Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн юм. Эцсийн шийд гараагүй байгаа хэдий ч МАН МАХН-тай нэгдсэн талаар намын удирдлагууд нь мэдэгдлээ.
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга Н.Энхбаяр “Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу УИХ-д суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Бид УИХ-д байгаа 62 суудалтай байгаа нөхөдтэйгээ буюу МАН-тай угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж, нөгөө намтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа хэдий ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцоно." гэлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нам нэгдэх процесс амжилттай үргэлжилж байгаа. Энэ цаг үед хоёр намын нэгдэх асуудал хэн нэг хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа. Үүнийг ажил хэрэг болгох ажлыг ойрын өдрүүдэд эхлүүлнэ. Хоёр намын зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулж, намын их, бага хурлуудаа хийж, нэгдэх үйл явцыг ажил хэрэг болгоно." гэлээ.