ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” 2019 оны 05 дугаар сарын 20-нд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөв.
Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар бүтэн өдөр чууллаа.
Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “Манай улсад ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хууль эрх зүйн орчин зохих ёсоор бий болсон ч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо төдийлөн буурахгүй байна. Өнгөрсөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар багасч нийт бүртгэгдсэн ослын 20 гаруй хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ. Нийт бүртгэгдсэн ослоос нас барсан осол 30 байгаа нь 2017 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд удаа дараалан гарлаа. Эдгээр ослуудын гарсан шалтгаан, нөхцөлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын судалсанаас үзэхэд уурхайд гарсан ослын хувьд ил уурхайн олборлолтын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөөгүйгээс нуралт үүсч хүний амь эрсэдсэн бол цэвэрлэх байгууламжийн хувьд техникийн гэмтэл гарсны улмаас хорт хийнд хордож амь насаа алдсан байна. Иймд хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтан хүн бүр ХАБЭА-н тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж ажиллах зүй ёсны шаардлага тулгараад байна. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь оношлох, эмчлэх, ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах талаар цаашид анхаарч, мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилга байгууламжийг шинээр барих санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг онцгой анхаарч ажиллах шаардлага байна. Бидний өнөөдрийн зохион байгуулж буй чуулганы зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлж, хамтын хүчээ нэгтгэх явдал юм. Иймд хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад хөдөлмөрийн хяналтыг эрчимжүүлж, хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу нийгмийн түншлэлийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулахад бүх түвшинд анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон.
Харин ХНХ-ын сайд С.Чинзориг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн бодлогын үндэс нь “хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах”-д чиглэгддэг. Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ. Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 1055 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Тиймээс Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгож буй төлбөр, зардлын 1 хувийг урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны зардалд зарцуулдаг ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, осолдогчийг хуучин ажлын байранд нь эгүүлэн ажиллуулахад эрүүл мэндийн болон мэргэжлийн нөхөн сэргээлт хийх, тэдгээрийн санхүүжүүлтийн эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай” гэдгийг тодотголоо.
Эцэст нь мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон иргэний эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадварыг сэргээж эргээд ажилтай, орлоготой болгоход мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эмчлэх, ажилтнуудын хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, сувилах чиг үүрэг бүхий мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилга шинээр барих санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгаж, шийдвэрлүүлэх хэрэгтэйг онцолсон юм.
ХАБЭА-н үндэсний чуулган 3 салбар хуралдаанд хуваагдан явагдсан.
ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгээр удирдуулсан эхний салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр эрсдэлтэй салбар буюу зам тээвэр, уул уурхай, барилгын салбарын ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, чуулганы зөвлөмжинд тусгах саналыг нэгтгэсэн юм.
Харин хоёр дахь салбар хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулав. Тус салбар хуралдаанаар “Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилсан сэргийлэлт” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Ингэхдээ ОХУ-аас ирсэн Ангарскийн Дорнод Сибирийн дээд сургуулийн багш Елена Александровнагийн илтгэл хуралдаанд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Тиймдээ ч мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй холбоотой олон асуудалд оновчтой хариулт өглөө гэдгийг оролцогчид онцолсон.
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяраар удирдуулсан салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Япон улсын “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима-гийн Япон улсын ХАБЭА-н салбарын туршлага, ололт амжилтын талаарх илтгэлийг оролцогчид илүүтэй сонирхож байлаа.
Гурван салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг танилцуулав.
Тодруулбал,
-ХАБЭА-н хууль тогтоомж стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагад ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах
-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн тоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх
-Аймаг сум дүүргийн эмнэлгүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний анхан шатны үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх
- Аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд, үйлдвэр аж ахуйн газруудад МШӨ-ний улмаас ХЧА иргэдэд зориулсан нөхөн сэргээх танхимыг ажиллуулах
-МШӨ-нийг оношлох, эмчлэх сувилах барилгын санхүүжилтийг шийдвэрлэх
-ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар аж ахуйн түвшинд шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах
-Малчид, тариаланчдад үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргаа ХХААХҮ-ийн яамтай хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх
-Сургалт судалгаа статистикийн мэдээллийг хөгжүүлэх чиглэлээр ХАБЭА-н ажилтанг мэргэшүүлэх, МШӨ-ний мэдээллийг эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэлд оруулах зэрэг дараах зөвлөмжийг чуулганаас гаргалаа.
Тэрбээр чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулганыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Олон жилийн судалгаа мэдээллийн үр дүнг хэлэлцсэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, гарц гаргалгааг хайсан чухал арга хэмжээ боллоо. Энэхүү чуулганыг жил болгон зохион байгуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ жилийн чуулганаас гарсан санал, зөвлөмжөө ажил хэрэг болгож, дараагийн чуулганаар үр дүнгээ хэлэлцэх нь илүү чухал” гэлээ.
Түүнчлэн чуулганд оролцсон төлөөлөгчид ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдсэн олон чухал зөвлөмж, санал санаачлагыг дэвшүүлсэн төдийгүй чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь илүү ач холбогдолтой гэдгийг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудад сануулж байсан юм.
ХАБЭА-н талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, ХАБЭА-н эрх зүй стандартын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, жишиг түвшинд хүргэн нийцүүлэх, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулсан.