Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна.
Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Шинэ коронавирусийн дэгдэлттэйгээр холбоотойгоор орон нутгийг зорих зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргаж байгаа юм. Тухайлбал ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгийн, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлүүдэд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Хот хооронд өдөрт 76 чиглэлд дундажаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Эдгээр өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр нийт 36500 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд 7 аймагт 24 цагийн ажиллагаатай зам дундын хяналтын пост ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар тус үйлдвэрийн газрын Хөдөлгөөний улиирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэллээ.
Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар харьцангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд хүрсэн хэдий ч ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул эдгээр өдрүүдэд мөн нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөвлөж, бэлэн байдалд ажиллана гэдгийг албаныхан хэллээ.
АТҮТ-өөс жилдээ 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2,6 сая зорчигч хот хооронд зорчдог бөгөөд цаг агаар болон замын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээг даатгалын байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг талаар тус үйлдвэрийн газраас мэдээлэв.