Номонд хайртай хүүхэд багачууд, хүүхдээ номын ертөнцтэй шадарлуулах хүсэл эрмэлзлэлтэй ээж аавууд, эрдэмтэн судлаачид, номыг бүтээгч баг хамт олныг нэгэн доор уулзуулсан “Ач тусын тухай үлгэрүүд” цуврал номын баяр Шинийн 15-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү номын баярт 200 гаруй хүүхэд багачууд үндэсний дээлээрээ гоён ирж дуртай номынхоо уран бүтээлчидтэй уулзлаа.
“Ач тусын тухай үлгэрүүд” цувралын гол зорилго нь өнөөгийн нийгэмд хүүхэддээ сайн сайхныг харуулах, үлгэрлэх, сургах гэсэн эцэг эхчүүдийн хүсэл эрмэлзэлд тус нэмэр болох явдал гэж номыг бүтээгчид онцолж байна. Залуу уран бүтээлчдийн гаргаж байгаа энэхүү зурагт үлгэрт Монгол хаад, хатад, цаашлаад орчин цагийн баатруудын бага насны дүрээр дамжуулан хүүхэд багачуудад бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэн амьдралдаа мөрдлөг болгох хийгээд хүний зан чанарын сайн талуудын ач тусыг ойлгуулах олон сонирхолтой өгүүлэмжүүд багтжээ.Үлгэр бүр нь нэгэн шинэ зүйлийг нээж заадаг ач тустай. “Өгөөмөр охин Өэлүн”, “Тусч охин Бөртэ”, “Эрдэмт охин Сорхугтани”, “Сониуч охин Есүгэн”, “Цэцэн охин Мандухай” гэсэн охидуудад зориулсан эхний 5 цуврал хэвлэгдэн гарсанаас хойш хэзээний өөрийн гэсэн уншигч фэнүүдтэй болоод амжсан байна.
Баярт ирсэн судлаачид номын үг найруулгын баялаг уран хийц, өнгө үзэмж тэргүүтэн нь дутагдаад байгаа орон зайг нөхөж дэлхийн жишигт хүрсэн үндэсний контент болж чадсаныг олзуурхан хэлж байлаа.
Гоёмсог хатуу хавтастай, өнгө үзэмжтэй зурагтай номонд бодит, түүхэн хүмүүсийн бага насаар зохиомжлон үлгэрийн хэлбэрээр хүүхэд багачуудад энгийн ойлгомжтойгоор зөв хүн байхыг таниулахыг уран бүтээлийн баг эрмэлзжээ. Тухайн үлгэрийн баатрын түүхэн намтар, үлгэрт ашиглагдсан монгол үгийн тайлбар бүхий танин мэдэхүйн мэдээлэл орсонд эцэг эхчүүд талархалтай хандаж байлаа. Нийт 30 гаран дугаар гаргахаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар эхний 5 үлгэр бэлэн болж уншигчдынхаа гар дээр очжээ.
“Монгол охид гадаадын хэн нэгэн алдартай хүн шиг болохыг мөрөөдөхөөс илүү өөрийнхөө үндэсний түүхэн баатруудаас үлгэр дуурайл авч, хүсэл мөрөөдөлдөө өнгө нэмж өсч хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч ном бүрээ эрхэмлэн бүтээлээ” хэмээн уран бүтээлийн багийнхан ярьж байна. Тус цуврал бүтээлийн ерөнхий продьссероор С.Лхагва, зохиолчоор Э.Эрдэнэцэцэг зураачаар Б.Энхтөр нарын залуус ажиллаж байгаа юм байна. “Ач тусын тухай үлгэрүүд” цувралыг эрхлэн гаргагч Биплас Паблишинг ХХК нь гадаадын алдартай хүүхдийн ном уран зохиолыг зохиогчийн албан ёсны зөвшөөрлийн дагуу орчуулан, эмхэтгэн гаргаж ирсэн ба хүүхэд багачуудад Понийн түүхүүдээр танигдсан билээ. Зөвхөн адал явдалт ном, комикоор тэдний ажил зогсоогүй. Мөн шинэ технологи оруулж ирэх зорилгоор хамгийн анхны AR технологи дээр суурилсан буюу хийсвэр бодит дүрслэлээр үзэж болох ан амьтдын тухай танин мэдэхүйн цуврал номуудыг орчуулан гаргасан нь эцэг эх хүүхэд багачуудын талархлыг хүлээсэн цуврал болсон байна.
Өнөөдрийн байдлаар тухайн хамт олон Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө зохиолч, орчуулагч, редактор, зураач, хэвлэлийн дизайнер, борлуулагч, арын алба гээд олон хүнийг хамарсан том багаар гар нийлэн ажиллаж Ач тусын үлгэрүүд цувралын дараагийн үлгэрүүдээ бүтээж байна. Хөвгүүдэд зориулсан хаадын цуврал тун удахгүй уншигчдын хүртээл болно гэдгийг тус хамт олон онцлож байлаа.
“Ач тусын тухай үлгэрүүд” Интерном, Мир, Азхур, Мажестик номын дэлгүүр болон Номин, Миний дэлгүүрийн сүлжээгээр зарагдаж байна.