МАХН-аас Н.Энхбаярын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд байгаа. Нэр дэвших нэг хэрэг, харин хойшхи зам мөр нь хэрхэн засагдах бол гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл тэр Сонгуулийн тухай хуулийн зарим заалтуудыг илт зөрчсөн нэр дэвшигч. Үүнийгээ ч тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ өөрийнхөө нэрийг дэвшүүлчихээд явж байна. Уг нь энэ байтугайн наадах цаадахийг мэдэх учиртай хүн сэн, арай Монголын төрөөр даажигнаагүй л байлтай билээ. Намынх нь зарим зүтгэлтнүүд “Н.Энхбаяр дарга бол манай цорын ганц боломжит хувилбар. Өөр сонголт байхгүй” хэмээн “ташуурдаж” байгаа. Аливаад, тэр дундаа төрийн хэрэгт ёс зүй гэж том шалгуур байдаг сан.
Түүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж сануулсаар ирсэн. Гэвч үүнийг тэрбээр өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгддэг.
Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр ял сонсож, 4,1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Харин 2015 оны өршөөлийн хуульд хэргийнх нь зарим зүйл заалт хамаарсан байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 дугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлжээ. Гэхдээ уучилсан болохоос өршөөгөөгүй. Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаныхаа дараа “Би гэмт хэрэг хийгээгүй учраас намайг цагаатгах ёстой” гэж хэсэг цамнасан юм даг. Мөнөөх “өөх өгсөн хүнтэй өдөржин шөнөжин заргалдав” гэдэг шиг.
Тэр одоо улс төрд тэр дундаа бүр Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж байна. Улсаа хөгжүүлнэ гэнэ, Монголоо “монцойлгоно” гэнэ. Ингэж ярьж явна. Монголоо улс шиг улс болгох боломж, цаг хугацаа түүнд байгаагүй биш, байсан. Монгол төрийн хамаг л өндөр албан тушаалыг хашиж явсан түүний засаглалын он жилүүдээс үлдэж хоцорсон эерэг үйл мөр нь юу билээ гээд бодохоор толгойд торох тоймтой юм үнэндээ алга. Харин ч энэ он жилүүдийнхээ араас албан тушаалаа ашиглан төрийн өмч хөрөнгийг завшсан гэх хэргээр ял сонсож, дээлээ нөмөрсөн нь үнэн явдал.
Одоо бол тэр Монголын улс төрд өнгөлөн далдлалт хийсэн “өшөө авагч”-ийн дүрээр л эргэж ирэхээр зүтгэж байх шиг байна. Тооцоо бодох хүн түүнд олон байгаа.
Нөгөө талаасаа өөрийгөө нэр дэвших боломжгүй гэдгийг мэдсээр байгаа хэрнээ хууль журмыг илт зөрчиж, төрийн хэргээр илт тохуурхаж байгаа нь энэ хүн хэр “төлөвшиж” томоожсоныг нь харуулж байх шиг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсний дараа буюу энэ тавдугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж байхгүй гэдгийг нь Н.Энхбаярт албан ёсоор мэдэгдсэн байдаг. Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн тодотгож байсныг санаж байна.
Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх шалтгаан үүгээр хязгаарлагдахгүй.
Сонгуулийн тухай хуульд зааснаар “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан” байх ёстой гэсэн заалттай. Гэтэл нэр дэвшигч Н.Энхбаяр сүүлийн гурван жил БНСУ-д эмчилгээ хийлгэнгээ амьдарсан. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн жил тэр эх орондоо байнга амьдраагүй ирэн очин байсан хүн.
Нэгэнт хуулийн энэ мэт заалт байгаа болхоор МАХН-ын дарга Н.Энхбаярт том зорилгоо хэрэгжүүлэх боломж хуулиар хаалттай байгаа юм. Бидний толгой дээр хуулийн засаглал буй.
Байдал ийм байгаа хэдий ч тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн төв байгуулагад бичиг баримтаа өгөөд байна. Өчигдөр бичиг баримтаа гардуулсны дараа үг хэлэх үеэрээ өөрийгөө зөрчилтэй байгаа гэдгээ бараг хүлээн зөвшөөрчих шиг болно билээ. Тэрбээр энэ үеэр “СЕХ материалыг ямар нэгэн улстөрийн хүчин, албан тушаалтан байгууллагын шахалтад өртөлгүй шударгаар бүртгэх байх гэж бодож байна” гэдгээ илэрхийлсэн. Яагаад ингэж хаяагаа манах болов. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэдэгчлэн мань эр хууль зөрчиж байгаагаа мэдэж байгаа учраас ингэж өөр хөндлөнгийн “улстөрийн хүчин, албан тушаалтнаас” буруу хайх гарцыг бодож олсон бололтой. Өөрөөр хэлбэл Сонгуулийн Ерөнхий Хороо хууль журмаа баримтлаад Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзвал тэр нь Н.Энхбаярын бус өөр нам, албан тушаалтны буруу болж таарах гээд байна.
Н. Энхбаярын улстөрд “улангассан” энэ шунал, ямар арга замаар төрд эргэж ирэхийг санаархаж байгаа нь тодорхойгүй. Үүний цаана наймаа тохиролцоо гээд юу ч байж мэднэ.
СЕХ нэр дэвшигч Н.Энхбаярт шууд хамаарч байгаа хуулийн энэ мэт заалтаа бариад бүртгэхгүй гэвэл Н.Энхбаяр сурсан зангаараа өлсөж хэвтээд ч зорилгодоо хүрч чадахгүй нь тодорхой. Тэгээд ч хууль бол хууль шүү дээ.
М.Нэргүй