Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бат-Эрдэнэ: COVID-19-ийн дараа хамгийн хурдан сэргэх салбарын нэг нь аялал жуулчлал

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Цар тахлын үед хамгийн их хохирол амссан салбаруудын нэг нь аялал жуулчлал байлаа. Дотоодын жуучлалыг эс тооцвол бараг зогсонги байдалд орсон. Нөхцөл байдал ямар байна вэ?

-2020 онд олон улсын аялал жуулчлал 60-80 хувиар, экспортын хэмжээ 910 тэрбум ам.доллар, орлогын хэмжээ 1.2 их наяд ам.доллар хүртэл буурч улмаар аялал жуулчлалын салбарын 100 сая гаруй ажлын байр орлогын эх үүсвэргүй болоод байна.  Салбарын орлого буурсан нь барилга, хөдөө аж ахуй, хүнс, түгээлтийн үйлчилгээ, тээвэр зэрэг бусад олон салбарт  шууд болон дам байдлаар нөлөөлж, том эрсдэл үүсгэсэн.

НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр 2020 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоо өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад 84 хувь, аялал жуулчлалын салбарын орлого 94 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч олон улсад эсрэгээрээ  боломж гэж харж байгаа нь ч бий. Тиймээс ч аялал жуулчлалын салбарыг илүү тогтвортой, шинэлэг байдлаар хөгжүүлж, аялагч, орон нутгийн иргэд, хүрээлэн буй орчин, орон нутгийн эдийн засагт ижил ашиг тустай салбар болгон өөрчлөх боломж эрэлхийлэхийг шаардаж байна. Товчхондоо COVID-19 цар тахал нь урьд өмнө тохиолдоогүй бүх нийтийн сорилт боллоо шүү дээ.

Аялал жуулчлалын салбарын хувьд ч ялгаагүй. Дэлхийн улс орнууд цар тахлын дараа аялал жуулчлалын салбараа хурдан сэргээхийн тулд хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалах, хамгаалах, хилээ хариуцлагатай нээх, аялагчдын итгэлийг сэргээх, дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Бид  зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аялал жуулчлалын салбар 30 жилийн цикль дээр юу хийсэн бэ гэдгээ тунгааж, үр дүнгээ тооцох цаг болсон гэж харж байгаа. Тиймээс ч дараагийн 30 жилийн циклиэ харж төлөвлөх ёстой. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарыг том  зургаар нь харахыг хичээж байна.

Цар тахлын нөлөөлөл аж ахуйн нэгжүүдэд хүнд туссан ч төр, засгаас бодлогын түвшинд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх алдаа, оноогоо дэнсэлж дүгнэлт хийх үе ирлээ. Цаашид 21 дүгээр зууны мэдээлэл технологид суурилсан аялал жуулчлалын шинэ загвар гаргаж ажиллах нөхцөл байдал бий боллоо. Аялал жуулчлалын хөгжлийн төв Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэд 2017 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Олон улсад бол аялал жуулчлалын агентлаг корпорацийн статустай ажилладаг. Аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгож буй манай улсын хувьд Аялал жуулчлалын хөгжлийн төв Засгийн газрын бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сургалт судалгаа,  олон улсад  Монгол Улсаа сурталчлах, бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх зэргээр үндсэн есөн чиглэлээр ажиллаж байна. Манай байгууллага БНСУ-ын таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар аялал жуулчлалын сургалтын төвийг байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сараас барилгын ажил эхэлж 2023 онд ашиглалтад орохоор хүний нөөцийн аялал жуулчлалын дагнасан сургалт явуулах боломжтой болно.

 

Гаднаас хувийн онгоцтойгоо ирэх боломжийг нээхийг Иргэний нисэхийн үндэсний төвтэй ярилцаж байна. Аялагчид шинжилгээгээ өгч, вакцинаа хийлгээд хувийн онгоцтойгоо орон нутагт шууд бууж аялачихаад онгоцоороо буцаж болно.

 

-Аялал жуулчлалын салбарыг сэргээх асуудал ид яригдаж байна. Харин аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж хөл дээр нь босгох бодлого ямар байх вэ?

