Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Дорждэрэм: “Харанга”-ын Лхагваа, “Чингис”-ийн Жагааг нэгэн цагт, нэг тайзан дээр дуулуулна гэдэг Монголын энтертаймэнт урлагт бичиж байгаа түүх юм

Хаана ч явж мэдэх продюссер

Яриа эхлэхийн өмнө…. 2008 онд Зууны манлай, МУГЖ дуучин Б.Сарантуяагийн “Хайрламаар” тоглолтын тов гарсан өдрөөсөө л шуугиан тарьж эхэллээ. Хотоос эхлэн орон даяар үргэлжилсэн энэ тоглолтынхоо талаар гавьяат хэвлэлийн хурал дээрээ “Би 20 гаруй жил дууллаа. Анх удаа дуучин гэдгээ мэдэрлээ. Учир нь энэ удаад би продюссертэй ажиллаж үзлээ. Өөрөө анонсоо өлгөөд, өөрөө санхүүгээ босгоод, өөрөө билетээ зараад гүйсэн үе түүх болон үлдэж байна. Энэ удаад энэ залуутай ажилласнаар тоглолтоосоо ердөө 5 минутын өмнө ирэхэд л хангалттай. Арын ажил гэж санаа зовохгүйгээр амарч бас ажиллалаа” гэж ярьсан юм.

… МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй” аялан тоглолт. “…Гайхаш төрүүлсэн энэ нөхөр чинь менежер, хөтлөгч, продюссер, нябо … гээд 10 хүний ажлыг өлхөн хийчихдэг байгаа. Нэг хүнээс 10 төрлийн “авьяас” гарна гэдэг гайхалтай” гэж Дээгий бас ярьсан нь бий.

Нээрээ л тэр найруулна, марктинг хийнэ, хөтөлнө, зохиол бичнэ, тэгсэнээ жүжиглэнэ, дуулна. Тэгээд аль ч салбарт таарч мэднэ гээч. Шинэ киноны нээлт, дуучдын тоглолт, бурханы шашны арга хэмжээ, “Мисс Монголиа” тэмцээн гэх мэт. Үүнээс сониуч зандаа хөтлөгдөөд продюсер гэж хэн болох талаар хайж үзвэл “албаны” тодорхойлолтод “Уран сайхны бүтээлийг туурвих ажлыг зохион байгуулж, энэ ажлын явцад санхүүгийн болон үзэл санаа уран сайхны хяналт тавьдаг хүнийг хэлнэ” гэсэн байх юм билээ. Найруулагч нь төслийн зөвхөн уран бүтээлийн талыг хариуцдаг бол продюссер нь төлөв санхүү, зохион байгуулалтын асуудлыг хариуцдаг. Мөн төгс нөхцөлд продюссер нь төслийн амжилтыг бүхэлд нь хариуцдаг нэгэн аж.

Тэгвэл энэ удаад өнөө хаа ч явж мэдэх продюссер “шинэ” ажлаа хэдийнэ эхлүүлчихэж. Тодруулбал, 11-р сарын 26-нд болох “Ганцхан заяах эх орон” тоглолтын продюссерээр М.Дорждэрэм ажиллаж байна. Монголын рок попын ноён оргилууд хамтдаа нэгэн тайзнаа, зуунд ганцхан тохиох гайхамшигт үдшийг монголчууддаа зориулж байгаа сонинтой бид уулзсан.

Онцлох өдөр

Одоогоос 97 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь Монголын түүхэнд тохиосон томоохон үйл явдал юм. Туурга тусгаар Монгол улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд уг өдрийн ач холбогдол оршдог юм.

2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны 17:00 цаг. MPM event hall. Энэ өдөр, энд болох “Ганцхан заяах эх орон” тоглолтын тасалбар худалдаанд гараад эхэлж. Тоглолтын “гол дүр” МУАЖ Д.Жаргалсайхан: “Дэлхийг тойрсон нутаг амьтай үндэстэн бол монголчууд” болох тухай, Төрийн соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн: “Ямар ч үед энэ сайхан Монгол эх орноороо бахархаж явдаг” тухайгаа ярьж байна.

Харин тоглолтын талаар продюссертэй цөөн хором ярилцсан юм. Хэзээний л “элдэв” юм сэдчихээд, эрж хайж, эрж хайснаа олохын тулд сайн дураараа “зовж, бас жаргаж” явдаг мань эр “Энэ сайхан өдөр ард түмнийхээ оюуны цангааг урлагаар тайлъя гэж бодсон юм. Аливаа зүйл хоёр талтай. Бид хоёр жил коронагаас болоод “нүүр тулсан уулзалтанд” явсангүй шүү дээ. /инээв. сурв/ Олон юмаар дутлаа. Энэ олон дутууг өнөөдөр дүүргэхийн тулд продюссер хүн юу хийх ёстой вэ гэж бодсон юм” гэсээр яриагаа эхэллээ.

