Ирэх долоо хоногт нээлтээ хийх гэж буй "Би нар" киноны шинэ дуу мэндэлсэн байна. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, "GUYS 666" хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг нэмсэн байна. Клипний зураг авалтад дуучид бяцхан үрстэйгээ тогложээ.
"Би нар" киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд Монголын нийгэмд 1990-ээд оноос хойш өрнөж буй үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе, хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны нандин холбоо, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон байна.
Дашрамд мэдээлэхэд, "Би нар" кино нь бүх насныханд зориулагдсан юм байна.