УРИАНХАН Б.ГАЛААРИД:
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсоор айлчлахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж сурвалжлав. Энэ айлчлалын нарийн ширийнийг тодотгох, мөн Беларусь орны тухай төрсөн бодол, мэдсэн сонссоноосоо уншигч Тантай хуваалцахыг хүсч байна.
- Беларусиар сонин юу байна?
Социализмын үеийн Беларусийг монголчууд сайн мэднэ. Гэвч бидний тэрхүү мэдлэг цаг хугацааны урсгалаар хуучирчээ. Харин өнөөгийн Беларусь гэж ямар орон бэ? Миний хувьд сүүлийн дөрвөн жилд тус улсад жил дараалан цөөвтөр хоногоор очиж, тэр болгондоо сэтгүүлч хүний өлөн нүдээр харахыг хичээж явсан учраас тодорхой төсөөлөлтэй болсноо товчхон өгүүлье.
Беларусийн хүмүүс нь эелдэг, нээлттэй, нөхөрсөг. Хууль дүрмийг чанд мөрдөнө. Маш ажил хэрэгч, нямбай. Гудамжинд согтууруулах ундаа ил цагаан ууж байгаа хүнтэй таарахгүй. Ихэнх нь орос хэлээр ярих ч хараалын үг хэлэхгүй. Аль аль нь хатуу торгуультай, цагдаа нар нь ажлаа үнэнч хийдэг учраас энэ мэт асуудлыг амархан цэгцэлсэн гэнэ. Хууль дүрэм зөрччихөөд цагдаа нартай “найраад” зохицуулчихна гэж найдалтгүй. Авлига өгөх гэж оролдсоныхоо төлөө хуулийн хариуцлага хүлээх ял л харин нэмэгдэнэ. Хууль, хүчнийхэн ажлаа хариуцлагатай үнэнч хийдэг болохоор Беларусь амар амгалан, айдас хүйдэсгүй орон болж чаджээ. Хэдийгээр тэгэх онцын шаардлагагүй ч хүсвэл гадаад дотоодын ямар ч хувь хүн, байгууллага цагийн 13-14 беларусь рублиэр цагдаагийн тусгай тасгийн ажилтныг хамгаалагчаар хөлсөлж болдог гэнэ.
Нийслэл хот нь хоггүй цэвэрхэн, гудамж талбай нь уужим цэлгэрээрээ хамгийн түрүүнд анхаарал татна. Зам сайтай. Замын тэмдэг тэмдэглэгээ тод, ойлгомжтой. Дугуйн зам нь хоёр урсгалтай, зэрэгцээд явган хүний 2 метр орчим өргөн замтай. Ногоон байгууламж ихтэй, түүнийг арчилж тордох нь чамбай. Минск хэдийгээр 2 сая орчим хүнтэй ч ажлын цагаар гудамжинд хүн цөөн. Үндсэн 840 мянган машинтай, явуулын 140 мянга орчим машин өдөр тутам орж гардаг ч Минскийн гудамжны хөдөлгөөн харьцангуй сийрэг, замын түгжрэл нь Улаанбаатартай харьцуулбал “инээдмийн”. Зам нь өргөн, дээр нь метротой, нийтийн тээвэр сайтай болохоор тэгдэг биз ээ.
Хотоос гараад явахаар ой мод, тариалангийн арчилгаа сайтай талбай, өргөн уудам нугууд харагдаж, чанар хийц сайтай нэг давхар голдуу байшингууд үе үе харагдах нь Европын нийтлэг дүр зургийг санагдуулна.
Албан ёсны хэл нь беларусь, орос хоёр бөгөөд хүн амын ихэнх нь оросоор ярина. Гэхдээ беларусь хэлээр ярих хандлага сүүлийн үед идэвхжиж, беларусь хэл дээр ном хэвлэл ч ихээр хэвлэгдэх болжээ. Автобус, троллейбус зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд зогсоолоо беларусь хэлээр зарлах аж.
