УУХҮ-ийн Сайдын 2018 оны багцаас 1.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү эх орондоо түргэн шуурхай тодорхойлох боломж бүрдсэн нь эл салбарт томоохон хувьсал авч ирж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.
Тус лабораторийн нээлтийн ёслолд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны Доктор, Профессор О.Гэрэл, ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэн, Доктор Д.Оролмаа, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм.
Чулуулгийн үнэмлэхүйн насны лабораторийн нээлтийн арга хэмжээнийн үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Геологи бол дэлхийн үүслийн түүхийн тухай шинжлэх ухаан бөгөөд геологийн хөгжлийн түүхийг судлах үндсэн аргачлал нь чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл энэ судалгааг шинжлэх ухааны түвшинд, эх орондоо тодорхойлох боломж энэхүү тоног төхөөрөмжийг Геологийн төв лабораторид суурилуулснаар бүрдэж байна.
Энэхүү үйл явдал нь Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон дэвшил гэж үзэн энд хүрэлцэн ирсэн эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн, судлаачид Та бүхэнд болоод Геологийн төв лабораторийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.
Мөн тэрбээр Геологийн шинжлэх ухааны салбарт технологийн дэвшил, инновац, мэдээлэл, мэдлэгийг эх орондоо нэвтрүүлж, хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй хэлэлцэж, туршлага, мэдлэгээ харилцан хуваалцахад Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэн, их дээд сургуулиуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Лабораторийн нээлтийн ёслолын үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийн үндсэн тоног төхөөрөмж болох лазер абляцитай индукцийн холбоост плазмын масс спектрометрийн иж бүрдлийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатарт албан ёсоор шилжүүлэн өгсөн юм.
“Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори” байгуулахаас өмнө нь жилд 100- 2000 орчим дээжийг гадаадын геологийн албад болон их дээд сургуулиудаар хийлгэдэг байсан аж. Тухайн шинжилгээний зах зээлийн өртөг нь 1 дээжинд 800- 1000 ам.доллар юм байна.
ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн Доктор Д.Оролмаа:
Монголын геологийн судалгаанд шинэ үе нээгдлээ
Чулуулгийн үнэмлэхүйн насны лабораторийн нээлтийн арга хэмжээнийн үеэр ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн Доктор Д.Оролмаатай энэхүү дэвшилтэт тоног төхөөмжийн талаар цөөн хором ярилцлаа.
-Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори байгуулагдаж байна. Мэргэжлийн хүний хувьд та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголын геологийн судалгаанд үнэхээр шинэ үе нээгдэж байгаатай адилхан зүйл болж байна. Манайд ямар нэгэн геологийн объектийг олон жилийн судалгаанууд геологийн харьцангуй судалгааны аргаар тодорхойлж ирсэн. Одоо бол үнэмлэхүй нас тодорхойлж байгаа энэ шинжилгээ нь үнэхээр геологийн судалгааг зохих хэмжээний шинэ шатанд дэвшүүллээ гэж бодож байна.
Өмнө бид гадны Хятад, Япон улсын байгууллагуудыг гуйж шинжилгээ хийлгэдэг байсан бол одоо ингээд Монголдоо хийлгэж, эргэх холбоотой болж байгаа нь маш сайн байна.
-Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний багаж, арга аргачлал, хүний нөөцийн тал дээр цаашид юу анхаарах шаардлагатай байна вэ?
- Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний багаж тоног төхөөрөмж бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм. Тиймээс энэ сүүлийн үеийн төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийн ур чадвар, мэдлэг боловсрол нь дутмаг байж болохгүй шүү дээ.
Энэ тал дээр Геологийн төв лаборатори анхаарч, инженерүүдээ Япон улсад энэ чиглэлээр сурч, мэргэшүүлсэн нь талархалтай санагдлаа. Мөн багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах орчин нөхцөл сайн хангагдсан байна.
Цаашид сургалт семинарыг хэрэглэгчид бидний хүрээнд, геологичдод болон судалгаа шинжилгээний ажилтан, оюутан сурагчдын дунд зохион явуулж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээний үр дүнг ашиглах хэрэглэгч нарт хандаж хэлэх таны үг?
-Яг зөв. Хэрэглэгчид ийм сайхан бололцоо бүрдүүлээд өгч байхад, зүгээр нэг үр дүнгээ авчаад үүнээс би юуг нь ойлгож, ямар дүгнэлт хийх вэ? гэдэг тал дээр өөрсдийнх нь мэдлэг боловсрол хамт ахиж байх ёстой. Үүнд манай геологичид анхаараасай гэж бодож суулаа. Геологийн ажил дээр ихэнх хүмүүс “Өмнө нь ийм байсан, цаашид ийм л байх ёстой” гэж үзээд байдаг. Тэгэхээр энэ шинжилгээгээр илүү нарийн сайн тодорхойлж тайлбарлаж өгөх бололцоо бүрдүүлж өгч байгаа нь их чухал.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам