"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг (УБТЗ ХНН)-ээс долдугаар сарын 1-нээс эхлэн тээвэрлэлтийн үнээ өөрчиллөө.
Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр
- өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар,
- мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар,
- машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар,
- ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар,
- орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар,
- барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар,
- гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар,
- чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар,
- орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэх болсноо цахим хуудсандаа мэдэгджээ.
Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг Ерөнхий хорооны 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар бууруулж тооцох болсноо мэдэгдэв.
"Индексжүүлнэ гэдэг нь инфляцтай уялдуулан тооцсоны үндсэн дээр тарифаа өөрчлөн нэмэгдүүлнэ гэсэн үг. Түүнээс биш тооцоололгүйгээр өсгөх тухай биш юм" хэмээн холбогдох албаны хүн хэллээ.