Беларусь нэг хэсэг сүрхий унаад байсан ханшаа мөнгөний шинэтгэл хийх замаар чангаруулж чаджээ. Биднийг тэнд байх өдрүүдэд 2.14 бел.рубль 1 ам.доллартай тэнцэх ханштай байв. Цалингийн хувьд IT мэргэжилтнүүд хамгийн өндөр буюу 4500 орчим, үсчин зэрэг үйлчилгээний ажилтнууд хамгийн бага буюу 680-700 орчим бел.рублийн цалинтай гэнэ. Жирийн гуанзанд нэг хоёрдугаар хоол, цай, салаттай авахад 6 беларусь рубль болж байгаа нь 3 доллар хүрэхгүй үнэтэй гэсэн үг.
Беларусь дэлхийн 170 гаруй оронтой худалдааны харилцаатай. Гол импорт нь нефть, байгалийн хий, түүхий эд, гол экспорт нь нефтийн бүтээгдэхүүн, бордоо, автомашин, трактор, дугуй, металл, сүү, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн. Худалдааны хамгийн том түнш нь ОХУ. Беларусийн импортын 40 орчим, экспортын 55 орчим хувийг ОХУ дангаараа эзэлдэг. Хоёр дахь том харилцагч нь Европын холбооны улсууд.
Беларусийн төрийн тэргүүний тухай янз бүрийн мэдээ дэлхийн хэвлэлүүдээр нэг байдаг ч хамгийн гол нь хүн ам нь амар амгалан, аз жаргалтай, өнөөгийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь энэ улсын төрийн бодлого өөртөө зөв гэдгийг харуулна.
- Айлчлал хэр болов?
Сайд Б.Энх-Амгалан энэ удаад Беларусийн Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменкогийн урилгаар айлчилсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Улаанбаатар хотын захирагчийн Зам болон автотээврийн төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Б.Отгонсүх, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарын албаны хүмүүс, мөн бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд Беларусийн тал энэхүү айлчлалд нэлээд ач холбогдол өгч, мэдээллийн хэрэгслүүд ихээхэн анхаарал хандуулж байв.
Б.Энх-Амгалан сайд Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменко, Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нартай албан ёсны хэлэлцээ, Мэдээллийн сайд А.Н.Карлюкевичтэй ажил хэргийн уулзалт хийж, үйлдвэр, аж ахуйн хэд хэдэн газартай танилцаж, богино хугацаанд их ажил амжууллаа.
Беларусийн Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй хийсэн уулзалт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт асуудлыг хөндсөн чухал уулзалт болов. Хоёр орон хэдийгээр олон мянган километр зайтай оршдог ч Ази, Европын олон орныг холбосон тээвэр логистикийн гол шугаман дээр оршдог давуу байдалдаа түшиглэн харилцан ашигтай, хамтран ажиллах өргөн боломж байгаа тухайд талууд санал нэгтэй байв. Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах санал тавьсныг беларусийн тал бүрэн дэмжиж, энэ төсөлд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг ашиглах боломжтойг дуулгав.
Б.Энх-Амгалан, А.Н.Авраменко нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцож, улмаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Беларусийн Тээвэр, харилцаа холбооны яамны хамтран ажиллах Санамж бичгийг шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа. А.Н.Авраменко уулзалтын үр дүнг дүгнэхдээ “Беларусь, Монгол хоёр улс харьцангуй сайн хамтын харилцаатай. Тээврийн салбарын хамтын ажиллагааг бүр онцолмоор байна” гэлээ.
Беларусийн мэдээллийн сайд А.Н.Карлюкевич Монголын хэвлэл мэдээлэл, утга зохиол, соёл урлагийн байгууллагууд, холбогдох яам, агентлагуудтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд энэ талаар холбогдох газруудад уламжилж өгөхийг сайд Б.Энх-Амгалангаас хүсэв. Мөн Монголд болдог номын яармагт өөрсдийн төлөөллөө илгээхээ амлаж, Беларусьт жил бүр болдог олон улсын хэвлэл мэдээллийн форум, номын баяр зэрэг тогтмол арга хэмжээнүүдэд Монголын оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулсан бөгөөд тээвэр ложистикийн салбарын хамтын ажиллагааг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтыг дэмжих, монгол жолооч нарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тээвэрч болгоход туслах, зам засварын ажлын туршлагаасаа хуваалцах, техник технологи авах талаар тохиролцсон юм.
