөх эмнэлэгтээ очиж хэвтээрэй. Өвдөхөө хүлээж болохгүй шүү гэж захиж байсан. Ингээд миний дүү хяналтынхаа эмчийн хэлснээр энэ сарын 1-нд хэвтэх бичиг аваад Нийслэлийн II амаржих газарт хэвтэхээр очсон байдаг. Гэтэл дотуур үзлэг хийгээд “41 недель арай болоогүй байна. Маргааш гэхэд 41 болчихно. Тэгээд ч өнөөдөр ор байхгүй байна. Маргааш ирээд хэвт” гээд буцаасан байдаг. Бид хоёрын чаталсан яриа утсан дээр хадгалагдсан байгаа. 

Бүсгүй дусал хийлгэж байгаад ухаан алджээ

-Тэгээд маргааш нь хэвтэхээр ирсэн үү?

Н.Баттөмөр:-Тэгсэн. Бид хоёр өглөө 09:00-10:00 цагийн үед нийслэлийн II амаржих газарт очсон. Тэгээд эхнэр маань хувцсаа солиод гадуур хувцсаа надад өгсөн. Бид гэртээ хариад өдөр 15:00 цагийн үед эмнэлэг дээр буцаж ирсэн. Тэгэхэд эхнэр маань “Ор байхгүй гээд коридорт зогсож байна. Ор гарахаар тасагт оруулах байх” гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Гэтэл оройн 18:00 цагийн үед манай хүн над руу утасдаад “Эмч дотуур үзлэг хийж байгаад миний усыг хагалчихлаа” гээд их л ууртай ярьсан. Тухайн үед л ор гаргаж, манай хүнийг тасагт оруулсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би “Тэгж болдог юм болов уу” гэхэд эхнэр маань “Мэдэхгүй ээ, өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ. Орой сэдээх эм тавина гэсэн. Тэгээд өглөө 06 цаг хүртэл төрөхгүй бол дусал хийж төрүүлнэ гэсэн” гээд утсаа тасалсан. Би тэр шөнө эмнэлэг дээр хоносон л доо. Ингээд орой 23:00 цагийн үед эм тавьсан. Намайг шөнийг 01:00 цагийн үед залгахад “Эм тавьсны дараа жаахан дуншиж өвдөх янз ороод больчихлоо” гэсэн. Дараа нь үүрийн 05:00 цагийн үед дахиад залгахад “Хэвэндээ л байна. Одоо дусал хийх байх даа” гэж байсан. Ингээд бид өглөөний 08:30 цагийн үед залгахад эмч нар ээлжээ хүлээлцэж байсан. Гэтэл 09:14 цагийн үед эхнэр минь над руу залгаад “Доошоо юм гараад байна. Хоёр ширхэг памперс аваад ир” гэсэн. Ингэж хэлэхдээ дуу нь их сулбагар байсан. Би ч тухайн үед үүдэнд нь хүлээж байсан болохоор гялс захисан паперсыг нь авчраад сувилагчид нь өгөөд оруулуулсан. Ингээд 09:40 цагийн үед утас руу нь залгасан чинь утсаа аваагүй. Нэлээд хэдэн удаа залгасан ч авахгүй болохоор нь жаахан санаа зовоод хүлээж байв. 

Гэтэл 10:10 цагийн үед хүмүүс бужигналдаад “Ягаан бэлтгэлийн өмд, ягаан табчиктай эх цээжнээсээ дээш хөв хөх болоод ухаан алдаад уначихлаа. Эмч нар дээшээ аваад явчихлаа” гэсэн. 

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

-Дусал хийлгэж байхдаа ухаан алдсан уу?

