Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ДОХ-ын халдвар тээгчийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн эмч нар санаа нь зовниж байна. Өнөөдрийн байдлаар ийм халдвартай 240 гаруй хүн бүртгэгдсэн бол энэ ондоо 500 гарна гэсэн тооцоо судалгааг ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны хэлтсээс нарийвчлан гаргажээ. Нэг хэсэг 15 настай хүүхдээс ДОХ-ын халдвар илэрчээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан билээ.
Энэ хэрэг одоогоос 5 жилийн өмнө буюу тухайн үедээ 15 настай байсан охиноос халдварын шинж тэмдэг илэрсэн болохоос энэ жил шинээр илэрчихсэн тохиолдол биш гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм. Тэгвэл Монголд өдгөө ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн дунд 15-19 насны 12 хүүхэд байна. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчинд өртөгсдийн 43.4 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Жилд дунджаар 4500 хүн зөвхөн тэмбүүгийн халдвар авдаг гэсэн тоо бий. Нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай байгаа юм.