Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний үйлдвэрүүдэд 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлаа үүрүүлэх үү?

Хөгжлийн банкны асуудал өнгөрсөн долоо хоногийн халуун сэдвийн нэг байв. Тус банк 2012-2020 оны хооронд арван бонд буюу жил тутам нэг “шинэ” бонд гаргасан. Хөгжлийн банкны зээлийн 53 хувь нь чанаргүйдсэн нь араасаа олон асуудлыг дагуулж нийгмийг бухимдуулж байна. Мэдээж шүүх хуулийн байгууллагаар уг зээлүүдийг эрэмбэлж төлүүлэх нь тодорхой. Гэхдээ хугацааг хүлээхгүй Засгийн газрын баталгаатай авсан бондын эргэн төлөлт одоо хамгийн их санаа зовоох асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ар араасаа хүлээгдэж буй бондын төлбөрүүдийн хугацааг сунгахад ч бэрх болов. Тухайлбал, бондуудын өрийг эхнээс нь авсан он дарааллаар нь төлж эхэлсэн.

Энэ онд 2012 онд авсан Чингис бондын үлдэгдэл, ирэх жил Самурай бондыг хөрөнгө оруулагчдад хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2013 онд авсан 30 тэрбум иений “Самурай” бондын өрийг ирэх жилийн сүүлээр эргэн төлнө. Өнгөрсөн Баасан гарагт болсон Хөгжлийн банкны олон нийтийн хэлэлцүүлэгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ “Самурай бонд Засгийн газрын баталгаатай гарсан учир Хөгжлийн банк гэрээгээр төлсөн үүргээрээ эргэн төлөх ёстой. Хөгжлийн банкны зээлийн график зөрчигдөж байгаа учир өөрийн эх үүсвэрээр бондын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж болзошгүй. Хэрэв 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг Засгийн газар хариуцах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдэг асуудлыг тавьсан” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Ингээд тус хэлэлцүүлгийн үеэр хэн, юу хэлснийг, асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

Хөгжлийн банкны Хяналтын газрын дарга Б.Амгалан: 2017 оноос өмнө олгосон зээлд ирээдүйд ирэх ашгийг барьцаалсан

- 2013 онд гаргасан Самурай бондын тухайд бүх зардал нь ороод 4.6 хувийн хүүтэй. Энэ хүү хувьсахгүй тогтмол гэсэн үг. Харин бусад валютаар авсан зээлдэгчийн хүү ханшийн зөрүүгээс болж өөрөөр хэлбэл төгрөгийн ханш суларснаас болж зээлийн хүү нь төгрөгөөр бодогдохоор өндөр болж байна. Хөгжлийн банк байгуулагдснаас хойш гурван төрлийн бондыг гаргасан. 580 сая ам.долларын зээлийг Засгийн газрын баталгаатай 2012 онд таван жилийн хугацаатай гаргаж 2017 онд төлж дууссан. Харин 2013 онд Самурай бондыг арван жилийн хугацаатай гаргасан. Нөгөөх нь 2008 онд гаргасан Засгийн газрын баталгаагүй татан төвлөрүүлсэн таван жилийн хугацаатай бонд бий. Үүнийг мөн дараа онд төлнө.

- Эдгээр бондын өрийг төлөхийн тулд дахин бонд гаргах уу?

- Өрийн зохицуулалтыг хийх гэдэг олон улсын нэг жишиг, зээлийг төлүүлэх гэдэг нь нэг хувилбар. Дахин бонд гаргах тухай хэлэхэд эрт байна. Гэхдээ судалж байна.

- Танай банкны бүтцэд өр барагдуулах алба гэж бий юу?

-Хөгжлийн банкны бүтцэд муу зээлийг барагдуулах, тусгай активийн баг, хэлтэс гэж одоогоор байхгүй. Өөр нэрээр өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 21-ны байдлаар энэ хэлтэс ажиллаж одоогоор 39 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж 29 зээлийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн.

-Хүүгүй, барьцаагүй зээл олгосон тухай ярьж байна. Ирээдүйд ирэх өгөөжийг нь барьцаалж зээл олгосон гэлээ. Ийм зүйл байж болох уу?

-Хөгжлийн банк нэг ч хүүгүй зээл олгоогүй. Барьцаагүй зээл огт олгодоггүй. Манай нийт өрийн зээлийн гүйцэтгэлийг хангуулахад нийт барьцааны 25 хувийг нь ирээдүйд бий болох хөрөнгө байна гэж үздэг. Зээлийн онцлогоос шалтгаалж үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ирээдүйд ирэх хөрөнгийг барьцаалсан гэсэн үг. Тодруулбал, зарим төслийн ирээдүйд ирэх ашгийг барьцаалсан нь хангагдахгүй болохоор барьцаагүй зээл гэж нэрлээд байгаа юм. Хэрэв төсөл нь амжилттай болсон бол энэ барьцаа хөрөнгө хангагдах байсан гэж үзнэ.

-Валютын зөрүүг зээлдэгч, үйлдвэрэлэгчид үүрэх ёсгүй. Ханшийн зөрүүг тогтвортой барих нь Монголбанкны үүрэг байсан гэж яриад байгаа?

- Зээлдэгчидтэй банк гэрээ байгуулдаг. Бид валютын зээл олгохдоо тухай зээлийн мөнгөн урсгал дээр үндэслэж зээл олгодог. Хэрэв төгрөг болон валютын орлоготой бол тухайн орлогод нь тааруулж олгодог. Мэдээж тухайн үед нь гэрээгээр зохицуулсан болохоор гэрээгээрээ л явна.

-Гэхдээ Хөгжлийн банк валютаар зээл олгохыг тулгасан гэдэг?

-2021 оноос хойш Хөгжлийн банк зээл олгоогүй. 2017 оноос өмнө авсан зээлдэгчидэд ийм зүйл тулгарч байгаа. Гэхдээ бид үүнийг цэгцлэхээр ажиллаж байна.

-Эрсдэлийн сан одоогийн байдлаар ямар үлдэгдэлтэй байна вэ?

-Эрсдэлийн санг муу зээлд байгуулдаг. Одоогоор өмнө байгуулсан эрсдэлийн санд 780 орчим тэрбум төгрөг бий. Гэхдээ энэ нь одоо үүсчихсэн байгаа чанаргүй зээлийг хангахад хүрэлцэхгүй. Нэмэх талаар судалж байна.

Эдийн засагч Б.Лхагважав: Улстөрчдийг нийтийн санхүүгийн механизмд оролцдог тогтолцоог Үндсэн хуулиас авч хаях хэрэгтэй

-Хөгжлийн банкнаас зээл авсан бизнесийн байгууллагуудыг харлуулж болохгүй. Тэд сая ажлын байр болгосон баялаг бүтээгчид. Гэвч нөгөө талаас ажлын байр бий болгож буй үндэсний үйлдвэрлэгчдээ харлуулах үйл явц давхар явж байгаа нь коммунизм руу гулсаж төрд бүх эрх мэдлийг өгөх гээд байна. МАН-ын сонгуулийн санхүүжилт сүүлийн 10 жилд огт тодорхой биш явж ирсэн. Гэтэл намын генсек Амарбаясгалан гоё юм яриад байна. Монголыг дампууруулж буй гол асуудал намын санхүүжилтийг тодорхой биш байгаагаас болж байна.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр татвар бүрдүүлэлт цар тахлын хатуу үед 103 хувьтай биелсэн. Түүнчлэн 2013-2015 оны эдийн засгийн хямрал, цар тахлын хоёр жил гээд нийтдээ зургаан жилийн зовлонг бизнесийнхэн амсаж байна. Тиймээс Хөгжлийн банкны энэ асуудалд уян хатан бодлого барьж зээл төлөлтийг шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад эрх баригч нам энэ асуудал зургаан жил болж байхад шийдвэрлээгүй өдийг хүргэсэн юм. 2015 онд байгуулагдсан Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг долоон жил дарсан юм. Дараа нь яагаад мөнгө угаах үйл явцад МАН өөрсдөө оролцсон юм. Тиймээс улс төрчдийг нийтийн санхүүгийн механизмд оролцуулдаг энэ системийг Үндсэн хуулиас авч хаяхгүйгээр цэвэршихгүй. Бусад хуулиар хийх гээд чадаагүй. Одоо хийх цаг нь болж.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн даруй гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрэмтэй

-Манай намын дүрэмд гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлэх заалттай. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хасагдана. Харин гэм буруугүй бол эргэн сэргээх гэсэн дүрэмтэй. Түүнчлэн энэ хэлэлцүүлэгийн үр дүнгээр улстөрийн болон, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч иргэдэд мэдээллийг ил тод болгох зорилго бүхий нэг байгууллагыг байгуулах ёстой гэсэн Т.Ганболдын санаачлагыг дэмжиж байна. Ингэснээр бид иргэд, олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр төр болон хууль шүүхийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж дэмжлэг үзүүлэх ёстой.

Бизнес эрхлэгч Т.Ганболд: Хуулийн байгууллагаас тусдаа онц хороо байгуулж шийдэх нөхцөл байдал үүссэн

- Одоо бид шүүхээр бүх зээлийн хүү, алдангийг зогсоож тухайн цаг үеийн төгрөгийн ханш руу шилжвэл гадаад зах зээл талдаа төсөвт дарамт ирэх мухардмал байдалд орсон. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь үндсэний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол алдагдахад хүрч нөлөөлнө гэж үзээд Онц бүрэн эрхэт хороо байгуулж эздүүдийн гар хөл болсон хууль шүүхийн байгууллагаас арай ангид хэлбэрээр тусдаа шийдвэрлэх шаардлага үүссэн. Энэ асуудлаас болж Монгол Улс төлбөрийн чадваргүй деполт болох нөхцөл байдал үүслээ. Мафийн хэдхэн хүнээр удирдуулдаг улс болох уу эсвэл эрс шийдэмгий алхам хийж зөв зам руугаа орох уу гэдэг сонголт дээр ирсэн.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ын 32 гишүүн АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна
УИХ-ын 32 гишүүн АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.