-Тэгсэн дусал хийлгэж байхдаа унасан. Дусал залгуулсан байхдаа “Миний бие эвгүй болоод байна аа” гэж босоод л ухаан алдсан гэж ойролцоо байсан ээж нар хэлж байсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа буюу 10:20 цагийн үед нэг цагаан халадтай хүн гарч ирээд “Энхчимэгийн ар гэрээс хүн байна уу. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд” гэсэн. Би ч сандраад эхнэрийнхээ эгч, ах руу залгаад тэд ч маш хурдан ирсэн.

-Тухайн үед эмч нар биеийн байдлыг нь юу гэж хэлсэн бэ. Яг юунаас болж ухаан алдаж унасныг нь хэлсэн үү?

-“Маш хүнд байна” л гэж хэлсэн. Эхнэрийн маань ахыг ирсний дараа хоёр эмч бид хоёрт нөмрөг өмсгөөд, эргэлтийн хаалгаар дотогш нэг өрөөнд оруулсан. Ингээд тэд “Энхчимэгийн бие маш хүнд байна. Мэс заслын үйл ажиллагаа явагдаж байна. Та нар таньж мэддэг лам хуврагадаа хэлээд, хамаатан саднаа бүгдийг нь цуглуулаарай. Өргөж, цацдаг юм байвал цацаж, өргөөрэй” гэсэн. 

-Хэдэн цагийн үед вэ?

Б.Энхбаяр:-10:40-10:50 цагийн үед шиг санаж байна. Дараа нь 13:30 цагийн үед өөр нэг эмч биднийг дуудаад “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага. Хүүхдийг нь кесерова хагалгаагаар төрүүлсэн. Хүүхдэд нь ч гэсэн их хүнд байгаа. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш сул, ганц хоёр цохилох төдий л байна. Төрөл төрөгсдөдөө хэлээрэй” гэсэн. Эмч нар ингэж хоёр удаа бидэнтэй уулзаад л гаргасан. Дүүгийнхээ биеийг асуухаар “Мэс засал хийгдэж байна” гээд л байсан. Гэтэл 14:50 цагийн үед эмч нар талийгаачийн нөхөр, охин бид гурвыг хагалгааны өрөө рүү оруулсан. Тэр үед дүү минь ухаангүй, хамар, амандаа бинттэй,  эмч нар гараараа цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж байгаа байдалтай байсан. 

Н.Баттөмөр: -Тэр үед ханийнхаа гараас барихад цэл хүйтэн байсан

Төрөхийн эмч нар ургийн шингэний бөглөрөл гэсэн дүгнэлт гаргасан

-Тэгэхээр амьсгал хураасных нь дараа та нарыг оруулсан гэсэн үг үү?

Б.Энхжаргал: -Хамгийн эргэлзээтэй байгаа зүйл нь дүү нарыг маань хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн байсан гэсэн. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан юм билээ. Амьсгал дэмжих аппарат заавал байх ёстой шүү дээ. Үнэхээр сэжигтэй.

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

Б.Энхбаяр: Дүүг минь өнгөрсний дараа биднийг оруулсан байх гэж сэжиглэж байгаа. Тэгээд бидний нүдийг хуурах гэж л хиймэл амьсгаа хийж байгаа дүр үзүүлсэн байх. Ер нь эмч нар маш их цаг алдаж, дүүг минь цус алдуулж алдуулчихаад л ухаан алдахад нь л хөдөлж эхэлсэн гэж бодож байна. Тэр үед нэгэнт оройтсон байсан байх. Тэгээд ар гэрийнхнээс нь айхдаа шаардлагатай бүр арга хэмжээг авч байгаа дүр үзүүлсэн байж болзошгүй. Ер нь бол дүү минь ухаан алдаад нэг их удалгүй л өнгөрсөн байх. Тэгээд амьсгал хураачихаар нь эмч нар ядаж хүүхдийг нь аваръя гэж бодсон байх. Хүүхдийг нь 10:30 цагийн үед гаргаж авсан гэдэг. Биднийг 14:50 цагийн үед дүү дээрээ ороход гар нь аль хэдийнэ зангираад, цэл хүйтэн болсон байсан.  

-Нас барсан цагийг нь хэд гэж тэмдэглэсэн байдаг вэ?

-Биднийг 14:50 цагийн үед орсноос хойш эмч нар ээлжлээд л дүүгийн минь цээжин дээр зогсоо зайгүй массаж хийж байсан. Гэхдээ ямар ч амьсгалын аппрат, гуурс байхгүйгээр шүү. Ингээд эмнэлгийн карт дээр 15:44 цагт дүүг минь “Нас барсан” гэж бүртгэсэн. 

-Эмч нар эх эндсэн шалтгааныг нь юу гэж тайлбарлаж байна вэ?

Б.Энхжаргал: -Ургийн шингэний бөглөрөл гэсэн дүгнэлт гаргалаа гэж хэлсэн

Б.Энхбаяр: -Гэхдээ нэг талаараа ийм байж болох талтай ч нөгөө талаараа хугацаа алдаж, хайхрамжгүй хандсанаас болоод гарсан хүндрэлийг давагдашгүй хүчин зүйлээр хаацайлах гэсэн арга байж магадгүй. Хэрвээ үнэхээр ураг орчмын шингэний бөөгнөрөл байсан байлаа ч эмч нар тухайн үедээ хайхрамжтай хандаад, үзлэгээ сайн хийгээд, эмчилгээний зөв шийдвэр гаргасан бол эх эндэхгүй байх байсан. Адгийн наад зах нь хүүхэд нь бүтэлттэй, тархи нь ажиллагаагүй төрөхгүй байсан шүү дээ. Нэгдүгээр амаржих газарт ураг орчмын шингэний бөөгнөрөл гэсэн оноштой эх эрүүл саруул төрсөн тохиолдол байдаг юм билээ. Харин II амаржих газрын хувьд төрөх өрөө болон хагалгааны өрөө нь хоорондоо маш хол зайтай. Нэгдүгээр давхарт төрөх өрөө нь байхад хоёрдугаар давхарт хагалгааны өрөөтэй. Амь нас нь минут, секундээр хэмжигдэж их хэмжээний цус алдаж байгаа ийм тохиолдолд эхийг төрөх тасгаас хагалгааны тасаг руу хэдэн эмэгтэй эмч нар сэгсчээд л зөөвөрлөх жишээтэй. Ингэхэд маш их цаг алддаг юм билээ. Бусад эхчүүдэд энэ байтугай хүндрэл гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэр үед энэ эмнэлэг болон эмч ажилчид нь бэлэн биш гэдэг нь харагдсан. Цус алдаад амьсгал нь боогдчихсон байсан дүүд минь эмч нар цаг алдалгүй арга хэмжээ авсан гэдэг нь эргэлзээтэй. Тэр ч бүү хэл хагалгаа явагдаж байх үед сэхээнийх нь эмч эзгүй байсан гэсэн. Ажлын цагаар ажлын байран дээрээ байх ёстой биз дээ. 

Миний хань жирэмсэн байхдаа ямар нэгэн хүндрэл өгч байгаагүй, тээлт хэвийн байсан. Жирэмсний эхний болон хожуу үеийн хорлогод ч ордоггүй байсан. Хоёр том дээрээ ч ялгаагүй, хэвийн тээгээд л их сайхан төрдөг байсан. Тэр ч бүү хэл ямар ч урагдалгүй төрж байсан юм. Гэтэл гурав дахь хүүхдээ төрүүлэхээр очоод л учир битүүлгээр эндчихлээ.

Б.Энхжаргал: -Эмч нар нь надтай уулзахдаа шаардлагатай бүх арга хэмжээг авсан, гуурсаа тавьсан, адерналинаа хийсэн гэж хэлдэг. Дүүг минь ухаан алдсанаас хойш 30 секундын дотор хүүхдийг нь гаргаж авсан гэдэг. Би тэр эмч нарын хэлж, ярьж байгаа бүгдийг нь тэмдэглээд авсан байгаа. Гэхдээ ярьж, хэлж байгаа зүйлүүд нь бүгд хоорондоо авцалдахгүй, зөрүүтэй байгаа болохоор сэжиг төрөөд байгаа юм.

