Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан

Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний тавьсан шаардлага хэр үндэслэлтэй болох, тус академийн талаар уран бүтээлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

МУЭ-ийн гишүүн, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж:

-1990-ээд оноос хойш зураач, уран бүтээлчид маань Дүрслэх урлагийн академитай болохыг маш их хүсч байсан. Ингээд 30-аад жилийн дараа бидний хүсэл биелж, академитай болсон. Академийг хэн удирдах вэ гэдэг чинь маш чухал. Доктор, урлаг судлаач мэргэжилтэй хүн наад зах нь байх шаардлагатай. Одоохондоо Д.Уранчимэгээс өөр энэ академийг аваад явах хүн алга. Үнэхээр ийм боловсрол, мэдлэгтэй хүн байх юм бол ил гараад ир, шударга өрсөлд. Түүнээс бус хэдэн цаас бариад эсэргүүцлийн жагсаал хийж явах хэрэггүй. Тав, зургаан хүн нийт хамт олныг төлөөлөөд явахгүй ээ. Би Д.Уранчимэг захирлыг өмгөөлөөд байгаадаа биш, чадан ядан байгуулсан Дүрслэх урлагийн академийг нураах гээд байгаа нь харамсалтай санагдаж байна. Болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа дотооддоо ярьж сурах хэрэгтэй. Би энэ сургуулийн хүндэт профессорын хувьд үгээ хэлэх ёстой хүний нэг. Гэтэл гадны хүнд өглөө гэсэн хэл яриа хүртэл гарсан байсан. Харин би энэ сургуулийг анхнаас нь байгуулсан хүний нэг шүү дээ. Хүнээр ам нээлгэчихээд, ашгийг нь хүртэх гэсэн хүмүүс хаа ч байдаг. Эдгээр хүмүүсийг би тэгж л харж байна. Хэд хоногоос хэн энэ эсэргүүцлийн жагсаалыг хийж байгаа нь тодорхой болно доо. Энэ зөвхөн хэн нэгний албан тушаалыг авах бус, сүүлдээ Монголын урлагаа самарч, улмаар оюуны өмчид халдаж байгаа асуудал болно. Эцэст нь хэлэхэд, уран бүтээлчдийг уран бүтээлээр нь хүндэлдэг болохоос албан тушаал хэр хашиж байснаар нь хүндэлдэггүй юм. Гийх уран бүтээлгүй хэрнээ мөнгөний төлөө, албан тушаалын төлөө явдаг хүмүүс л мэргэжлийн урлагийн байгууллагыг ингэж самарч явдаг юм.

МУЭ-ийн гишүүн, зураач Ч.Алимаа:

-Бид нарын суралцаж, төгссөн төгссөн сургууль маань Д.Уранчимэг захирлын үед академи болсон нь түүний хүчин зүтгэл яах аргагүй мөн. Өнөөдрийн жагсаал цуглаанд хэлж ярьж байгаа шиг, Урнаа багш тэгж хулгай хийж, худал ярихаар хүн биш ээ. Гэр бүлийн суурь хүмүүжил сайн, боловсрол мэдлэг өндөр хүн. Эмэгтэй хүн атлаа хүчирхэг, өнөөдрийг хүртэл сургуулийг маань өнгөтэй өөдтэй аваад явж байгаад талархдаг. Өнөөдөр жагсаал зохион байгуулаад гэх хүн нь цөөн тооны хүн харагдана лээ. Урнаа багш өөрөө их шударга, зарчимч хүн. Энэ хатуу хөтүү үгийг нь даахгүй хэсэг хүмүүс л нэгдээд тэмцэл өрнүүлээд байгаа юм болов уу гэж бодож байна.

МУЭ-ийн гишүүн, керамикч Д.Отгонбаяр:

-Би Ленинградад оюутан байхдаа Урнаа багштай хамт нэгэн үед суралцаж байсан. Дараа нь Германд эрдмийн зэрэг цол хамгаалаад явж байгааг сонсч байлаа. Монголд ганц байдаг Дүрслэхийн сургууль маань дээд сургууль, улмаар академи болсон нь том үйл хэрэг. Монголдоо дээгүүрт орох нарийн мэргэжлийн сургууль, жинхэнэ уран бүтээлчдийг бэлтгэдэг нандин сургууль. Ийм сайхан сургуультай минь холбоотой ямар нэгэн үймээн бужигнаан үүсээд байгаад харамсч байна. Би Урнаа захирлыг оюутан байхаас нь мэдэх хүний хувьд хэлэхэд, маш зарчимч, шударга, ажил хэрэгч гэж үнэлж бахархаж явдаг. Дүрслэх урлагийн академийг авч явна гэдэг нэлээд авъяас, мэдлэг чадвар, ур ухаан шаардсан хүний хийх ажил. Иймд багш нар маань сургуулиа улам сайхан болгохын тулд тал талаасаа эвлэлдэн нэгдэж, өөр өөрийн санаачилгаа гаргаж явах нь хэрэгтэй байх. Хэн хэн нь харилцан ойлголцож, ажилдаа эзэн болж явах нь чухал болохоос бус хэн нэгнийг ажлаас нь авч хаяснаараа асуудал шийдэгдэхгүй. Хүн болгоны хичээл зүтгэл чухал. Цөөн хүнд таалагдахгүй байгаа асуудлыг бүх багш нар эсэргүүцээд байгаа юм шиг төлөөлж ярих нь буруу. Хамгийн гол нь сургуулийнхаа төлөө бүгд нэгдэж ажиллаасай гэж хүсч байна.

Түмэн.мн

Ч.Хүрэлбаатар хаан банкны хувьцааг шалгах ажлын хэсэгт орсон нь ашиг сонирхлын зөрчилтэй юү
Ч.Хүрэлбаатар хаан банкны хувьцааг шалгах ажлын хэсэгт орсон нь ашиг сонирхлын зөрчилтэй юү
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.