Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: \“Синчи ойл\“-ын Баянхошуунд байрлах \“Синчи газ\“ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан

Энэ сарын 2-ны өдрийн 16.20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрлах “Синчи газ” газ түгээгүүрийн газарт хий алдагдаж, Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газрыг хамгаалалтад аван шуурхай ажиллан, алдагдсан хийг саармагжуулах, агаарын чанарыг хэмжилтийг тэг хүртэл болгож аюулгүй болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос тодрууллаа.

 -Хий алдагдсан нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-НМХГ-аас аюулгүй байдлыг хангах ажиллагаа хийж, дахин хий алдагдуулахгүй байх, ойр орчмын иргэдэд нөлөөлөхгүй байх, тог цахилгаан гаргахгүй байж галын аюул ослоос хамгаалах арга хэмжээг авч ажилласан. Баянхошуунд байрлалтай Синчи газ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй зөрчилтэй байсан.  Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр албан даалгавар хүргүүлж, Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, үйл ажиллагааг явуулахгүй байх шаардлага хүргүүлж байсан. Үүний дагуу хоёр удаа гүйцэтгэлийн шалгалт хийхэд үйл ажилалагаа явуулаагүй байсан.

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаад хий алдсан гэсэн үг үү?

-Манайхаас зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаа явуулж болно гэсэн шаардлага тавьдаг. Синчи газ хийн станцийн хувьд ямар зөрчил байгаа гэхээр түрүү жилийн шалгалтаар бол тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч зураг төслийг баталдаг. Гэтэл төр зураг төсөл нь байхгүй. Зураг төсөлгүй бол дараагийн зөвшөөрлууд угаасаа олгогдохгүй.

 Нэг сард хийсэн шалгалтаар зураг нь батлагдсан байсан ч хамгийн гол улсын комисст хүлээлгэж өгөөгүй байсан. Ямар ч обьект байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгснийхөө дараа үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг.

-Синчи газын зүгээс ямар тайлбар хийсэн бэ?

-Синчи газаас туршилт тохируулга хийх гэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Туршилт тохируулга хийж, тоолуураа шалгаж болно. Гэхдээ үүнийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч хийх  ёстой. Хий дамжуулах түгээгүүр гэдгээрээ туршилт тохируулгын арга хэмжээг авч байж үйл ажиллагаа явагдах ёстой. Манай зүгээс зөвшөөрөлгүй гээд үйл ажилгааг нь зогсоосон байхад өөрсдөө дур мэдэн үйл ажиллагааг нь нээгээд ийм зүйл болсон гэж үзэж байгаа. Тэд ч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байгаа.

-Тэгээд хий алдсан гол шалтгаан нь юу байв?

Түгээгүүрийн хоолойд  орж ирж байгаа газыг шүүдэг цэвэрлэдэг маш олон тоног төхөөрөмж байдаг. Тэр орж ирсэн шингэнийг тоолдог хэмжүүр байдаг.  Тэр нь цууралт өгч хий алдагдсан байсан. Юунаас болж цуурсан шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа.  Үйлдвэрийн гэмтэл үү, өөрсдийнх нь буруутай үйл ажиллгаанаас шалтгаалсан уу гэдгийг тогтооно.

-Хий алдагдаж, гал гарах магадлал өндөр байлаа. Үүнийг дагаад ойр орчмын айл өрх, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр учирч болох эрсдэл ч ойрхон байлаа шүү дээ.

Хий алдах үед хэн нэгэн тамхи татах гээд шүдэнз зурсан, эсвэл оч хаядаг машин явж байсан эсвэл хий авахаар тэнд ирсэн бол гал гарч хүний эрүүл мэнд хохирох асуудал үүсч болох байлаа. Гэвч тийм зүйл азаар болсонгүй. Дээрээс нь цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрынхан шуурхай арга хэмжээ авч хийг саармагжуулах ажлыг маш чанартай, хурдан хийсэн байсан.  Усаар шүршиж , шороо асгаж цэвэрлэгээ хийсэн байсан.

- Хэдийгээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадсан ч үүнээс их хэмжээний хий алдаж гал гарсан бол гэхээс үнэхээр аймшигтай байна.

Сайн тал нь хүн гэмтэж, амь нас эрүүл мэндээр хохирсонгүй. Тоног төхөөрмж нь хий алдахад автоматаар хаагддаг зориулалттай юм. Тэр автомат хаалт нь ажилласан байсан. Түүн дээр манайх шалгалт хийсэн. Хий дамжуулах шугамаар явж байгаад түгээгүүрт ирээд хий алдсан мэдээлэл өгөхөд хийн савны дээрх хаалт нь автоматаар хаагддаг. Гэхдээ хий дамжуулах шугамаар явж байгаа 30-40 литр хий үлдэж явсан байж таарна. Тэр нь цацагдчихаж байгаа юм. Тоноглолоо дүрмийнхээ дагуу хийсэн боловч шингэн тоологч цуурснаас болж ийм асуудал үүссэн байгаа юм.

-“Синчи-Ойл” ХХК хэдэн салбартай вэ? Бусад салбарын тухайд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юу?

-Синчи-Ойл компани нь нийслэлд 7 салбартай. Бензин болон газ борлуулдаг байгаа. Зөвхөн энэ шинэ салбар дээр л ийм асуудал үүссэн. Бусад салбар нь хэвийн ажиллаж байгаа.

 -Зөвшөөрөлгүй хэрнээ удаа дараагийн шаардлагыг биелүүлэлгүй үйл ажиллагаагаа явуулсан байна. Үүнд ямар хаиуцлага ногдуулах вэ?

-Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа бол хийгдэж дуусаагүй байгаа. Шинжилгээний дүн тодорхой болохоор энэ асуудал бүр тодорхой болно. Гэхдээ манай байгууллагаас  зүгээс өмнө нь зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгсөн. Одоо бол хаах тогтоол гаргуулах, үйл ажиллагааг нь зогсооно. Прокурорын зөвшөөрлөөр үйл ажиллагааг нь хаах ажиллагаа хийгдэж байна.

Х.Соёл

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.