Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “The Diplomat” сонинд 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр ярилцлага өгсөн байна. “The Diplomat” нь 2002 оноос Ази, Номхон далайн бүс нутгийн талаарх мэдээ, мэдээлэл нийтэлж байгаа олон улсын цахим хуудас юм. Энэхүү цахим хуудсыг олон улсын нэр хүнд бүхий шинжээч, бодлого боловсруулагч, судлаачид өөрсдийн ажил үүрэгт холбогдуулан ашигладаг. Уг ярилцлагыг орчуулан хүргэе.
-Монгол Улс 2020 онд “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексэд 100-аас 35 оноо авч 180 улсаас 111 дүгээр байранд жагсжээ. “Транспэрэнси интернэшнл” нь 2012 оноос шинэ үнэлгээний систем ашиглаж эхэлснээс хойш танай улс 39-өөс дээш оноо авсангүй. Монгол Улсын авлигад нөлөөлж буй тэргүүлэгч хүчин зүйл юу вэ. Яагаад эрчимтэй үр дүн, амжилт ирэхэд хэцүү байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа, үүний нэг жишээ нь 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий сайдын санаачилгаар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үнэлгээг сайжруулах ажлын хэсгийг байгуулсан.
Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь урьд өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээний алдаа дутагдалтай талыг засаж залруулах, үр дүн, амжилт гаргахад учирч байсан бэрхшээлийг арилгахад чиглэж байна.
Ерөнхийдөө авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд авлигын нөхцөлийг бүрдүүлж байгаа суурь хөрс, хүчин зүйлийг өөрчлөх шаардлагатай байна. Нэгдүгээрт, төрийн албаны хүнд суртлыг багасгах, хоёрдугаарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал.
Монгол Улс төрийн албаны хүнд суртлыг багасгах чиглэлээр төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор төрийн 512 үйлчилгээг цахимжуулаад байгаа юм. Түүнчлэн 2024 он гэхэд бизнес эрхлэгчдэд олгодог төрийн байгууллагын 1000 гаруй тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулах, хүний хүчин зүйлийг багасгах зорилтыг Ерөнхий сайд тавиад байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод мөн “Цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч авлига, хүнд сурталгүй нийгмийн харилцаа төлөвшинө” хэмээн тусгасан.
Ерөнхийдөө авлигатай үр дүнтэй тэмцэх хүрээнд авлигач албан тушаалтантай бус харин авлигын эрсдэлийг бүрдүүлж буй суурь нөхцөлийг устгаж, албан тушаалтан субъектив шийдвэр гаргах боломжийг хязгаарлан хүний оролцоог аль болох багасгах шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын хувьд цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд иргэнд газар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж “egazar.gov.mn” цахим хуудсанд нээлттэй байршуулан, газар олгох ажиллагааг иргэд зөвхөн дуудлага худалдааны дагуу ил тод, нээлттэй авах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад газар хууль бусаар олгох нөхцөлийг бүрэн арилгаж байгаа юм. Авлигатай тэмцэнэ гэдэг нь авлигач албан тушаалтантай гэхээс илүүтэйгээр авлигыг бүрдүүлж буй нөхцөлийг үгүй хийх тэмцэл юм.
Цаашид цахим засаглалыг хөгжүүлэн төрийн бүхий л мэдээллийн сүлжээг блокчэйн технологи ашиглан нэгтгэн интеграцчлал хийх зорилгыг дэвшүүлээд байна. Авлигын эсрэг үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах нь нэн чухал юм.
Эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг батлуулахаар Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Олон улсын донор байгууллага, гадаад улсын судалгааны байгууллагатай тогтмол уулзалт зохион байгуулж авлигатай тэмцэх сайн туршлага, зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа тул 2022 оноос үр дүн нь харагдана гэдэгт итгэлтэй байна.
Саяхан нийтэд ил болсон “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Авлигын эрсдэлийн матриц үнэлгээгээр Монгол Улсын бизнесийн салбар дахь авлигын эрсдэл хоёр пунктээр буурч, долоон байраар урагшилсан эерэг үзүүлэлттэй дүгнэгдсэн. Тус үнэлгээний хүрээнд 2019 оноос хойш манай улсын үнэлгээ тогтмол эерэг үзүүлэлттэй гарч байгаа нь сайшаалтай юм.
