Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр зуун саяар гавьяат болжээ

Энэ гавьяат цолны учрыг төр олж шийдэж өгөхгүй бол хэцүүдлээ. Энэ түүхийг анхлан сонсоод чихэндээ итгэж чадахгүй байв. Дараа нь хэд хэдэн нөхрийн ярихыг сонсоод гутрах, сэтгэлээр унах байдалд оров.

Над мэтийн шударга хөдөлмөрөө төрдөө үнэлүүлээд гавьяат цолонд хүрсэн монголын мянга мянган шударга иргэнийг доромжилж, хэдэн халтар төгрөгөөр худалдаад авчихдаг цол юм бол бидний хэсэг нөхөд энэ цолыг буцаан өгч, хэвлэлийн хурал зарламаар санагдчихлаа.

Дээд Шүүхэд цолны үнэн зөв ба худал, шударга ба шударга бусыг ялгадаг нэгэн алба ажиллуулж давхар батламж өгдөг болмоор байна.

Аймгийнхаа тэгш тоотой ойг тэмдэглүүлсэн нэг бизнесмэн хөгшин 200 саяар гавьяат боллоо гэж өөрөө ярихыг сонсоод би тэссэнгүй хэвлэлд хандаж байна. Тэр нөхөр мөнгөтэй, бизнестэй, гэвч гавьяат болно гээд өмнөх ерөнхийлөгчийн үед ЕТГ-ын шагналын нэг ажилтанд 50 сая төгрөг өгсөн байгаа юм. Шагналаа хэзээ ч авч магадгүй, хэзээ ч ордноос дуудах юм билээ гээд жийп машиндаа байнга гонжоом, торгон дээл, бүрх малгайгаа хийгээд явсан байгаа юм. Цаад 50 сая авсан нь тэгж хэлж бэлтгүүлээд нэлээд уджээ. Ерөнхийлөгч солигдож, харин тэр мөнгө авч шагнал будлиулдаг нөхөр цагдаа, мөрдөнгөөр баахан явж явж хэрэгт оролгүй сураг нь тасарчээ. Ийнхүү 50 саяаа тавиад туучихсан бизнесмэн эр дахин 50 саяаа нутгийн зөвлөлийн дарга нартаа өгч гавьяатаа хөөцөлдүүлэхээр болжээ. Нутгийн зөвлөлийн дарга нар нь өгүүлнэ, шагнуулна гэж амлаад бас дахин хүлээлгэжээ. Хүлээгээд л, хүлээгээд л байдаг, хайран сайхан 100 саяаа салхинд хийсгэчихгүй байгаасай гээд л горьдоод яваад байдаг, жийпэндээ гонжоом, торгон дээл, бүрх малгайгаа хадгалаастай яваад л байдаг. Байдаггүй ээ.

Гэтэл нэг өдөр, энэ хаврын сүүл хавьд аймгийнх нь нутгийн зөвлөлийн том дарга дууджээ. Гавьяат цол баараггүй, санаа зоволтгүй, харин одоо төрөлх аймгийнхаа тэгш тоотой ойн баярт хандив өргө, 100 саяыг өгчих гэжээ. Мань хүнд мөнгө чухал биш тул 100 саяыг аймгийнхаа баяр наадамд ханвивлажээ. Гавьяатаа авч л байвал барав гэж бодоод нэхсэн болгоныг өгөхөд бэлхэн болчихсон, сэтгэл санаа нь тэгж бэлтгэгдсэн хэрэг байх.

