Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв талбай дээрээ төвлөрсөн шугамд холбогдсон нийтийн бие засах газартай болмоор байна

Нийслэл хотын хувьд тоотой хэдхэн л цэцэрлэгт хүрээлэн бий. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж болохоор газрыг нь хэн нэгэн эрх мэдэлтнүүд авч, барилга байшин барьж, хашаалсаар байгаад өнөөдөр хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх, хосууд болзох, гэр бүлээрээ зугаалах газар үнэхээр ховордчихсон нь нууц биш.

Төв талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг хүртэл хувийн хэвшлийн компани олон жил хувьдаа эзэмшиж байсан гашуун түүх бий. Харин энэ газрыг нийслэлийн өмчид буцаан авч, улмаар тохижуулж, сайжруулж, олон улсын жишигт нийцсэн гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болгох санал санаачлагыг Хотын захиргаанаас гаргасан.

Гэтэл үүнийг эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүс гараад ирэх нь тэр. Чухам яагаад төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон нийтийн бие засах газартай, боржин зам бүхий хүмүүс амарч суух задгай талбайтай, услалтын систем, усан оргилуур бүхий ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулъя гэдгийг эсэргүүцээд байгаа юм бол. Нураая, байхгүй болгоё, хэн нэг даргад өгье гээгүй шүү дээ. Харин ч засаж, сайжруулъя, тохижилттой болгоё, улам гоё тохь тухтай байлгая л гээд байгаа. Гэтэл үүнийг харлуулах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд “Төв талбайгаа аварья”, “Мод бутаа хамгаалья”, “Нэг ч мод огтлуулахгүй”, “Ногоон байгууламжаа авч үлдэе” хэмээх хэтэрхий сүржин  уриа үг хэлэн, олны анхаарлыг өөрсддөө татаж, ногоон байгууламжаа аврагчийн дүрд тоглож эхлэв. Үнэн хэрэгтээ яг л тэдний хэлээд хүсээд байгаа ногоон байгууламж бүхий иргэдийн амарч алхах, зугаалах газрыг өмнөхөөс  нь илүү тохижилттой болгохыг зорьж, энэ ажлыг нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа тордлогоо хариуцдаг төрийн өмчит компани хийж гүйцэтгэхээр болсон.

Дээр нь нэг чухал асуудал энд яригдах ёстой.

Манай улсын хувьд өнгөрсөн онд гэхэд 75 мянган жуулчид иржээ. Тэдний хувьд тулгамдсан асуудлын нэг нь нийтийн бие засах газар. Үүгээр ч зогсохгүй Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах үед 5000-20000 хүн нэг дор цугладаг. Ийм үед  бие засах газар болон иргэдийн амарч суух газар яригддаг. Иргэн та нэг бус удаа харсан биз. Талбайд болох арга хэмжээний үеэр  зөөврийн жорлонд хүмүүс бие засахаар дугаарладаг. Үүнийг хараад  төв талбайн дэргэдээ  төвлөрсөн шугамд холбогдсон бие засах газрыг барьж чадаахгүй  үеийн даргыг  бодохоор тэдний өмнөөс ичдэг. Харин одоо энэ асуудлыг нь шийдвэрлээд хөрөнгө мөнгийг нь тусгаад, ногоон байгууламжийг шинэчлэх ажил  эхэлмэгц хэл ам гараад байгааг нь үнэндээ ойлгохгүй нь.

Эсэргүүцэгчдийн хэлж байгаагаар бол “модыг устгаж, үгүй хийх гэж байна. Энэ их мөнгийг гэр хорооллын 00-г засаж сайжруулахад зарцуул” гэх. Та бүхэн бод доо, энэ хотод 1.5 сая хүн амьдарч байна, эдгээр иргэдийнх нь 60 гаруй хувь нь залуучууд байхад амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих цөөн газраа тордож, нэмэгдүүлэх нь юу нь буруу гэж. Нийслэл хот яагаад нэг гараараа гэр хорооллын хог, 00-ын асуудлаа шийдэж, нөгөө гараараа хотынхоо өнгө үзэмжийг нэмж, тохижилтоо сайжруулж болохгүй гэж.

Улаанбаатар хотын иргэн миний бодлоор улстөржсөн залуусын үгийг үл тоогоод жирийн залуус бидэнд зүгээр л барьж, байгуулаад өгөөч гэж хүсмээр байна. Урин дулаан цаг ч ирж байна, салхилж, зугаалах таатай, тав тухтай газрыг бий болгох их ажлыг битгий үгүйсгээч гэж шүүмжлэгчдээсээ хүсмээр байна.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.5 га талбайг хамардаг бөгөөд энд нийт 8300 орчим мод, бут, сөөг байгаа аж. Харин албаны хүний ярьсанчлан зураг төслийн траст орсон 100 гаруй мод, бутыг шилжүүлэн суулгах юм гэсэн. Түүнээс биш таслаад, огтлоод, устгаад, үгүй хийх гээд байгаа юм огт үгүй. Харин ч усжуулалтын системийг байгуулах учир мод, бут, сөөгийн ургалтад санаа зовохооргүй арчилж, ургуулах боломж бүрдэнэ гэдгийг мөн хэлж байна билээ.

Залуусдаа уриалахад улстөржиж, хэн нэгний үгээр шүүмжлэхээсээ урьтаж, хотоо сайхан болгохын төлөө хамтдаа дуугардаг болохсон. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг хувийн компанийн эзэмшлээс төр мэдэлдээ авч, төрийн байгууллага тохижуулах ажлаа эхлүүлж байна.

Тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагадаа итгэж, хоёр сарын дараа  төв талбайн урд цэцэрлэгтээ жинхэнэ утгаар нь ногоон байгууламжийг бий болгосон, төвлөрсөн шугамд холбогдсон 00-тэй, цэвэр тухтай орчинг бүрдүүлсэн цэцэрлэгийг хамтдаа хүлээн авья.

Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ
Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.