-Аялал жуулчлалын салбар бүтэн жил таг зогсчихоогүй. Онолын үүднээс авч үзвэл зөвхөн гаднаас ирэх жуулчдыг аялал жуулчлал гэж ойлгох нь буруу л даа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднаас жуулчид ирээгүй байж болно. Харин 2020 онд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөний дүнд орон нутгийн жижиг дунд аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийн орлого харьцангуй өссөн дүн харагдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд дотоодын 3.2 сая хүн аялал жуулчлалын эдийн засгийн эргэлт хийж байгааг огт ярихгүй, бодохгүй явж ирлээ. Улс орнууд бол дотоодын иргэд дээр нэмэх нь гадны жуулчид гэсэн статистикаар ажилладаг. Аялалын компаниуд зогсонги байдалд орсон ч дотоодын жуулчлал явагдаж байсан. Өөрөөр хэлбэл, дотоодын аялал жуулчлалаа бүрэн утгаар нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал цар тахлын үед хүчтэй хөндөгдлөө. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс ногоон зээл олгож, үйлчилгээний чанар сайжруулах сургалт хийлээ.

 

Олон улсад гэвэл аж ахуйн нэгжүүд  халдвар хамгааллын дэглэмээ яаж хангах вэ гэдэгт л анхаарч байна. Тухайлбал, зочид буудлууд заавал угтагч дээр очихгүйгээр онлайнаар бүртгэлээ хийлгээд өрөө рүүгээ очих зохицуулалтыг хийж байна. Мөн бас нэг шинэ хувилбар нь масс жуулчдыг авахгүй байж болно.

 

Ер нь COVID-19-ийн дараа хамгийн хурдан сэргээх салбарын нэг нь аялал жуулчлал гэж харж байгаа. Учир нь манайх хүн ам цөөн, нягтаршил бага. Жуулчин ирээд заавал Улаанбаатарт буухгүйгээр хөдөө явчихвал халдвар тусах эрсдэл буурна. 21 аймагт халдварын эрсдэлгүй  учраас тал нутгаар аялачихаад шинжилгээгээ өгөөд буцах боломжтой. Тиймээс цар тахлын дараах аялал жуулчлалыг айдас гэж харахгүйгээр нээлттэй, зөв бодлогоор явуулж чадвал боломж юм. Энэ үүднээс гаднаас хувийн онгоцтойгоо ирэх боломжийг нээхийг Иргэний нисэхийн үндэсний төвтэй ярилцаж байна. Аялагчид шинжилгээгээ өгч, вакцинаа хийлгээд хувийн онгоцтойгоо орон нутагт шууд бууж аялачихаад онгоцоороо буцаж болно. Аж ахуйн нэгжүүд ч хурдан сэргэнэ.

-“21 аймаг-21 улс” төслөөр орон нутаг руу аялал жуулчлалыг татна гэж ойлгож болох уу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж аймагт бүрт харилцан адилгүй?

-Аялал жуулчлалын салбар бол дан ганц бүтээн байгуулалт биш. Хэрэглэгч, үйлчлүүлэгч бүхий хүн дээр суурилсан бизнес юм. Хүн хоорондын харилцаан дээр үйлчилгээгээ үзүүлдэг учраас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын баялаг нь хүн. Тиймээс эхлээд 3.2 сая иргэн энэ салбарт бэлтгэгдэх ёстой. Тэр ч утгаараа аялал жуулчлалын баялаг маань зөвхөн Улаанбаатарт бус 21 аймагт бий. Энэ үнэ цэнэ, баялагаа харж тодорхойлж чадахгүйгээр байгаа зүйлсээ гадны жуулчдад маш хямдханаар харуулаад байж  болохгүй. Бидний 30 жилийн алдаа бол аялал жуулчлалын хөгжлөө зөвхөн Улаанбаатар төвтэй хараат болгочихсон. Тиймээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх “21 аймаг 21 улс” төсөл гурван зүйлийг онцолж байгаа.

Энэхүү төслийн хүрээнд дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбартаа хэрэгжүүлсэн шилдэг туршлага, нөү хауг 21 аймагт нутагшуулах, жуулчдын урсгалыг орон нутагтаа татах боломжийг нээх, бүрдүүлэх, салбараа хөгжүүлсэн 21 улстай хамтын ажиллагааг эхлүүлж орон нутагт аялал жуулчлалын салбарыг бодитоор хөгжүүлэх шат дараалсан ажлуудыг зохион байгуулна. Аялал жуулчлалын хөгжлийн төв 21 аймгийн БОАЖГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийг чадавхижуулах сургалт, орон нутгийн нисэх буудлуудын тохижилт үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Бид аялал жуулчлалын хөгжлийн үр дүнг хэрхэн тооцох вэ гэдгээ бодох ёстой. Олон улсад нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар байвал аялал жуулчлалын салбар тогтвортой болно гэж үздэг. Ингэж харвал манай аялал жуулчлалын салбар “хүүхдээрээ” байна. Хамгийн гол нь аялал жуулчлалын хөгжил гэдгээ юу гэж тодорхойлохоос шалтгаална. Олон жуул­чин ирснээрээ аялал жуулч­лалын салбар хөгжихгүй. 100 мянган хүн амтай нэг аймаг хэдэн хүн хүлээж авах боломжтой вэ гэдгээ онол, практикын түвшинд тодорхойлох хэрэгтэй.

Аймаг болгоны онцлогт тохирсон  брэнд буюу үнэ цэнэ байх хэрэгтэй. Тухайлбал, Хэнтийд очсон жуулчдын урсгалыг баруун аймаг руу татахын тулд яг ижил бүтээн байгуулалт хийвэл сонирхлыг нь татах уу. Өглөө хорхог идчихээд орой нь дахиад хорхог идэхийг хүсэхгүйтэй адил. Тиймээс 21 аймагт 21 онцлог, баялгийг бий болгоно. Жуулчдын тоогоороо өрсөлдөх биш  брэндтэй байх ёстой. Булган аймаг айраг, Архангай халуун рашаан, Сэлэнгэ тариалалтаараа  ялгарч имиджээ бүрдүүлэх юм. Тухайлбал, Сэлэнгийн баазууд дэргэдээ хүлэмжтэй. Хэдийд ч гадаад, дотоодын жуулчид очиход зэрлэг жимс, ногоо бэлэн байх зэргээр орон нутагт хуваарилалтыг зөв хийж  хөдөө аж ахуй дээр суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Өмнө­говьд  элс, уул уурхайг үзүүлэнгээ яаж аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэдгээ гаргаж ирэх ёстой.

-Зуны гурван сар хил хаалттай ч дотоодын жуулч­лал нээлттэй бай­сан. Энэ практик дээр үндэслэн дотоодод аялал жуулчлалыг хэрхэн хөг­жүүлэх вэ гэдэг бодлогоо олж харсан байх?

-Дотоодод хүмүүс аялсан. Эдийн засгийн өгөөж өндөр байлаа. Харин монголчууд  зөв аялаж сураагүй байна. Тиймээс хоггүй зөв аялах, бүх нийтийн боловсрол олгох, үйлчилгээний соёл нэвтрүүлэх чиглэлээр олон нийтийн хандлагыг өөрчлөх контентуудыг хийж байна. Үзэх зүйлс их, хүмүүсийн аялах сонирхол нэмэгдэж байгаа нь дэвшил ч зөв аялах, соёлтой үйлчлэх ойлголт хандлагыг орхигдуулж болохгүй. Монголчууд үнэ цэнэтэй аяладаг болох нь хөгжлийн хамгийн том суурь. Энэ суурин дээр хөрөнгө оруулалтыг татаж, аялал жуулчлал хөгжинө.  Ирэх жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх Азийн хөгжлийн хөгжлийн банкны томоохон төслүүд Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Ховд, Увс, Өмнөговьд үргэлжилнэ.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хорт хавдраа авхуулсан Б.Болдсайхан эмч зүрхний цооролтой 4 сартай нярайд мэс засал хийжээ
Хорт хавдраа авхуулсан Б.Болдсайхан эмч зүрхний цооролтой 4 сартай нярайд мэс засал хийжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.