-Тухайлбал юу гэж хэлж байна вэ?

-Надад хэлэхдээ хүүхдийг нь 30 секундын дотор хагалгаагаар гаргасан гэж байгаа бол нөхөрт нь 2 минутын дотор гаргасан гэх жишээтэй. Уг нь бол болсон үйл явдлыг бүгдийг нь цаг, минут, секундтэй нь тэмдэглэх учиртай шүү дээ. Тэр баримтууд хоорондоо зөрөх учиргүй. Тэмдэглэл дээрээ хүүхдийг 10:27 цагийн үед кесерова хагалгаагаар 4 кг жинтэй охин төрсөн гэж тэмдэглэсэн байсан. 
Ер нь эмч нарын ярьж байгаа бүх зүйл хоорондоо зөрөөд их учир битүүлэг байгаа учраас энэ хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа. Гэтэл хэргийг шалгаж байгаа Баярбилэг байцаагч их л хойрго хандаад байна.

Хяналтынх нь эмч талийгаачийн карт дээр засвар хийсэн байсан

-Доошоо юм гараад байна гээд памперс захисан гэсэн. Тэр үед л цус алдаж байж дээ?

-Яг тийм. Усыг нь хагалчихсан юм чинь өөр юу гарах юм бэ. Цус л алдаж байсан гэж бодож байна. Тэр үед л эмч нар цаг алдалгүй арга хэмжээ авсан бол байдал ийм дээрээ тулахгүй л байсан болов уу. Цус алдаж байгаа тохиолдолд дусал хийж болохгүй, яаралтай хагалгаа хийх заалттай байдаг юм.

Мөн нэг эргэлзээтэй байгаа зүйл нь дүү минь өмнөх орой нь нөхөр рүүгээ “Ус хагалчихлаа” гэж ярьсан байдаг. Гэтэл эмч нар өглөөний 07:00 цагт усыг нь хагалсан гэж хэлж, тэмдэглэсэн байгаа юм. Хоёр удаа төрсөн хүн чинь ус гарч байгаа эсэхээ мэднэ шүү дээ. Анхны төрөгчид бол магадгүй төөрч, будилна гэхсэн. Гэхдээ усыг нь хагалахдаа их өвтгөсөн байж магадгүй гэж бодоод байна. Хэр баргийн юманд уурладаггүй, их тайван хүн шүү дээ. Тэр үед нэг алдаа гарсан байх магадлалтай. Магадгүй усыг нь хагалах гэж байгаад эхсийг нь гэмтээж, ховхолсон ч байхыг үгүйсгэхгүй. 

-Шүүх эмнэлэгт хандсан уу. Задлан шинжилгээний дүгнэлтээр уг нь шалтгаан нь тодорхой болох байх?

Н.Баттөмөр: Эхнэрийг минь өнгөрөхөд Эмгэг судлалын хүрээлэнгийнхэн цогцсоос дээж авч, шинжилгээ хийсэн юм билээ. Гэхдээ бид эмнэлгийн байгууллагынхан эмнэлгийн байгууллагаа шалгах нь зохисгүй, үнэн зөв дүгнэлт гаргахгүй гэдэг үүднээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан. Гэтэл цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор шинжилгээ хийдэг гэсэн. Ингээд цагдаад хандахад ШШҮХ-гээр шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Тэр үед бас амралтын өдөр таарсан байсныг ч хэлэх үү, ер нь боломжгүй гэдэг хариуг сонссон л доо. Гэтэл бид даваа гаригийн өглөө талийгаачийгаа хөдөөлүүлэх байсан юм. Ингээд арга мухардаад дүүргийн прокурор Амгаланбаатарт хандахад бидний асуудлыг маш шуурхай шийдээд, ЭХЭМҮТ-ийн шарил хадгалах газраас ШШҮХ-рүү шилжүүлж задлан шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа гарна гэсэн. 

