-Аминаас үнэтэй ажил, хурд гэж байхгүй-
Зуны дэлгэр цаг ирлээ. Аялал зугаалга гээд иргэд хөдөө, орон нутгийг зорих урсгал нэмэгддэг. Гэвч манай улсад "зарлаагүй дайн" болж буй талаар удаа дараа албаныхан мэдээлж, сэрэмжлүүлсээр байгаа. Гэхдээ бид тоодоггүй, үл ойшоосоор л байгаа. Энэ дайн өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Харин ч өсөх хандлагатай байна.
Гэр рүүгээ биш үхэл рүүгээ яарсан уу гэлтэй хүмүүсийн тэвчээргүй, хүлээцгүй байдал өөрийнх нь төдийгүй гэмгүй зорчиж буй бусдын амь насанд хүрэхэд нөлөөлөөд байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд үргэлжилсэн бороо орсны улмаас зам эвдэрчихээд хаачихаад байхад л эвдэрч, хагарсан замаар зорчих гэж зүтгээд байгаа иргэдийн талаар ТВ-5 телевиз сурвалжилсан.
Тэдний амь насыг хариуцаж байдаг тээврийн цагдаагийн албан хаагчид анхааруулж хэлээд байхад л тэдний үгийг үл хайхран "хулгайн зам"-аар буюу автомашин явж болох эсэх нь батлагдаагүй замаар... зүтгэсээр ТАВАН ХҮН АЛТАН АМИА алдав. Үүнийг жишээ болгон хэлээд байхад л жолооч нар бид явчихъя, манайх энүүхэн энд гээд зүтгэх нь тэдний ухамсар, тэвчээргүй нь илтэд мэдэгдэж байгаа юм.
Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар осол гаралт буурсан аж. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Мөн осолд өртсөн нийт авто машины 11 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг.
Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар болсон байна. Ийнхүү тэд ард иргэдийнхээ амь насны төлөө нойр, хоолгүй ажиллаж байхад жолооч нар харин өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ амь насыг гартаа атгаж яваа гэдгээ санаж ЯАРАХГҮЙ явахыг сануулъя.
Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. 2018 онд 29474 ослын дуудлага ирсэнээс 562 хүн нас барж, 3548 хүн гэмтсэн ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарчээ. "Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд маань ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж яаралгүй явахыг" анхааруулж байна.
Түүнчлэн "Иргэд, жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд бүгдээрээ гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна" хэмээн Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат онцлов.
Эх сурвалж: ЦЕГ- ТЦА |