Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрснээс “ирсэн“ мөнгө буюу хулгайгүй хугацаанд өссөн “тоо“-нууд

Нүүрсний хулгайг шалгаж буй хууль хяналтынхны ажиллагааг "...Унтарлаа", "...Аслаа" гээд янз бүрээр л ярьж байна. Гэтэл нүүрсний хулгайтай холбоотой хэргийг хууль хяналтынхан тасралтгүй мөрдөн шалгасаар л байгаа аж.

Прокурорын байгууллагаас 20-оод хоногийн өмнө "...Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ" гэж мэдээлсэн.

Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б, У, Б нар нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан машинуудын гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн машины мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт "...13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ" гэж мэдээлсэн. Үүний хоёр нь нүүрсний хулгайтай холбоотой хэрэг байх жишээтэй.

Гэхдээ олон нийтийн зүгээс энэ хулгайд холбогдсон гишүүд дээр анхаараад байх шиг байгаа юм. Энэ зөв. "...Иргэн таны элч байх болно. Эрхийн чинь төлөө зүтгэнэ" гэж сонгогдчихоод нийтийн хөрөнгөөс хулгайлсан хэрэгт холбогдоод байж болохгүй. Тэр утгаараа гишүүд ийм асуудлаас хол байх учиртай. Өөрөө холбогдоогүй, үйлдээгүй ч, өмөөрөөд байх нь ч зохимжгүй. Үүнд олон нийт таатай хандахгүй. Энэ нь ч арав гаруй хоногийн өмнө нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдсэний дараа тодорхой харагдсан.

Ерөнхий прокурор "...Түдгэлзүүлж шалгах шаардлагатай" гэж санал гаргасан ч УИХ хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Ардаа эргэлзээ тээнэгэлзээтэй л үлдсэн. Тэр байтугай МАН ч "..."Ажнай"-г авч үлдэнэ" гэж санал өгсөн 19 гишүүнээ "олж", улс төрийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн бололтой юм. Тэднийг "...Нүүрсний 19" гэж нэрлэдэг болсон байна лээ.

Ерөөсөө, нүүрсний хулгайд нийт монголчууд юу юунаас илүүтэйгээр нэн таагүй хандаж байгаа нь л энэ юм. Ингэхээс ч өөр арга байхгүй. Нийтийн санд орох байсан ямар их мөнгө нүүрсний хулгайн "олон салаа зам"-аар урсдаг байсан нь одоо ил болж байна. Засгийн газраас 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр цагаас хойш Тавантолгойн нүүрс бүрэн хяналтад орсон гэсэн үг. Борлуулалт, орлого зэрэг нь ямар нэг "гаднын нөлөөгүй" болсон гэж ойлгоход болмоор юм байна лээ. Сүүлд албаны эх сурвалжуудын хэлээд байгаагаар, өмнө нь 100 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 180-аар зардаг болжээ. Угтаа нүүрснийхний гар хөл татарч, гацаа цуцаа арилснаар 2022 оны сүүлчээс экспортыг тогтмол нэмэгдүүлжээ. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 15.9 сая тонн нүүрс экспортолжээ. Уг нь энэ оны төсөвт орсон тооцоогоор 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан байгаа юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн жилийн борлуулалт хамгийн ихдээ 12.5 сая тонн байсан аж. Хамгийн гол нь дундаас нь зувчуулаагүй цэвэр орлого орж ирдэг болсон. Энэ нь дамжаад 2023 оны гуравдугаар сард 3528 төгрөгийн ханштай байсан ам.доллар 3496-д хүрч буурсан гэж албаныхан үзэж байна.

Ер нь бол нүүрсний хулгайг нийтээрээ анхаарч, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоогоод, Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаагүй бол өнөөгийнх шиг үр дүн үзэхгүй. Энэ маш тодорхой юм. Ядахад ковид, дайн гээд дэлхийгээрээ хямарчихсан. Эдгээрээс хамааралтайгаар өмнөд хил ямар ч удаан хаалттай байв даа.

Манай эдийн засаг баларч байсан. Эдийн засаг маань 2020 онд -4.6 хувиар агшиж, экспортын орлого ч буураад 7.5 тэрбумд хүрээд байв. Дээрээс нь төсвийн орлого төлөвлөснөөсөө 654 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоосоо 1.6 их наяд төгрөгөөр дутаж, 10.4 их наяд төгрөг болсон. Дараа жил нь 2021 онд, эдийн засаг арай дээрдэж, 1.6 хувиар сэргэсэн. Экспорт хэмжээ 21 хувиар нэмэгдээд 9.2 тэрбум ам.доллар болсон. Дагаад төсвийн орлого өмнөх оныхоосоо 36 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Гэвч 2022 он гарсаар экспортын хэмжээ огцом буурсан. Яахав, өмнөд хил дахиад л хаагдаж, манай ачаа тээврийн үнэ ч солиортлоо өссөн. Ам.долларын ханш 2849 төгрөгөөс 3400 орчимд хүртэл "ниссэн" дээ. Гадаад валютын нөөц 2020 онд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол 2022 оны наймдугаар сард 2.6 тэрбум болтлоо буурсан. Ингэж Монголын эдийн засаг хүндхэн сорилттой тулж байв. Ийм цаг үед л нүүрсний хулгайг зогсоох үйл ажиллагаа явагдсанаар экспортын хэмжээг огцом 35 хувиар нэмэгдүүлж, анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрчээ. Дүнд нь эдийн засгийг 4.8 хувиар өссөн. Улмаар 2022 онд өмнөх оныхоос 30 хувиар өсөж, төлөвлөгөө 11 хувиар даваад, анх удаа 18.6 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Харин энэ жил хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулчих зураг харагдаж буй аж. Түүнийгээ одоогийн үнээрээ борлуулж чадвал эдийн засаг овоо сайжирна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайгүй хугацаанд нүүрснээс ийм их мөнгө орж ирж, эдийн засаг яаж өссөнийг эдгээр "тоо" хэлээд байна. Ерөөсөө л эдийн засгийн өсөлтийн энэ үзүүлэлтүүд бол нүүрсний хулгай ямар их нүүрлээд байсныг л илтгэж буй юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу
“Шүүр”-ийн үзүүр Болор захирлыг тойрох уу
 
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “зөөлөн сандал”-ын мөрөөдөл нь “хатуу сандал” руу чулуудчихав уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.