-Эмч нар талийгаачийн карт дээр засвар хийсэн гэдэг зүйл яригдаж байсан. Юу болсон юм бэ?

-Сонгинохайрхан дүүргийн 10 буудалд байдаг амбулаторид манай хүн хяналтад байсан юм. Гэтэл манай хүнийг өнгөрсний дараа хяналтынх нь эмч II амаржих газар дээр ирээд манай охиныг аргалж байгаад талийгаачийн маань картыг эх хувиар нь авсан байгаа юм. Охин маань өгөхгүй гэхэд нь “Та нарт л туслах гэж байгаа юм. Канондуулчихаад л аваад ирье” гээд авсан байдаг. Гэтэл тэр картынх нь эх хувь дээр засвар хийж, нэмэлтээр баахан юм биччихээд канондоод авчирч өгсөн. Тэрийг нь яаж мэдсэн бэ гэхээр манай хүн АНУ-д байдаг эгч рүүгээ байнга чат бичдэг байсан. Тэгэхдээ эмч ийм юм бичиж өглөө гээд картынхаа зургийг авч явуулдаг байсан юм билээ. Гэтэл эгчийн нь утсан дээр байгаа талийгаачийн маань хяналтын карт эх хувьтайгаа зөрж байгаа юм. Анхан шатных нь л эмч ингэж сандарч, баримт дээр засвар оруулна гэдэг чинь үнэхээр эргэлзээ төрүүлж байгаа юм. Хэрэв эгч рүүгээ картаа явуулж байгаагүй бол бид мэдэхгүй өнгөрөх байсан. Нийслэлийн II амаржих газрынхан бас өвчний түүхийг, хийсэн эмчилгээгээ яаж засч янзалж байгааг бид мэдэхгүй шүү дээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ хэрэгт анхаарлаа хандуулаасай

Талийгаачийн нөхөр Н.Баттөмөр эхнэрээ төрөх эмнэлэгт хэвтүүлэхдээ халаасанд нь 50,000 төгрөг хийгээд “Хэрэг болох байх. Эмч нартаа өгөөрэй. Өөр мөнгө төгрөг хэрэг болбол хэлээрэй” гээд оруулжээ. Гэвч талийгаачийн хувцаснуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөд мөнгөө хэрэглэж амжаагүй байсан гэнэ. Энэ талаар талийгаачийн ах Б.Энхбаяр “Бид мөнгө төгрөгтэй, боломжийн амьдралтай байсан бол дүүгээ хувийн эмнэлэгт л төрүүлэх байлаа. Эмч нартаа тэр халаасандаа авч орсон мөнгөө өгсөн бол магадгүй өнөөдөр амьд байх ч байсан юм билүү гэж халаглах юм. Энэ хэрэг миний дүүгээр дуусаасай. Дахин өөр гэр бүлд ийм гашуудал бүү тохиолдоосой гэсэндээ хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Түүнээс биш бид хэдий заргалдлаа гээд дүү минь босоод ирэхгүй. Энэ хэргийг салбарын сайд А.Цогцэцэг нь анхааралдаа аваасай. Алдаа гаргасан эмч нар хариуцлага тооцсон шиг тооцдог болох хэрэгтэй. Түүнээс биш сарын цалинтай нь ярих төдий сахилгын арга хэмжээ авсаар байвал олон хүүхэд өнчирч, олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх болно” гэлээ.

Эх сурвалж: Eagle.mn 

МӨХЛӨӨС СЭХЭЛ РҮҮ…
МӨХЛӨӨС СЭХЭЛ РҮҮ…
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.