- Юу үзэж, юу сонсож, ямар бодолтой ирэв?
Беларусь төрийн бодлогын хувьд өвөрмөц орон. Улс л юм хойно сайн, муу талтай л байгаа. Гэхдээ хөгжлийн нэгдмэл, холч бодлоготой байж чадаж байгаа нь хамгийн түрүүнд анзаарагдана. Эдийн засаг, бизнесийн салбарт шинэлэг, орчин үеийн хандлага хаа ч очсон мэдрэгдэнэ. Төр оролцох юмандаа оролцсон шиг оролцоно. Бэлээхэн жишээ нь казино болон мөрийтэй тоглоомын орчин. 2009 онд ОХУ энэ чиглэлийн бодлогоо чангатгасан нь Беларусьт ашигтай тусч, мөрийтэй тоглоомын бизнес огцом хөгжиж, төсөвт чамгүй нэмэр болж эхэлжээ. Өөрөөр хэлбэл казинод хөрш зэргэлдээ оросууд орлого оруулж эхэлсэн гэсэн үг. Төрийн зүгээс дүрэм журмаар хатуу зохицуулж, Татварын яаманд хариуцуулж, орлогод нь хяналт мониторинг хийдэг аж. Мөрийтэй тоглоомонд донтогчийг тухайн орчноос тусгаарлах тухай хүртэл зохицуулалт бий гэнэ. Минскт томоохон 6-7 казино, улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын 100 орчим газар ажилладаг. Тэглээ гээд манайхны яриад, айлгаад байдаг шиг хар тамхи, янхан, согтуу хөлчүү, эмх замбараагүй байдал ноёлсонгүй.
Оролцохгүй юмандаа төр оролцохгүй. Беларусьт хувийн бизнес олон жил эрхэлж байгаа нэгэн орос эртэй энэ сэдвээр ярилцаж байхад “Миний бизнест төрийн дэмжлэг байхгүй. Гэхдээ төр саад болдоггүй нь том дэмжлэг” гэж хэлсэн. Бизнесээ орхиод нутаг буцах бодолгүй байгаагаа бас хэлсэн. Бизнес эрхлэх таатай орчин байгаа гэсэн үг ээ дээ.
Бид Беларусийн төмөр замын өртөөн дэх “Беларусийн тээвэр-логистикийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан. Цомхон, эмх цэгцтэй, ажлын зохион байгуулалт сайтай энэ газрыг тээврийн салбарынхан маань өөрсөдтэйгээ харьцуулж, хэрэгтэй санаа оноо олж харлаа гэцгээж байсан. Мянга ярихаар нэг үз гэдэг дээ.
Беларусийн олон улсын автотээвэрчдийн холбоогоор орлоо. 1992 онд автотээврийн 24 байгууллага нэгдэж байгуулсан, дотоод гадаадын зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хэмжээний байгууллага аж. Олон улсын тээвэр хийх жолооч нарыг тусгайлан сургах эрхийг төр нь энэ байгууллагад өгчихөж. Сургалтын үйл ажиллагааг нь татвараас чөлөөлчихөж. Эдний том оврын нэг мянга орчим машин олон улсын хэмжээнд ачаа тээвэр хийж байна. Бүртгэл хяналт маш нарийн аж. Бүх тээврийн хэрэгсэл, жолооч нар, тэдний дарга удирдлага, хариуцсан албан тушаалтны мэдээллийг цахим сандаа цуглуулжээ. Ачаа тээвэрлэж яваа машинуудын хөдөлгөөнийг хиймэл дагуулаар хянана. Биднийг зочлох үед Дарханы замд манай 2 машин маань явж байна гэж үзүүлж байв. Тээврийн хэрэгсэл бүрийг хаана хэр хурдтай яваа, жолооч нь хуваарийн дагуу амарч байгаа эсэхийг хүртэл хянадаг гэнэ. “Монголд манай БАМАП-ын тэрэг тээвэр хийж яваа бол та зуун хувь итгэж болно. Техникийн үзлэг үйлчилгээ, бичиг баримт гээд ямар ч өө гарахгүй. Бид маш хатуу шаардлага тавьж, хянадаг” хэмээн тус байгууллагын удирдлагууд ам бардам өгүүлж байна билээ. Олон улсад автотээврийн үйлчилгээ үзүүлэх тал дээр Беларусь яалтгүй тэргүүлэгч орон болж, Европын хөгжил сайтай орнуудад мэргэжилтнүүд нь очиж хичээл зааж, туршлагаа хуваалцдаг болсон байна. Б.Энх-Амгалан сайд тэрхэн хооронд Монголын жолооч нарыг олон улсын тээвэр хийх эрх олгох сургалтад хамруулах талаар харилцан тохиролцоод авна лээ.
