АТГ-аас өчигдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг холбогдуулан шалгасан байна. Тодруулбал, тэднийг төрийн эрх ашигт 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган шалгаж дуусаад, уг хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь энэ аж. Мөн тус хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байсан ч гадаад улсад оргон зайлсан гэж үзээд түүнийг хэргээс тусгаарлан шалгаж байгаа юм байна.
Хэргийн талаар тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны ирүүлсэн төслийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад Монголын талын зүгээс татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна” гэсэн утга бүхий албан бичгийг 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын талд илгээжээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК болон “Монголросцветмет’’ ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ‘’Монголиан Коппер Корпорейшн’’ ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна.
Уг нь бол Засгийн газарт албан ёсоор дипломат шугамаар ирүүлж, уг асуудлыг УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар дээрх хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байв.
Гэтэл эдийн засгийн холбогдох тооцоо судалгаа хийлгүй, холбогдох хууль тогтоомжуудыг санаатайгаар зөрчин “Монголиан Коппер Корпорейшн”-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа аж.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан 400 сая 270 мянган ам.долларыг бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй 12 тэрбум төгрөгийг бүртгэлгүй мөнгөөр бүрдүүлсэн гэж өөр эх сурвалж мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүй буюу хар мөнгө гэж сэжиглэх үндэслэлтэй юм байна. Зарим эх сурвалж “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан гэж мэдээлж байна.
Ямартай ч олны анхаарал татсан, томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон ийм нэгэн дуулиантай хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган, шүүх рүү шилжлээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн юм байна. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.
Б.Аз