Төрийн ордноос дуудлага ирэхийг хүлээгээд машинтайгаа хотын төвөөр баахан холхиод байдаг. Байдаггүй шүү. Ордны гадна амьд цэцгийн баглаа тэвэрсэн ахан дүүс, хамт олон гавьяатуудаа угтаж аваад байдаг, мань нөхөр сэтгэлээр унаж эхлэв. Аймгийн нутгийн зөвлөлийн том дарга дээрээ давхиж хүрэв. Яасан ийсэн, юу болсон, яагаад намайг дуудахгүй байна гээд бөөн хэл ам хийтэл амыг хөөрхөн таглав. Төрөлх хайрт аймгийнхаа тэгш тоотой ойн баярт яваад оч тэнд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд нутгийн чинь хэдэн зуун хүн ард, зон олны нүдэн дээр нь гавьяатыг чинь гардуулна гэж амлав. Мань хүн биеэ, гэр бүлээ бэлтгэн бэлтгэн, нойргүй хонож догдолсоор аймгийнхаа ойд давхиж очив. Олон жил мээмээ хавдтал хүсэн хүлээсэн өнийн мөрөөдөл гавьяат цолоо авахаар мордлоо. Үнэхээр ч цэнгэлдэх хүрээлэнд цол шагналыг нь гардуулах нь гардуулжээ. Тийм салбарын гавьяат өндөр настан тэр гуай гэж дуудуулсан нь нэг тиймхэн болохоос бусдаар хүсэн хүлээсэн алтан шар тэмдэгээ зүүх нь зүүжээ. Доголон нулимс хацарыг нь дагаж урсаад самсаа нь шархираад сүйд болжээ.

Эхний 50 саяыг авилгач түшмэлд төлснөөс эхлээд мань хүн угтуулж угаагаад тэмдэглээд л байсан юм билээ. Нэртэй төртэй хүмүүс ордог спортын нэгэн клубт явдагийнх тэндээ мөн ч олон удаа угтуулж угаажээ. Сав л хийвэл нэг шил юмны бөглөө мултлаад ерөөл магтаал урсгуулаад байжээ. Тэгж угаасан уусныг тооцвол тусдаа үлэмж зардал урсаж өгчээ.

Одоо нөгөө жинхэнэ гавьяатынхаа их найрыг нийслэл хотноо сүржин хийх хэрэгтэй. Бас олон арван сая төгрөг, магадгүй нэг зуу, хоёр зуун сая ч урсаж магад. Мань хүн нэртэй төртэй нүнжигтэй хийнэ гэж байна лээ. Гүйээ мөн, ингэн ингэн бидэнтэй зэрэгцэн гавьяат болох хэрэг юу байнаа, хайран ч мөнгө, хайран ч мөнгө. Хайран ч нэр төр. Үр хүүхэд нь хожим ичиж үхэх вий дээ?

Бүх ард түмнээсээ нэртэй төртэй сонгогддог эрхэм Ерөнхийлөгч маань сүүлдээ “гавьяат”-ын тэмдэг зүүн өгч, үнэмлэхийг нь гардуулахдаа ичдэг болчихдог болбол юун сайхан байх вэ?

Нэгэнтээ 200 саяар “гавьяат” бүтдэг юм бол “ардын” хэдээр, “хөдөлмөрийн баатар” хэдээр үнэлэгддэг хэрэг вэ гэж жирийн иргэд асууж сураглаж, цуурч шагшиж, жигшиж ярьдаг болчихвол юуны нь сайхан байх билээ, монголчууд минь?

Мань мэтийн жирийн багш, жирийн эмч, жирийн эдийн засагч, жирийн жүжигчин, жирийн гавьяат бүгд 200 саяын замаар, мөнгөөр “гавьяат”-ыг худалдаад авчихдаг гэсэн хар пиар нийгэмд явж байдагт бид маш ихээр гутардаг, яалтай билээ? Иймд биднийг хооронд нь ялгах нэг тогтолцоо үгүйлэгдэж байна даа. Би шударгаар багшийнхаа хөдөлмөрийг үнэлүүлсэн гэдгээ яаж нотлох ёстой болж байна вэ, монголчууд аа?

Гавьяат багш Шаравын Баттогтох

Н.Учрал: Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Н.Учрал: Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.