Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” ХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хороо нь “УИД” ХК-тай 2017 онд “УИД ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-г байгуулж тус гэрээнд “УИД ХК-ийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх...” гэж заасан. Гэвч “УИД” ХК нь “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Үүний улмаас “УИД” ХК нь 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах, нэгж хувьцаанд 2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг тус тус алдсан байна гэж шалгалтын ажлын хэсгээс дүгнэлээ.
Түүнчлэн “УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын ерөнхий прокурорын газарт хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн шалгалтын ажлын хэсгээс “УИД” ХК-ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.