2019 онд Беларусийн тээвэрчид Монгол руу тээвэр хийх зөвшөөрлийг 744 удаа, Монголынх 334 удаа авсан гэж танилцуулж байсан. Харилцаа өргөжихийн хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэж таарна. Тийм болохоор олон улсын тээвэр хийх эрхтэй монгол жолооч нарын тоог нэмэх шаардлага зайлшгүй гарах учраас сайд ийнхүү “Саалиа бэлдэхээр саваа бэлдье” хэмээсэн байх.
Дараагийн очсон нэг чухал газар бол 76 дахь жилийн түүхээ бичиж буй “МАЗ”-ын үйлдвэр. Монголчууд “МАЗ”-ыг эртнээс мэднэ. Соцсистем задрахын өмнөхөн, 1989 онд энэ үйлдвэр 1 сая дахь машинаа үйлдвэрлэн гаргасан тухай мэдээлж байсныг тус үйлдвэрийн хаалгаар орохдоо эргэн дурслаа. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгджээ. Тэр үед том оврын ачааны машин, тусгай зориулалтын техник дагнан үйлдвэрлэдэг байсан бол одоо үйлдвэрлэлээ өргөжүүлж нийтийн тээврийн автобус, троллейбус хийж байна. Бидний мэдэх “МАЗ” машин маань евро-6 стандартын Mercedes-Benz мотортой, дизель хөдөлгүүртэй, евро бүхээгтэй болсон байна.
Үндсэн зах зээл нь ОХУ, Беларусь, Украйн хэдий ч эдний бүтээгдэхүүн Аргентин, Венесуэль, Монгол гээд олон газарт бий. “Бидний “гармошка” гэж нэрлэдэг урт автобуснаас 20 ширхгийг танайх 2015 онд худалдаж авсан. Энэ үзүүлэлтээр танайх Беларусийн дараа буюу хоёрдугаарт орж байгаа” хэмээн танилцуулж байна билээ. Улаанбаатарын гудамжаар явж байгаа урт автобусыг хэлж байгаа нь тэр.
Манай хоёр улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн хэлэлцээр” байгуулахыг УИХ өнгөрөгч оны есдүгээр сард соёрхон баталсан. Энэ зээлийн гэрээнд МАЗ-ын тусгай зориулалтын 42 автомашины хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлыг айлчлалын үеэр талууд хэдэнтээ хөндөв. Зам засвар, арчлалтын эдгээр тусгай зориулалтын техник хэрэгслүүдийг авч чадвал мөн ч өгөөжтэй байх нь дээ гэх бодол тэдгээр техниктэй танилцах үеэр төрж байлаа. Тэдний үйлдвэрлэж буй авто зам засвар, арчлалтын “Тайфун” машин гэхэд л 4-5 замчны гар ажиллагааг хөнгөвчилж, хямд өртгөөр хурдан хийдэг, засвар хийснээс 20 минутын дараа замын хөдөлгөөн нээх боломжтой, индүү шаардлагагүй гээд манайх шиг нүх цоорхой ихтэй замд чухам хэрэгтэй эд нэг байна. Монголын тал авахаар товлоод буй нөгөө нэг машин нь өвөлдөө давс элсний хольцоо цацаж, замын цас цэвэрлэчихдэг, зундаа усны машины үүрэг гүйцэтгэчихдэг олон үйлдэлтэй, хэд хэдэн техникийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг, эдийн засгийн үр ашиг сайтай техник юм билээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд явсан Улаанбаатар хотын захирагчийн Зам болон автотээврийн төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Б.Отгонсүх Минск хотын захиргааны орлогч дарга Александр Дороховичтой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцээ хийж, ах дүү хот болох, соёлын өдрүүд харилцан зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцсан бол ЗТХЯ-ны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд шинжлэх ухаан судалгааны “БелдорНИИ” нийгэмлэгийн удирдлага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй уулзаж, Монголын байгаль, цаг уурын нөхцөлд тохирох зам засварын хүйтэн технологийг судалж нэвтрүүлэх, монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Айлчлалын сүүлчийн өдөр бид Марьина Горка хотод очиж, ЭкоТехноПаркийн үйл ажиллагаатай танилцав. Ирээдүйн тээвэр гэгдэж буй “Чавхадсан технологи” (Струнная технология)-ийг зохион бүтээгч Анатолий Юницкийгийн SkyWay цогцолборт хоёр зүйл төлөөлөгчдийн анхаарлыг гойд татав.
Нэг дэх нь, шинэ технологид суурилсан агаарын тээвэр. Хальт харвал одоо Улаанбаатарт тавихаар яригдаад буй кабель-картай адилхан санагдана. Гэвч технологи нь огт өөр. Агаарын дүүжин бүхээгүүд кабель утсаа чирч явдаг хүндрэлийг энэ технологи халжээ. Газраас 5 метрээс дээш өндөрт, тулгуур хооронд 50 метрээс 2 километр хүртэлх зайтай рельсэн дээр 500 км/цаг хүртэл хурдлах боломжтой электробусаар зорчих боломжийг энэ технологи олгож байгаа гэнэ. Мөн чингэлэг тээвэр хийж болно. Хямд өртөгтэй, экологид ээлтэй, өндөр хурдтай, аюулгүй гэдгээ практик дээр нотолсон энэ технологи бол тээврийн ирээдүй гэдэгт зохион бүтээгч А.Юницкий итгэлтэй байна. Эхний хөрөнгө оруулалтууд хийгдэж, Арабын нэгдсэн Эмират өөрийн нутаг дээр Америкийн “Цахиурын хөндий” шиг “Чавхадсан хөндий” байгуулахаар болж байгаа гэнэ. Биднийг очиход ч гадаадын хүмүүс тэрхүү технологийг сонирхоод явж байна лээ.
Хоёр дахь нь, А.Юницкийгийн боловсруулсан шимт хөрс ургуулах технологи. Тэрээр дэлхийд хамгийн элбэг байдаг хүрэн нүүрс, мөн бүх төрлийн нүүрсний хаягдлыг тусгай аргаар боловсруулж, шимт хөрс бий болгожээ. Энэ нь эхний зорилгоос урган гарсан гэнэ. Беларусийн Засгийн газар А.Юницкийд чавхадсан технологио турш хэмээн урьд нь танкийн буудлагын талбай байсан хөрс нь улаанаар эргэсэн 30 га газар өгчээ. Тэр хөрсийг эрүүлжүүлэхийн тулд шимт хөрс ургуулах технологио боловсруулж, туршилтын талбайгаа хэдий нь төрөл бүрийн мод, жимс, ногоо тариалдаг ногоон бүс, амралт зугаалгын орчин үеийн хотхон болгосон байна.
Энэ мэтээр Беларусьт үзэж харснаа тоочоод байвал дэндүү их байна. Беларусь, Монгол хоёр газарзүйн байрлалын хувьд алс орших ч хамтран ажиллах сэтгэл зүрхээрээ ойр байгааг энэ удаагийн айлчлал нотлон харууллаа гэж хэлж болно. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн “Беларусь бол Азиас Европ руу нэвтрэх хаалга. Монгол бол Европоос Ази руу нэвтрэх хаалга. Энэ хоёр хаалганы босгыг нь ямагт элээж, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад манай хоёр орны хамтын ажиллагаа маш чухал” хэмээсэн үгээр энэхүү нуршуу бичвэрээ өндөрлөе.
Урианхан Б.Галаарид