УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг тойрсон олон факт яригддаг, бичигддэг, шалгагддаг. Бүр УИХ, Засгийн хэмжээнд сайд, дарга нар Ажлын хэсэг гаргаад шалгаж тогтоогоод зарладаг. Хариуцлага ярих болохоор урагшилдаггүй, тэгсхийгээд нам болдог.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн ийм нэгэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оноос хөндөгдөж эхэлсэн байдаг. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн 49 хувийг эзэмшдэг. 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй ч хөшигний ард Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхшээлдээ оруулсныг монголчууд мэднэ. Нэг ёсондоо жижиг “Таван толгой” улсынх биш Д.Бат-Эрдэнийх л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг бий. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь орон нутгийн жижиг “Таван толгой” компани болох тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018 оноос ярьж эхэлсэн билээ. Гишүүн Л.Энхболд дөрвөн жилийн дараа манай сонины өнгөрсөн баасан гаригийн дугаарт ярилцлага өгөхдөө “...2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн
Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан...” хэмээн дэлгэрүүлж ярьсан нь ноцтой мэдээллүүд байв. Энэ хэргийг тухайн үед АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан ч удалгүй сураг алдарсан. Чухамдаа нүүрсэн мөргөцгийг олборлосон нь үнэн, 2 0 сая ам.долларын хохирол яригддаг, улсын төсөвт улаан мөнгө шилжээгүй. Өөр нэг асуудал бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас байсхийгээд л нүүрс алдагдсан тухай дуулиан дэгддэг. Энэ нь нэлээд эртнээс улбаатай болох нь дараах баримтаас харагдана. Тодруулбал, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас “Таван толгой” ХК /орон нутгийн/-д 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр илгээсэн нэгэн албан бичигт “...”Таван толгой” ХК нь манай компанийн MV -011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон, мөн тус к oмпанийн MV -011943, MV-016883 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна. “Таван толгой” ХК нь дээрх үйл ажиллагаа явуулахдаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрсэн мөргөцгийн хулгайг мартуузай, Ерөнхий сайд аа! тусгай зөвшөөрөлтэй талбайн эзэмшигч болох “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна... Мөн манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг /197 тэрбум 657 сая төгрөг/ төлж, Эрдэнэс Таван толгой компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн нь бий. Энэ хэрэг нэлээд өндрөө авч, УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдсан. ЗГХЭГ- ын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар / 2018.10.23/ мэдэгдэл хийхдээ "...Засгийн газрын хуралдаанаар "Таван толгой” компани өөрөөр хэлбэл, орон нутгийн "Таван толгой” компани төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой”-н газраас нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ дүгнэлтээр жижиг "Таван толгой” компани "Эрдэнэс Таван толгой” компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна... Орон нутгийн " Таван толгой ” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон "Таван толгой транс” компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар хийж байж болзошгүй байна...Бланс, данс, тооцоо бүртгэлд тусгахгүйгээр нүүрс хулгайлсан нь үндсэндээ тогтоогджээ. Жижиг "Таван толгой”, "Таван толгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Ажнайн гэх Бат-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна" гэж одоогоос дөрвөн жилийн өмнө мэдэгдэж байв. Энэ бол ноцтой зүйл. Нөгөө талаар том баримт. Энэ хэрэгт ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 4-нд сүр дуулиантай баривчилж байв. Ингээд харахаар “Эрдэнэс Таван толгой”-н эзэмшил талбайгаас нүүрс алдагдсан, хилийн зурвас дээрх нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлосон явдалд хуулийнхан ч тэр, УИХ, Засгийн газрын хамтарсан шалгалтын багийнхан ч тэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэр цохон буруутгаж иржээ. Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ нүүрсний хулгайн бүлэгтэй тэмцэхээ зарласан. “Эрдэнэс Таван толгой”-д онц дэглэм тогтоосон. Нэр бүхий хүмүүсийг ч баривчилсан. Чухамдаа их хэмжээний хохиролтой, баримттай, олны нүдэн дээр ил байгаа “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой”-г тойрсон нүүрсний хулгайн хэрэгт л цэг тавьчих хэрэгтэй юм.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин