Казахстаны нийслэл Нур-Султан дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд тус улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын нэг иргэн нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээлэл иржээ.
ГХЯ-наас энэ асуудлаар тодруулахад “Бидэнд энэ мэдээлэл ирсэн. Сураггүй алга болсон иргэнтэй холбогдож чадахгүй байгаа талаарх мэдээллийг гэр бүл нь Нур-Султан дахь Элчин сайдын яаманд мэдээлсэн. Алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх асуудлаар Казахстаны холбогдох байгууллагуудад хандаж, хүсэлт тавин хамтран ажиллаж байна.
Одоогоор алга болсон иргэн жагсаал цуглаанд оролцож, баривчлагдсан эсэх талаар тодорхой мэдээлэл ирээгүй. Мөн Казахстан улсад оршин суудаг монгол иргэд жагсаал цуглаанд оролцож, баривчлагдсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Казахстан улсад өрнөсөн жагсаал цуглааны үеэр баривчлагдсан иргэдийн мэдээллийг тодруулах ажил өрнөж байгаа.
ГХЯ-наас Казахстан улс дахь монгол иргэдийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэх тайлбарыг өглөө.
Харин Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жалгас Адилбаев манай редакцад өгсөн ярилцлагадаа “Террорист үйл ажиллагааны улмаас интернэт сүлжээ тасалдсан. Одоогоор тус улсад нөхцөл байдал намжиж, тайван байдалд шилжин, харилцаа холбоо сэргэсэн. Монголын талтай албаны журмаар байнгын холбоотой ажиллаж байгаа. Казахстаны Ерөнхийлөгч гадаадын иргэд, дипломат төлөөлөгчдийн газруудыг хамгаалж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хичээн ажиллахаа илэрхийлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.
өдрийн сонин