ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 212 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц зэрэг 10 улсад өвчлөл эрчимтэй тархаж байгаа. Сүүлийн үед Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Түүний 24 нь сүүлийн 24 цагийн дотор бүртгэгдэж. Манай улсад ажиглалтад 1480 хүн байна. 12 хүн өчигдөр ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Яг одоо ДЭМБ-ынхан цахим хурал хийж байна. Хурлаар өвчлөл эрчимтэй тархаж байгааг голчлон ярьж байна. Дэлхийн орнуудыг гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, дотооддоо халдвар тархсан, өргөн тархсан гэж 3 ангилж байгаа. Манайх эхний ангилалд багтаж байгаа. Гэхдээ эрдэмтэд нэгдүгээр ангилалд багтаж байгаа орнуудад өвчлөлийн хоёр дахь давлагаа айсуй байгааг анхааруулсан. Тиймээс өвчлөл зөөвөрлөгдөж ирэхээс аль болох сэргийлэх хэрэгтэй байна. Бид эв нэгдэлтэй байж энэ өвчнийг давж гарна. Эмнэлэгт эдгэрээд гарч байгаа хүмүүсийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, давтан шинжилгээнд хамруулна. Давтан шинжилгээгээр ямар нэг шинж тэмдэг, вирус илэрвэл эргээд тусгаарлалтад оруулах учиртай" хэмээлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээгээр ковид-19 халдварын нийт 1 сая 282 мянган тохиолдол, 74774 нас баралт нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл АНУ-д 8, Италид, Францид 3, Испанид 5 дахин нэмэгдсэн байна. Дэлхий дахинд 1.5 тэрбум хүүхэд, залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас санаачлан дэлхийг уншъя аяныг өрнүүлж байна. Дэлхийн хамгийн шилдэг зохиолуудыг зохиолч нь Англи хэлээр өөрсдөө уншиж өгнө. Эхнээсээ зохиолчид өөрсдийнхөө цахим хуудсаар хүүхдүүдтэй уулзаж, асуултад нь хариулж, номынхоо хэсгээс уншиж өгч байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-д хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ , Истанбулаас ирсэн 192, тандалтын байдлаар зорилгоор хийсэн 25 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 137 хүн тусгаарлагдаж, хяналтад байна. Коронавирус илэрсэн хүн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирсэн. Шууд тусгаарлагдсан. Анхны шинжилгээг 28-ны өдөр хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Бид тусгаарлалтын хугацааг сунгаад байгаа нь ийм учиртай. Эхэндээ вирус илрэхгүй байж байгаад давтан шинжилгээгээр гарч байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, 14, 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа маш сайн мөрдөх хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл "Авиган" гэдэг эмийг Японоос ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл авчирч, ХӨСҮТ-д хэрэглэж байна.
Урин дулаан цаг ирж, хүмүүсийн амны хаалт зүүх нь багасах маягтай боллоо. Хүүхдүүд гадаа их тоглож байна. Бид анхаарал хяналтаа сайжруулж, үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нэг л хүн хяналт алдахад яаж хэцүүдэж байгааг дэлхийн бусад орнууд харуулж байна. Япон бол маш өндөр сахилга баттай, дэг журамтай улс. Гэтэл энэ өвчнийг алдчихлаа. Тиймээс бид тэвчээртэй, хянуур, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна" хэмээв.