-Өнгөрсөн жилүүдэд Монголын олон нийтийн зүгээс АТГ-ын өндөр түвшний авлигын эсрэг тэмцэлд үл итгэх, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх олны анхаарлыг татсан алдарт “60 тэрбумын хэрэг” байна. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс одоо ч төрийн өндөр албан тушаал хашиж байна. Танай байгууллага өндөр түвшний авлигатай тэмцэх ямар шинэ арга барилууд ашиглаж байна вэ?
-АТГ-ын хувьд авлигын хэргийг өндөр, жижиг түвшнийх гэлтгүй бүх мэдээллийг онцгойлон анхаарч мөрдөн шалгадаг. 2021 онд 160 авлигын хэргийг шүүхээр шийдвэрлэж ял оногдуулсан байгаа юм.
Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь авлигын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн төдийгүй үндэсний авлигатай тэмцэх гол стратеги бөгөөд манай улсын төрийн бодлогын хувьд ч амин чухал зорилт юм. Хохирлыг нөхөн төлүүлэх нь төрийн үйл ажиллагааны шударга байдал, ардчиллын үнэт зүйлс, иргэдийн хүртэх ёстой байсан боломжид учирсан хор уршгийг бүрэн эдгээж, нөхөж чадахгүй ч нийгэмд шударга ёсыг тогтоох нэгэн чухал хүчин зүйл билээ. Авлигатай тэмцэх газар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж улсын санд хуримтлуулаад байна. Авлигатай тэмцэхэд дан ганц төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, хүчин чармайлт нэн шаардлагатай юм.
Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр болон их хэмжээний өөрчлөлт гарсан тохиолдолд тухай бүр АТГ хүлээн авч дүн шинжилгээ, хяналт шалгалт гүйцэтгэж тухайн албан тушаалтны орлого хууль ёсных мөн эсэхийг хянадаг. Ялангуяа авлигын өндөр эрсдэлтэй салбар, байгууллага, төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгт ихээхэн ач холбогдол өгдөг юм. Энэ нь авлигын гэмт хэргийг нотлох тогтоох, ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргийг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 2020 онд АТГ нийт 41686 хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, 542 мэдүүлгийг хянан шийдвэрлэж 79 албан хаагчид хариуцлага тооцсон бөгөөд 13030 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянаж 489 мэдүүлгийг буцааж, найман албан хаагчийг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилохыг татгалзсан байна. Мөн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй 704 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны дагуу 25 албан тушаалтанд хариуцлага тооцсон.
-Өндөр түвшний албан тушаалтны холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үе шатуудыг та бидэнд нэг бүрчлэн тайлбарлаж өгнө үү. (Тухайлбал, хахууль эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон хэрэг)
-Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулж байна. Хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь гомдлын дагуу авлигын хэргийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх тухай шийдвэр гаргаж энэ тухай прокурорт нэн даруй мэдэгдэнэ. Гомдол мэдээллийг шалгахдаа мөрдөгч үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий мөнгө, эд зүйлийг хурааж авах, эд хөрөнгийг битүүмжлэх, шинжээч томилох ажиллагааг явуулдаг.
Хэрэг бүртгэлтийг дуусгаж мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эсвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналын аль нэгийг прокурорт гаргаж прокуророос нэмэлт хэрэг бүртгэл хийлгэх, яллагдагчаар татах тогтоол үйлдэх эсхүл хэрэг бүртгэлийн хэргийг хаах шийдвэр гаргана. Яллагдагчаар татах тогтоол гаргасан тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэтгэдэг.
Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараагаар прокурор эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэж, шилжүүлсэн тохиолдолд яллах дүгнэлтийг үйлдэнэ. Ийнхүү хэргийг шүүхээр шийдвэрлэх процесс эхэлдэг.
-АТГ өмнө нь улс төрийн дарамт, шахалтад орж байсан. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас улс төрийн дарамт нь танай үйл ажиллагаанд нөлөөлж байна гэж хүртэл сануулж байсан. Та АТГ нь бие даасан, хараат бус байгууллага мэт үндсэн үүргүүдээ гүйцэтгэх хангалттай хүч чадал, эрх мэдэл, нөөцтэй гэж үзэж байна уу?
-Монгол Улсын Их Хурлаас 2006 оны долдугаар сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар АТГ-ыг хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж тогтоосон байдаг. Хуулийн хүрээнд байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах хүрээнд улс төрийн баталгаа, эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг хангаж өгсөн байдаг. Тухайлбал, АТГ-ын төсвийг батлахад үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэх мэтчилэн. Цаашлаад АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилж, чөлөөлдөг юм. Ингэхдээ өөрөө хүсэлт гаргасан, эрүүл мэндийн шалтгаан, бүрэн эрхийн хугацаа дууссан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж, огцруулдаг. Түүнчлэн хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглодог юм. Энэ нь АТГ-ын бие даасан, хараат бус байдлыг хангах баталгаа болж өгдөг.