-Хэдэн жилийн өмнө дөө. И.Нямгаваа багшийгаа АНУ-аас авчирч, кино хийж бужигнуулсныг сайн санаж байна. Энэ удаад Чингисийн Жагаа, Харангын Лхагваа… “Ааштай” эрчүүдийн аяыг амархан олчих юм аа. Энэ ч бас продюссерийн ажил биз.

-Миний найз намайг зальтай хүн гэх гээд л байна аа даа. /бараг л тааж орхив.сурв/ Сүүлд нэг найз маань яг ингэж хэлсэн шүү. Чи ямар зальтай юм бэ гэж. Би хүссэн ажлаа хийж байгаа. Үүнийхээ ард гарахын тулд зарим тохиолдолд надаас зальтайгийн дээд заль гарна. Зарим тохиолдолд болгоомжлохоос аргагүй эрсдлийг ч гаргадаг. Үнэндээ М.Дорждэрэм гэдэг хүний өчигдөр хүмүүсийн янз бүрийн дурдатгалд өнгөрч байна. Гэхдээ би өнгөрсөнд биш, маргаашийн төлөө ажиллаж, амьдарч явна даа. Асуултаас өөр юм ярьчихав уу. Энэ асуултанд хариулахад “ааштай” хүмүүсийн аяыг олохын тулд би өөрөө элдэвтэй байх ёстой. Ер нь тэгээд ухаан, үнэн хоёр нийлэхийн цагт юуг ч хийж болдог юм.

-Үнэхээр гоё тоглолт болох нь ээ.

-Домог болсон “Харанга”-ын Лхагваа, “Чингис”-ийн Жагааг нэгэн цагт, нэгэн тайзан дээр дуулуулна гэдэг Монголын энтертаймэнт урлагт бичиж байгаа түүх. Дараа дараагийн гарч ирж байгаа дүү нарт том школ болно. Ямар ч ажил амаргүй шүү дээ. Чингисийн Жагаа ахын ганцхан дуун дээр Цэргийн дуу бүжгийн чуулгыг бүрэлдэхүүнээр нь босгох жишээний. Зөвхөн 5 минутын номерыг гаргах гэж тайзны ард 50 хүн ажиллаж байна. Энэ болгоныг зохицуулна гэдэг өнөө л продюссерийн ажлын нэг. Энийг л хийх гэж би төрсөн. Одоо хийсээр ч явна. Магадгүй энэ тоглолтоор үзэгчдэдээ нэг дүн тавиулах ёстой болсон байх аа.

Магадгүй хоёулаа энэ ярилцлагынхаа нэрийг олчихож байна уу даа. Урлаг бол вакцин. Хүний тархи, зүрх сэтгэл рүү “шахаж” буй таашаал. Энэ таашаалыг л хүмүүст өгмөөр байна. Продюссерүүд бол таашаалыг үйлдвэрлэдэг улс. Би монголынхоо тогоонд арсалдмааргүй байна. Жижигхэн монгол, жижигхэн азид биш дэлхийд монголын нэр, монголын урлаг, монголын энтертаймэнтийг гаргах сан. Би хүмүүст соёлын дархлаа тогтоомоор байна. Монгол хүн биднийн оршин тогтнол хаана байна вэ гэхээр их том том юм хайгаад хэрэггүй л дээ. Ердөө л хайр. Эх орноо хайрлах, бие биенээ хайрлах, дэргэдэх ханиа хайрлах, үр хүүхдээ хайрлах… Хайр байвал дараагийн асуудал, дараагийн харилцаа маш амархан болно.

Тэгэхээр урлаг соёлоор хайрыг түгээж болно биз. “Ганцхан заяах эх орон” тоглолтоор хайрын вакциныг хүмүүсийн тархинд “таримаар” байна. Тоглолтын анонсыг анзаарсан бол “Producer*s choice 1” гэсэн байгаа. Номер 1,2,3 хэн байх уу асуулт байгаа биз. /инээв.сурв/

-Уучлаарай, цаг үетэй холбоотойгоор тоглолтын халдвар хамгааллын дэглэмийн талаар асуухгүй өнгөрч боломгүй юм.

-Мэдээж ЗГ-ынхаа шийдвэрийг дагана. Тэр өдөр эрүүл мэндийн газрынхантайгаа хамтран ажиллана. 3-р тундаа хамрагдсан иргэдэд үүд хаалга маань нээлттэй. MPM эвент холл нь 1600 хүний суудалтайгаас 50 хувьд тасалбар худалдаж байна.

-Рок попын акулуудын тоглолтыг ердөө 800 хүн л үзэх нь ээ?

-Тийм ээ. ЗГ-аас уран бүтээлчдээ дэмжиж байна. Үүнд бид баяртай байна. Гол нь иргэд хариуцлагатай байж, дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ бариад, хэвийн амьдралдаа орох цаг болжээ гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа. /Ийнхүү кофе уух зуурт өрнөсөн яриа дараагийн ажил гарснаар дууссан юм.сурв/

Дэлхийн анхны хөвдөг хот Өмнөд Солонгост сүндэрлэнэ
Дэлхийн анхны хөвдөг хот Өмнөд Солонгост сүндэрлэнэ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.