Хоймор нутаг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аяны дөрөө түр амасхийлгэж, аяганы амсар зуух зуурт сонин хачин дэлгэв. Монгол орны аль ч өнцөг булан бүрт очсон сонин хачин ихээхэн байдаг ч тус суманд сонирхол татахуйц гэгээлэг зүйл олон байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Хөлөөс толгой хүртэл татварын мөнгөнд гар дүрж, илүү харсан энэ цагт гэгээн цагаан мэдээллийг бодит амьдрал дээрээс сонсоно гэдэг ховор зүйлийн нэг болжээ. Тэр тусмаа төрийн анхан болон дунд шатанд сэтгэл зүтгэл дутсан асуудал алийг тэр гэхэв. Тэгвэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас эхлээд тус нутгаас төрж гарсан төрийн алба хаагч, Иргэдийн хурлын төлөөлөгч залуус хамтран, нутаг орондоо төсөвт дарамтгүйгээр олон бүтээн байгуулалт хийсэн нь гойд анхаарал татлаа.
Тус сумын Засаг дарга П.Ариунбат нь багаа зөв удирдан чиглүүлж, залуус юу хийж чаддагийг жинхэнэ утгаар нь харуулжээ. Нийслэлээс алслагдмал, 720 километр орших суманд Спорт заалаа орон нутгийн орлогод хуримтлагдсан самрын орлогоор барьж байгуулсан гэх эхний мэдээг дуулгав. Жил жилийн төсөвт тойргоос сонгогдсон гишүүддээ дайж байж сая нэг барьж байгуулах бүтээн байгуулалтыг ийнхүү өөрсдийнхөө орлогоор барьж байгааг сайшаахаас өөр яахав.
Гэтэл болоогүй, сумын Засаг даргын унааг сольж өгөхөөр төсөвт мөнгө суулгаж өгсөн ч П.Ариунбат дарга орчин цагийн төмөр хүлгээсээ татгалзан, тус мөнгийг түмэнд тустай зүйлд оруулсан гэдэг нь өөрийн эрхгүй сайшаамаар. Аль ч газрын Засаг дарга нар унаагаа томруулах, шинэчлэх гэдэг учраас бараг л гайхаж цочирдов. Гэтэл энэ мэт орон нутгийн орлого, зарим төсвөөс татгалзан 240 хүүхдийн хичээлийн байрыг өнгөрөгч есдүгээр сард ашиглалтанд оруулжээ. Түүнчлэн 20 ортой хүн эмнэлгийн барилга 11сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүгээр ч зогсохгүй төмс хүнсний ногоо тариалдаг иргэддээ дэд бүтцийг нь шийдэх зорилгоор 6,3 километр өндөр хүчдэлийн агаарын шугам барьж байгуулсан зэрэг гэгээн сайхан мэдээг цайлах зуурт л олж сонсов.
Засаг дарга орчин цагийн хөнгөн тэрэг хөлөглөж байхаар хүүхдээ сургуультай байлгая, иргэдээ эмнэлэгтэй байлгая гэж бодож байгаад хамаг учир бий. Учир нь Эрдэнэбулган сумын Засаг дарга 30 гаруйхан настай залуу хүн. Гэтэл төсөвт хуваарилагдаад ирсэн машины өртгөөс татгалзаж чадаж байгааг л олзуурхасан хэрэг. Төрийн бага, дунд шатанд алба хашиж байгаа залуус юу юуны өмнө ахуй нөхцөлдөө анхаарч байдгаас машин тэрэг, төсөв хөрөнгөнөөс татгалзаж байсан нь үгүй. Тиймээс сумын төвд үдэлсэн цай чамгүй амттай болж, сэтгүүлчийн хувиар ч чамгүй зүйл мэдэхийг хүссэн хэрэг.
Гэтэл П.Ариунбат дарга, багийнхаа хамт “Ахмадын төв”-ийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилгад нь өргөтгөл хийж, жижиг голуудын гүүр, сумын төвийн нэгдсэн камер, Сангийн аж ахуйн үеэс хуримтлагдсан хогийн цэгийг хумиж, устгалд оруулах ажлыг ч амжуулсан байна. Залуу хүн гэхэд хэн бүхэн анзаараад байдаггүй энэ мэт нарийн зүйлд хүртэл анхаарал хандуулсан нь өөрийн эрхгүй сонирхол татаж байв. Мэдээжийн хэрэг Засаг даргатай гар нийлсэн залуус нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа аж. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нутагтаа төрж, өссөн, нутгаа гэсэн сэтгэлтэй залуус цөөнгүй байдаг нь түүний ажлын нэгэн том “ташуур”, түшиг тулгуур болдог тухай ч нутгийн ахмадууд хэлж байсан. Засаг даргын үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийг ханган ажиллах учиртай Иргэдийн хуралд гар, сэтгэл нийлсэн залуус байна гэдэг сайн хэрэг.
Энэ үеэр Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн малчин өвгөнтэй хөөрөг зөрүүлэн хуучлах зуурт тэрээр “Манай сумын Засаг дарга П.Ариунбат, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байгаа хэдэн залуу бий. Тэд эвтэйхэн бөгөөд эрчтэй ажиллаж байна. Манай суманд социализмын үеэс хойш хийгдээгүй бүтээн байгуулалт хийгдсэн. Залуус хүч сэтгэлээ нийлүүлбэл юуг ч хийж болдгийг харууллаа. Ийм залуус л хэрэгтэй байна” хэмээн магтангуй хэлж байв.
Одоо П.Ариунбат дарга болон тэдний багийн чин хүсэл бол сумын нэгдсэн зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилд иргэд саналаа өгсөн тохиолдолд хийж хэргэжүүлэхээр зэхэж байгааг бас дуулгаад авсан. Ийм л сэтгэл, зүтгэлтэй залуус нутгаа хөгжүүлээд өргөөд явж байна гэхэд үнэхээр сэтгэлд өег. “Шинэ сум” бүтээн байгуулалтыг бид мэднэ. Дундговь аймгийн Гурвансайхан сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан гээд тус төслийн хүрээнд шинэчлэгдэж боссон сумд Монгол Улсын нүүр царай болж байна. Энэ жишгээр зүрх сэтгэлтэй залуус гар нийлээд ажиллавал Хөвсгөл аймагт нэгэн жишиг сум бий болж таарна. Тэгэхээр орон нутгийн удирдлагууд ч бай, тойргоос сонгогдсон түшээд ч бай, иргэд ч бай бүгд л хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэй юм байна даа гэсэн бодол замын турш сэтгэлээс салаагүй билээ. Ахин Эгүүрт аяны дөрөө амасхийлгэхэд цоо шинэ сум болсон байх нь дамжиггүй гэсэн бодол өөрийн эрхгүй эзэмдэж явав.
С.Баяр