2019 онд “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Монгол Улс дахь салбар байгууллагаас АТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн. Тус үнэлгээгээр АТГ-ын эрх зүйн хараат бус байдлыг “сайн”, үйл ажиллагааны хараат бус байдлыг “дунд” буюу байгууллагын хараат бус байдлыг 100 онооноос 78 оноогоор үнэлж, дөрвөн зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан тул хараат бус байдлын үнэлгээ өссөн гэж үзэж байгаа.
-Монгол Улс Ковид-19 халдварын үеэр цахим засаглал хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь доод түвшний хахууль болон төрийн албан дахь авлигыг бууруулах зорилготой шинэ арга барил гэж ойлгосон. Таны зүгээс өнгөрсөн жилийн хугацаанд доод түвшний авлигын асуудал буурсан гэж үзэж байна уу?
-Иргэн, төрийн албан хаагч хоёр хоорондоо шууд харилцах боломжтой байна гэдэг нь өөрөө авлигын тодорхой эрсдэлийг бүрдүүлж байдаг. Энэхүү эрсдэлийг багасгах зорилгоор дэлхийн улс орнууд олон арга техник ашиглаж байгаа, харин цахим засаглалыг бүрдүүлэн иргэн, төрийн албан хаагч хоёр шууд харилцахгүйгаар төрийн үйлчилгээг хүргэх нь энэхүү эрсдэлийг бууруулна. Иймээс Монгол Улсын хувьд цахим засаглалыг тогтооход онцгойлон ач холбогдол өгч байгаа. Дээр дурдсанчлан одоогийн байдлаар 512 төрийн үйлчилгээг цахимжуулсан бөгөөд цаашид боломжтой бүхий л төрийн үйлчилгээг цахимжуулах зорилго тавьсан. Төрийн албаны хүнд суртлыг мөн арилгах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг давуу тал ихтэй нь сайшаалтай.
Авлигын эрсдэлийн матриц үзүүлэлт, Хууль дээдлэх ёсны индекс дэх Монгол Улсын үнэлгээ сайжирсан байгаа нь авлигын түвшин тодорхой хэмжээнд буурсныг илтгэж байгаа юм.
Мөн АТГ-аас авлигын нөхцөл байдлыг тодорхойлох дотоодын судалгааг тогтмол гүйцэтгэдэг бөгөөд үүний нэг нь “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ” юм. Үнэлгээний хүрээнд төрийн байгууллагын дотоод шударга байдлыг үнэлгээ 81.2, шинжээчдийн өгсөн үнэлгээ 70.4 гарч өссөн эерэг үзүүлэлттэй үнэлэгдсэн байдал нь авлигын түвшин буурсныг харуулж байна.
-АТГ оффшор бүстэй холбоотой хэргүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн энэ төрлийн хэргүүд дээр хэрхэн ажилладаг вэ. АТГ нь авлигатай тэмцэх чиглэлээр бусад Засгийн газруудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Манай улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 4 төрлийн 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан. Энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг цаашид өргөжүүлэх, гүнзгийрүүлэхээр ажиллаж байгаа. Хэдийгээр эрх зүйн харилцан туслалцааны гэрээ байгуулаагүй боловч хэд хэдэн улстай бид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлд амжилт гаргаад байна.
Авлигын эсрэг конвенцийн үндсэн зарчмын нэг болох авлигын гэмт хэргийн улмаас олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж АНУ, ИБУИНВУ, Швейцарь зэрэг улсад байрлагдсан хууль бус хөрөнгө орлого болох орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан татах ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэлээ. Цаашид ч мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж конвенцийн гишүүн орнуудтай боломжит түвшинд хамтран ажиллахыг эрэлхийлж байгааг дурдъя.
Цаашлаад Ази номхон далайн орнуудын авлигын эсрэг сүлжээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан санаачилга СтАР /StAR/, ФАТФ-тай хамтран өргөн цар хүрээнд ажиллаж байгааг онцолъё.
Орчуулсан О.Эрхэмжаргал
Ярилцлагын англи хувилбарыг дараах холбоос цэснээс хүлээн авч уншина уу.
https://thediplomat.com/2022/02/interview-with-dashdavaa-zandraa-mongolias-anti-corruption-chief/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин