Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хичээлийн шинэ жилийг угтан “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулснаас гадна харьяа байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, мөн Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өглөө.
Мөн харьяа байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээгээ иргэд олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж, ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцасны талаарх мэдээлэл, ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, холбогдох мэдээлэл, нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагаа, Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр лхагва гарагт буюу 8 дугаар сарын 21-ний 09:00-17:00 цагт БСШУС-ын яамны гадна талбайд үргэлжилж, эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм.