Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв талбайнхаа хажууд задгай \“жорлон\“-той улс манайхаас өөр байхгүй

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэн засаж, тохижуулж, шинэчлэх ажлыг хийхээр болж, өчигдөр хашааллаа. Зураг төсөл нь гараад, ажил нь эхэлж байгаа юм.  Гэтэл хаанаас ч юм баахан эх орончид гарч ирээд, ногоон байгууламж сүйтгэлээ, мөнгө үрлээ, одоо байгаа моднуудыг амиараа хамгаална гэх нь холгүй дөвчигнөв.  Цахим сүлжээнд нь ч иргэдийн дийлэнх нь энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байна. Тэднийг огт буруутгах гэсэнгүй. Илэрхийлж байгаа үзэл бодол, байр суурь нь зарим хүнийх зөв байгаа учраас.  Харин ихэнх нь зүгээр л сонгуулийн жилийн синдром туссан нь ойлгомжтой. 

Төв талбайн өмнөх цэцэрлэгийг өнгө үзэмжтэй, ядаж бие засах газартай, иргэд амарч тухалчихаар аятайхан болгох хэрэгтэй. "Централ таур"-ын өмнөх цэцэрлэгт хүмүүс очиж, яаж зугаалж, цагийг өнгөрөөдөг билээ.  Төв талбайн өмнөх цэцэрлэг ядаж л  тийм дайны биш шүү дээ. Хатуухан хэлчихэд, амиараа хамгаална гээд байгаа ногоон байгууламжийн ихэнх нь уулнаас ухаж авчраад  "оршуулсан" мод.  Олон жилийн турш ургасан мод тун цөөн байгаа.  Тиймээс ногоон байгууламжийг жинхэнэ утгаар нь нэмж, зүлэгжүүлж, модыг ном журмаар нь тарьж, ургуулах ёстой. Түүний хажуугаар модоо "оршуулна" л биз. 

Нөгөө талаар төв талбайн өмнөх цэцэрлэг задгай жорлон л гэсэн үг. Тэнд жилийн дөрвөн улиралд хүмүүс мод руу шээж, хүндээр бие засах нь холгүй байгаа.  Шатар, даам тоглож суудаг хүмүүс ч давсаг нь чинэхээр хүний нүд хариулж байгаад, мод руу нь сарьдаг нь үнэн.  Иргэд тухлаад суучих газаргүй, худал хэлсэн хүнд байгаа бүх зайнд нь мод "оршуулаад", дөрвөн талаас нь модоор тулчихсан байгаа.  Бараг л төв талбайн хажууд байгаа задгай жорлон.  Ийм газрыг дэлхийн жишигт хүргэдэггүй юм гэхэд арай аятайхан болгож, боловсон бие засах газар шийдэж өгөх хэрэгтэй.  

Зарим нь хотын төвд хоёрын хоёр бие засах газар хэрэггүй гээд л хашгираад байна билээ. Харин ч хэрэгтэй.  Энэ хотод чинь давсаг чинэж, гэдэс мушгирсан үед ороод бие засчих аятайхан бие засах газар байгаа бил үү. Гэр хорооллыг хөгжүүлэх гэдэг шаардлага тавьж байгаа хүн бүрийн зөв. Гэхдээ бид улсын нүүр царай болсон төв талбайн хажууд байгаа цэцэрлэгийнхээ "нүүр"-ийг ч бас угаах ёстой.  

Саяхан болтол энэ газар хувийн компанийн өмч байсныг олон хүн мартчихаж.  2006 онд хотын дарга асан Ц.Батбаяр "Улаанбаатар констракшн" гэдэг компанид шилжүүлээд өгчихсөн. Тэр компани нь удаа дараа банкны барьцаанд тавьж, мөнгө зээлж, 8.8 сая ам.доллар буюу 23 тэрбум төгрөгийн өрөнд өгөх дээрээ тулчихсан байсан.  Харин өнгөрсөн жил буцаагаад нийтийн эзэмшилд авсан. Хэрвээ хувийн компани энэ газрыг ашиглаад, модыг нь хуу хамаад, хөшөөг нь буулгаад, зочид буудал барьсан бол яах байсан юм.  Сайндаа л жаахан хэл амаа билүүдэнэ биз, тэгээд л дуусна. Манайд болохгүй юм гэж байдаг биш. Хотын даргаар ажиллаж байсан хүн нь төв талбайнхаа газрыг хувийн компанид өгчихөж чадаж байхад тэр газар дээр нь баар, ресторан, дэлгүүр, буудал барих энүүхэнд. 

Өчигдөр албаны хүмүүс багагүй тайлбар хийлээ. Эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байгаа болохоор нээрээ юу билээ гэж тунгаах хүн цөөхөн байх шиг байна. Тэр цэцэрлэгийн хөрс нь тун хэцүү болсон гэсэн. Аргагүй ш дээ, хэчнээн жил хүн, амьтны ялгадасаар "дүүргэсэн" газар бохирдохоос биш яах билээ. Тэгээд ч сул шороо ихтэй, зүлэг ногоо байхгүй. Угаасаа тариад ч ургахаар болсон гээд байгаа.  Ийм газрыг өөрчлөх нь зөв.  Усан оргилуур барих гэлээ гээд л хашгичаад байна. Зуны гуравхан сар ажиллана, хэрэггүй ч гэж байх шиг. Одоо байгаагаар нь үлдээхээр илүү аятайхан байх юм уу. Ядаж 4, 5 сар усан оргилуур оргилж, агаар орчны чийгэлж л байг, түүний төлөө боож үхэх гээд байх шаардлага алга.  Зураг төсөл нь ч аятайхан л харагдсан. 

Хүмүүсийн болгоомжлоод байгаа нэг зүйл нь усан оргилуур барина гэж хашаалчихаад, байшин барьдаг. Дандаа иргэдээ хуурдаг гэдэг асуудал. Үнэн, "Тэнгис" кино театрын хажууд усан оргилуур барих гээд яасан билээ. Байшин болж хувираад, хүний амь хүртэл хохирсон. Бид мартаагүй. Тиймээс яг зураг төслийнхөө дагуу ажлаа хийхийг шаардах ёстой.  Түүнээс биш цэцэрлэгийг тохижуулж, сайхан болгох гэсний төлөө. Төв талбайн хажууд байгаа задгай жорлонгоо өөрчилж, иргэд тухалчих аятайхан газартай болгох гэсэн төлөө уурлаад байх ямар ч шаардлагагүй. 

Ганцхан л асуудал байна, эдийн засаг хүндэрсэн энэ үед тэвчиж болохоор энэ мэт зардлыг танаж, ажлыг нь ганц нэг жилээр хойшлуулж болохгүй байсан уу л гэдэг.  Дарга нар аль хэдийнэ төсвийг нь шийдчихсэн байсан гээд байгаа. Хэзээ төсвийг нь шийдсэн, хэдэн төгрөг зарцуулах, тэр мөнгөөр өөр юм хийж болох байсан энэ тэр нь падлий алга. Ганцхан цар тахал дэлхийд тархаж, эдийн засаг хэцүүдсэн энэ үед  тэвчээд, ажлаа хойшлуулах байсан гэдэг нь өнцгийг дэмжихээс өөр аргагүй. Гэхдээ тэд тас зөрөөд ажлаа эхэллээ. Одоо нэгэнт эхэлсэн ажлыг яалтай. Сайхан цэцэрлэгтэй болохоо хүлээгээд л сууж байя.  Дашрамд хэлэхэд, цэцэрлэгийнхээ дор авто зогсоол байгуулчихсан бол бүр гоё байсан юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.