Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын захирагч, БХБ-ын сайдтай уулзаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100 мянган айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “100 мянган айлын орон сууцыг барих нь Нийслэлийн төдийгүй Монгол улсын хувьд үнэхээр чухал асуудал. Маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Зарим нь тооцоо судалгаатай,  зарим нь судалгаа тооцоогүй. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байдаг. Цаашдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтарсан байдлаар асуудлуудаа шийдвэрлэх боломжууд бүрдэж байна.

Бид Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гаргаад ажиллаж  байна. Үүнтэй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрөл, нягтралыг сааруулахад Налайх, Багануур, Эмээлтийн үйлдвэр, технологийн паркууд маш чухал нөлөөтэй учир та бүхэнтэй хамтран бусад шийдлүүдийг гарган ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна” хэмээн онцолж байв.

Мөн тэрээр 100 мянган айлын орон сууцыг барихын тулд одоо чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, дээр нь хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэв.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дээр манай яам, хотын захиргаатайгаа хамтраад маш хурдан ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдтай уулзаад асуудлаа бэлдэж тавиад шийдүүлэх зөв юм. Хоёр талаас нийлээд өргөн хүрээнд ажиллах Ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулан  байгуулъя. Энэ ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гарган ажлаа хэрэгжүүлээд Ерөнхий сайдад танилцуулья. 

Дараагийн шийдвэрлэх ёстой асуудал бол цэвэрлэх байгууламуийн асуудал юм. Бид шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээгээ байгуулж, компаниа сонгосон байгаа. Энэ бол урт хугацааны асуудал. Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа. Технологийн горим алдагдсан гээд байгаа усгүйжүүлэх төхөөрөмжийн тендерийг зарласан, суурилуулж байгаа. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна, ингэсгээр цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна” гэв.  

Уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхантай хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр болон 972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.