Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат огт хөрөнгөгүй болоод Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авсан гэж үү

Элдэв янзын зөрчилтэй, хууль бус зээлийн гэрээгээр Хөгжлийн банкыг хөлдөө чирж буй долоо найман компанийн нэг нь “Эрэл” компани ажээ. Тус компанийн захирал Б.Эрдэнэбат  тухайн үед Хөгжлийн банканд төвлөрч байсан  “Чингис” бондын хөрөнгөөс ямарч барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авсан байлаа. Тэрээр энэхүү хууль бус зээлийг хоёр тасалж авсан бөгөөд эхлээд 14 сая ам.долларын зээлийг барьцаагүйгээр авах үед Хөгжлийн банкныхан юу ч дуугараагүй, чимээгүйхэн өгөөд л явуулжээ. Дараа нь удалгүй есөн сая ам.доллар зээлдэхдээ Б.Эрдэнэбат нь дахиад л барьцаа хөрөнгийн баталгаагүй байхад Хөгжлийн банкныхан урьдын адил үг дуугүй шууд хүссэн хэмжээгээр нь олгосон байв. Ухаандаа, Б.Эрдэнэбат нь хэмжээгүй эрх мэдэлд дураар умбах эзэн хаан шиг аашилсан юм билээ. Энэ тухай хэвлэл мэдээллийнхэн сүүлийн гурван жил бараг тасралтгүй бичиж нийтэлж байна. Тэр бүү хэл, АТГ-ын мөрдөгчид өрөө тасалгааг нь нэгжих үеэр Б.Эрдэнэбат гэнэт дүрэлзтэл уурлан нэгийг нь  цохиж унагахаа шахсан хэрэг нь ч ихээхэн дуулиан тарьж байлаа. Цагдаа, авлигатай тэмцэгчид түүнийг Хөгжлийн банкныхантай хээл хахуулийн тохироо хийсэн байх магадлалтай гэж үзээд тийнхүү нэгжиж  шалгасан хэрэг л дээ. Харин сүүлдээ Б.Эрдэнэбатын хэргийг хэрхэн яаж шийдэх гэж байгаа нь өдрөөс өдөрт улам бүдгэрсээр өдий хүрчээ.

Б.Эрдэнэбат уг нь барилгын салбарт хүч үзэхээс гадна Эрэл банк болон уул уурхайн 36 лиценз зэрэг хур хөрөнгө ихтэй, толгой баячуудын нэг юм. Түүнд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө зөндөө олон бий. Үл хөдлөх нэг ч  хөрөнгөгүйдээ тийм их хэмжээний зээл авсан гэвэл том эндүүрэл болно. Харин яагаад зээлийн барьцаанд юу ч тавиагүй вэ гэдэг нь хуулийнхнаас гадна жирийн иргэдийн гайхлыг төрүүлээд байгаа юм. Мөн барьцаагүй зээл олгосон банкны удирдлагууд нь  одоо болтол яагаад хариуцлага хүлээсэнгүй вэ гэдэг асуудал ч зүй ёсоор сөхөгдөх учиртай. 

Тэгвэл саяхан Б.Эрдэнэбатын дээрх зээлтэй холбоотой асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэхдээ “...Эрэл компанийн хувьд зээлийн эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн компанийн нэг бол мөн. Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон хэмжээний дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх, угсрах хэмжээний үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана...” гэлээ. Харин зарим эдийн засагчид “Эрэл”-ийн байшин үйлдвэрлэх комбинат нь Хөгжлийн банкны зээлээс гадна Герман улсын  Коммерц банкнаас 13.1 сая еврогийн зээлээр босож байгаа тул төрийн өмчит үйлдвэрийн газар болгох боломжгүй” гэж байна. Эндээс харахад хэрвээ Б.Эрдэнэбатын Хөгжлийн банкнаас хууль бусаар авсан зээлийн барьцаанд байшин үйлдвэрлэх комбинатыг нь төрийн мэдэлд хүчээр авахад хүрвэл шүүхийн томоохон маргаан үүсэх ажээ. Гэхдээ бас баталгаагүйгээр тийм их хэмжээний зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагад хариуцлага тооцохгүй л бол болохгүй.  Мөн шүүх дээр Б.Эрдэнэбатын энэ хэргийг шийдэхдээ зээлийн хугацааг нь тодорхой хэмжээгээр сунгаж байгаад ч хамаагүй байшин үйлдвэрлэх комбинат болон бусад аж ахуйн орлогоор нь заавал төлүүлэхээс өөр замгүй ажээ.

О.Баяр

Эх сурвалж:Түмэн.мн

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ОНЛАЙН БОЛОН БИЕЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА
МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ОНЛАЙН БОЛОН БИЕЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.