Монголын хамгийн том Их сургууль болох Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл боловсролын салбарт 19 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 11 салбар сургууль, 250 гаруй мэргэжлээр 13000 оюутан, 700 гаруй багшлах боловсон хүчинтэй боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг аялал, жуулчлал, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр гэсэн хоёр тохиолдолд ашиглахыг хуулиар зөвшөөрдөг ба МҮИС нь Их сургуулийнхаа 2-р хотхон буюу олон улсын стандартад нийцсэн Монгол улсын хамгийн анхны, хамгийн том “Эко их сургуулийн кампус-хотхон”-ны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
МҮИС нь “Эко их сургуулийн кампус-хотхон”-ы бүтээн байгуулалтын зураг төсөл, төлөвлөлтийг Японы олонхи их сургуулиудын кампусын төлөвлөлтийг хийсэн туршлагатай компани болох “Sky” групптэй 2 жилийн турш хамтран хийсэн байна. Зайсангийн аманд иргэд аж ахуйн нэгжүүдийн хувийн орон сууц хотхоноор дүүрсэн өнөө үед монгол улсын 21 аймаг, өнцөг булан бүрээс ирсэн оюутан залуусын сурч боловсорч, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлсэн “Эко их сургуулийн кампус-хотхон” байгуулагдсанаар нийслэлийн иргэдийн Богд уул руу алхахдаа дайран өнгөрдөг уг зам нь улам тохилог, нээлттэй, таатай орчин бүрдэх юм байна.
Тус сургууль нь уг “Эко их сургуулийн кампус-хотхон”-ыг байгуулснаар гадны их дээд сургуулиудтай дараах томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, БНСУ-ын Чонжугийн Их сургуультай хамтран Нийгмийн эрүүл мэнд сувилахуйн чиглэлээр 1 тэрбум зургаан зуун сая воны төсөл, Стэнфордын их сургуулийн Анагаахын сургуультай хамтран Яаралтай тусламжийн анхны онлайн сургалт зохион байгуулах, Калифорниагийн их сургуультай хамтран “Solar project” төсөл дээр хамтран ажиллах, Нидерландын Засгийн газар болон Сингапур улстай хамтарсан “Green house” төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Мөн БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Япон, Тайвань,Энэтхэг, Польш зэрэг 40 орны нийт 50 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллана. Тус сургуулийн “Эко их сургуулийн кампус-хотхон” нь монголын хамгийн том Их сургууль болох МҮИС-ийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа жишээ юм.