Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж ТУСГААРЛАЛТАНД авч эхэллээ

Эрүүл мэндийн Дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч  Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөхгүй юу?

Монгол Улсад коронавируст  халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан.  Өмнө нь манай улсад ноцтой нөхцөл байдал үүсч байсан боловч энэ удаагийнх шиг шуурхай штаб байгуулагдаж байгаагүй. Улсын онцгой комиссын шуурхай штаб нь коронавируст халдвар тархахаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаар УОК-т танилцуулж, гарсан нөхцөл байдалд нэн даруй арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хянаж ажиллаж байна. 

-Нийгмийн сүлжээнд зарим иргэд онц нөхцөл байдал зарласан энэ өдрүүдэд гадаадаас Монгол иргэдийг оруулах нь зөв эсэх дээр асуудал үүсгээд байна. Шуурхай штаб иргэдээ зөөвөрлөн авчрах ажлыг удирдан зохион байгуулж байгаа. Та штабын орлогчийн хувиар байр сууриа илэрхийлэхгүй юу? 

Монгол Улсын иргэн  Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эх орондоо хаана ямар ч нөхцөлд байсан ирэх бүрэн эрхтэй.  Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байна. Үүнд нэн тэргүүнд хүнд өвчтэй, гадаад улс оронд эмчилгээ хийлгэсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдээ авахыг зорьсон.

УОК-ийн баталсан журмын дагуу коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэл зүйн шинж тэмдэггүй хүмүүсийг 21 хоног тусгаарлан ажиглалтанд байлгана.

Үүний тулд холбогдох газруудаас авсан мэдээлэл, судалгааг үндэслэн шуурхай штаб урьдчилсан хуваарийг хийнэ. Тусгай үүргийн  онгоцонд эмч, улсын байцаагч нар явж,  20 асуулттай эрүүл мэндийн хуудсыг зорчигчдоор бөглүүлж, тухайн асуулгад  ямар зовиур илэрч байна, явсан газрын маршрутыг нарийн асууж, тэмдэглэн мэдээллээ нэгтгэнэ.   

Arslan.mn

-Орон нутагт COVID 19-оос урьдчилан сэргийлэх зорилгоор ямар зохион байгуулалттай ажлууд хийгдэж байна вэ?

-Нээлттэй байсан хилийн боомтууд өнгөрсөн сарын 28-нд хаагдсан. Боомтоор орж ирсэн иргэдийг мөн адил УОК-оос гарсан шийдвэрийн дагуу тусгаарлан ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдлуудыг тухайн орон нутгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан ,шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТ-д ирүүлж, хот, хөдөөгүй нэг зарчмаар ажиллаж байна.

Дархан-Уул, Дорнод, Ховд, Орхон аймгийн НЭ- ийн вирусологийн лабораторид коронавирусыг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангалаа.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ажиглалтад байгаа 2334 иргэн байгаагаас 14 тохиолдол бүртгэгдэн хоёр өвчтөн эдгэрч, үргэжлүүлэн тусгаарлан ажиглалтад, бусад 12 иргэн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. 

-Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэнэ үү?

-Иргэдийн хувьд эрүүл мэндийн хуудсаа л хамгийн түрүүнд үнэн зөв бөглөх хэрэгтэй. Хаанаас ирж хаагуур явсан өөрт нь ямар зовиур илэрч байгаагаа мэдээлэх хуудсанд үнэн зөв бөглөсөн тохиолдолд ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Мөн тусгаарлалтанд байгаа иргэдэд манай  эмч нар  тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тусгаарлах байрны журамд хавьтлыг хамгийн бага байхаар зохицуулалт хийсэн.

Тухайлбал хоол үйлдвэрлэлийн хэсгийг ногоон бүсээр нэрлэж, түүнээс бусад хэсгийг улаан гэж нэрлэж байгаа. Ногоон бүсээс нэг ч хүн улаан бүсэд нэвтэрч болохгүй. Улаан бүсэд зөвхөн эмч ажиллана.

Тэд маань иргэдэд хоол зөөвөрлөх,  иргэдийн халуун хэмжилт, биеийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Мөн тусгаарлалтанд байгаа иргэд аяга тавгаа өөрсдөө угаан, өрөөн доторх цэвэрлэгээ ариутгалаа тогтмол өөрсдөө хийх зэрэг нь хавьтлын тоог багасгах зорилготой юм. 

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн нислэгээр иргэдээ авсан. Зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

Короновируст халдвар 4-р сарын 5-ны байдлаар дэлхийн 209 оронд тархаж дэлхий даяар нөхцөл байдал цаг минутаар хүндэрч байна. Эхний удаад хийгдсэн чартер нислэгүүдээр авсан иргэдээ онгоц, онгоцоор нь сувилалын газар, эмнэлгүүдэд тараан байршуулахдаа орны тоогоор нь тусгаарладаг байсан бол энэ удаагаас эхлэн УОК-д энэ талаар санал тавьж шийдвэрлүүлэн,  өвчний нууц үеийн хугацаа, өвчлөлийн явцтай уялдуулан нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтанд байлгаж байна.

-УОК-оос урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, ажиллах аюулгүй байдлыг хангахад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэсэн хөрөнгөөр эхний ээлжинд хэрэглэгдэх нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан. Гэвч онцгой нөхцөлд ажиллах эмнэлэг, тусгаарлах байрны тоо нэмэгдэхийн хэрээр нэг удаагийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байсаар байна. ДЭМБ -аас гаргасан тооцооллоор шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж шат дараатай хангах ажлыг эхлээд байна. Мөн манай иргэд, байгууллагууд  нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гар ариутгагч, мөнгөн тусламжийг илгээж байгаа нь бидэнд маш их ажиллах урам, сэтгэлийн дэм өгч байна. Иргэдийнхээ сайхан сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. 

Arslan.mn

-Эрүүл мэндийн салбар эдгээр өдрүүдэд ямар зохион байгуулалтай ажиллаж байна вэ?

Энэ өвчний талаар  ДЭМБ 2020-01-06-ны өдөр зарласнаас  хойш эрүүл мэндийн байгууллага тэр дундаа ХӨСҮТ-ийн алба хаагч нар цаг наргүй өндөржүүлсэн бэлэн байдалд гэртээ ч хэдэн хоногоор харихгүйгээр ажиллаж байна.  Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар тусгаарлагдан ажиглалтанд байгаа хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж бид урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан.

Өвчнөөс сэргийлэхийн тулд  ЭМЯ сургалт судалгааны ажлууд хийн иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээлэл олгох контент хөгжүүлэлтийн ажлуудыг хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн ажиллаж байна.

ДЭМБ-аас нэгдүгээр сард эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоох, хөл хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн эхний авах арга хэмжээ байдаг. Засгийн газар цаг алдалгүй шуурхай агра хэмжээ авч ажлласанаар ахуйн халдвар Монгол улсад өнөөг хүртэл бүртгэгдээгүй нь манай улсын Засгийн газар маш сайн ажиллаж байгаагийн үр дүн юм. 

Баярлалаа.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Өдрийн сонин

Ц.Төвшинтөгс: Ханийн минь дагзыг мохоо үзүүртэй зүйлээр гэмтээж, амьсгалын замыг нь гадны биетээр бөглөсөн гэсэн байна лээ
Ц.Төвшинтөгс: Ханийн минь дагзыг мохоо үзүүртэй зүйлээр гэмтээж, амьсгалын замыг нь гадны биетээр бөглөсөн гэсэн байна лээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.